Р.Ренчиндулам
Дэлхийн байгалийн хий, газрын тос үйлдвэрлэлийн томоохон компани болох Их Британийн “ВР” сүүлийн жилүүдэд бизнесийн хүрээгээ амжилттай тэлсээр байна. “Reuters” агентлагийн мэдээлснээр тус компани 10 жилийн хугацаатай байгуулсан гэрээний дагуу Энэтхэгийн баруун эргийн ойролцоох хамгийн том ордоос газрын тосны олборлолтыг 44 хувь, хийн олборлолтыг 89 хувиар нэмэгдүүлэхээр болжээ. “ВР” компанийн мэргэжилтнүүдийн тооцоолсноор 1974 онд нээгдсэн Мумбайн ордоос газрын тосны олборлолтыг 44 хувиар нэмэгдүүлснээр олборлолт 65,41 сая тонн болох аж. Харилцан ашигтай байх бизнесийн зарчимд суурилсан дээрх гэрээ үр ашгаа өгнө гэдэгт эрх баригчид итгэл төгс байна. Дэлхийн гурав дахь том нефтийн импортлогч, хэрэглэгч Энэтхэг улс эрчимтэй хөгжихийг зорьж байгаа бөгөөд энэ хүрээнд уул уурхайн салбарт ач холбогдол ч өгч байгаа юм.
Өсөн нэмэгдэж буй олборлолтын ачаар тус улсад газрын тос, байгалийн хийн нэмэлт орлого 10.30 тэрбум ам.доллар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон бусад хураамжаас төсөвт 5 тэрбум доллар орж ирнэ гэж эрдэс баялгийн шинжээчид онцолж байна. Түүнчлэн “BP” компани өнгөрсөн онд 650 сая ам.долларын үнэ бүхий хувьцаагаа эргүүлэн худалдаж авсан байна. Мөн энэ оны эхний улиралд мөн хэмжээний хувьцаагаа эргүүлэн худалдаж авахаар төлөвлөжээ.