А.Халиун
Ашигт малтмал, газрын тосны газрын Ашигт малтмалын хайгуулын хэлтсээс 2025 онд хийх хайгуулын ажлын төлөвлөгөөг аж ахуйн нэгжүүдээс авч эхэлжээ. Геологи хайгуулын ажлын өнөөгийн байдлын талаар Ашигт малтмалын хайгуулын хэлтсийн дарга Ү.Ганбаатараас энэ талаар тодрууллаа.
Улсын хэмжээнд өнөөгийн байдлаар хэчнээн тусгай зөвшөөрөл олгоод байна вэ?
Ашигт малтмал, газрын Тосны газраас өнгөрсөн хугацаанд нийт 2760 тусгай зөвшөөрөл олгосноос 1760 нь ашиглалтын, 953 нь хайгуулын тусгай зөвшөөрөл байна. Хайгуулын 953 тусгай зөвшөөрлийн 184 нь үйл ажиллагаа явуулах нэгдсэн төлөвлөгөө илгээсэн.
Харин 1760 ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосны 10% буюу 170 гаруй нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Дээрх 170 гаруй ААН-ээс мөн 10% нь эдийн засгийн эргэлтэд орж, улс орны эдийн засагт нөлөө үзүүлэх түвшинд уул уурхайн олборлолт явуулж, татвараа төлөөд явж байна гэхэд болно.
Ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацааг 30 жил буюу урт хугацаагаар олгодог тул дийлэнх нь хөрөнгө оруулалт зэрэг бусад асуудлын улмаас зогсонги байдалтай байна.
Олгосон тусгай зөвшөөрлийг ашигт малтмалын төрлөөр нь ангилах боломжтой юу?
Жишээлбэл, хайгуулын тусгай зөвшөөрлийг ашигт малтмалын төрлөөр нь ангилахад амар биш. Тусгай зөвшөөрөл анхнаасаа "нүүрсний, алтных" гэх мэтээр ялгаж олгодоггүй. "Ашигт малтмал хайх" гэсэн ерөнхий нэршлээр олгодог. Жишээ нь, зэсийн хайгуулын ажлын явцад алт илэрч болно. Энэ тохиолдолд үргэлжлүүлэн алтны хайгуул хийгээд явах боломжтой байдаг.
2024 онд хэчнээн ААН-ээс хайгуулын ажлын төлөвлөгөө ирсэн бэ?
Бид 2025 оны хайгуулын ажлын төлөвлөгөөг хуваарийн дагуу 4 дүгээр сарын 15-ныг хүртэл хүлээн авна. Хоёрдугаар сарын 12-ны өдрийн байдлаар 184 аж ахуйн нэгж төлөвлөгөөгөө илгээгээд байна.
2024 оны мэдээг танилцуулахад, ААН-үүд 1274 тусгай зөвшөөрөлтэй талбайд гүйцэтгэх хайгуулын ажлын төлөвлөгөө батлуулахаар ирүүлсэн. Үүний 1140 төлөвлөгөө хайгуулын ажил эрхлэх боломжтой болох нь батлагдаад байна. 1140 гэдэг нь сүүлийн жилүүдийн ажлуудтай харьцуулахад өндөр үзүүлэлт. Мөн 46 төлөвлөгөөнд нэмэлт засвар оруулахаар буцаасны 34 нь шинэчилсэн төлөвлөгөөгөө манай байгууллагад илгээсэн гэсэн дүн мэдээтэй байна.
ААН-үүд хайгуулын ажилд жилд хэдий хэрийн хөрөнгө зарцуулж байна вэ?
2020 онд 84 тэрбум, 2021 онд 196 тэрбум, 2022 онд 192 тэрбум, 2023 онд мөн 190 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. 2019-2020 он буюу цар тахлын жилүүдэд хайгуулын ажил үндсэндээ зогсонги байдалд орсон. Цар тахлын үр нөлөөгөөр 2020 оноос хойших хоёр жилд хайгуулын салбарт мэдэгдэхүйц доголдол гарсан. Харин сүүлийн хоёр жилд хайгуулын ажил сэргэж байна.
Монгол Улсын экспортын орлогын 90 гаруй хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлж байна. Ашигт малтмалын хайгуулын ажил уул уурхайн олборлолтын салбарынхаа өмнө нь явах ёстой. Ашигт малтмал, газрын тосны газраас хайгуулын ажлыг дэмжих чиглэл баримталж ажилладаг.
Гэвч бодит байдал дээр хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо 1700 давчихаад байхад 10% нь ашиглалтын зөвшөөрөл болгож, үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр хайгуулын ажлыг эрчимжүүлж, хөрөнгө оруулалт татах замаар ашигт малтмалын дараагийн шинэ ордуудыг нээх, шинээр уурхай ашиглалтад оруулах шаардлага бий.
Улс төрийн шийдвэрээс болж хэсэг хугацаанд хайгуулын ажил зогсонги байдалд орсон гэж салбарын мэргэжилтнүүд шүүмжилдэг. Энэ байдал шийдэгдэж, хэвийн хэмжээнд хүрсэн гэж ойлгож болох уу?
Хайгуулын ажлыг эрчимжүүлэх зорилгоор манай байгууллага 2015 оноос эхлэн Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг жил тутам олгож байна. Сонгон шалгаруулалтаар жилд 150-200 тусгай зөвшөөрөл олгодог гэсэн үг. Мөн үүнээс хайгуул хийх, хайгуул хийгээд үр дүн гарч байгаа нь хэд вэ гэдэг тусдаа асуудал.
Хайгуулын салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж буй ямар хүчин зүйлс байна вэ?
Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасан гэрээг байгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ашигт малтмалын төрөл, ордын ХЭМЖЭЭНЭЭС үл хамааран харилцан адилгүй хөрөнгө оруулалт оруулахыг шаарддаг. Мөн хайгуулын үйл ажиллагаанаас болж ус бэлчээргүй болох, мал амьтны хорогдол гарах, хөрсний үржил шимд сөргөөр нөлөөлнө гэх мэт баталгаагүй үндэслэл гаргаж хайгуулын үйл ажиллагааг эсэргүүцэх, зогсоох шаардлагыг орон нутгийн иргэд болон иргэний хөдөлгөөнийхөн тавьдаг нь хуулийн хэрэгжилтэд ихээхэн саад тотгор болж байна.
Тэгвэл хайгуулын салбарыг хөгжүүлж, хөрөнгө оруулалт татах чиглэлээр цаашид ямар үйл ажиллагаа явуулах хэрэгтэй гэж Та үзэж байна вэ?
Геологийн салбараас үүдэн уул уурхайн олборлолтын салбарыг нэмэгдүүлэхийн тулд юуны өмнө тусгай зөвшөөрөл олгох тоог нэмэгдүүлэх шаардлага бий. Ашигт малтмалын тухай хуульд хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтаар олгоно гэж заасан байдаг. Тиймээс хуульдаа өөрчлөлт оруулж, ганц заалтад хязгаарлагдахгүй хайгуулын тусгай зөвшөөрөл олгох арга замуудыг нэмэх хэрэгтэй.
Хууль эрх зүйн орчныг сайжруулах замаар хөрөнгө оруулагчдыг нэгдсэн найдвартай мэдээллээр хангах тогтолцоог бүрдүүлэх шаардлага бас бий.