Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

ХАВРЫН УЛИРЛЫН ХАМГИЙН ЧУХАЛ АРГА ХЭМЖЭЭ MONGOLIA MINING 2025

Mongolia Mining олон улсын уул уурхайн цуврал үзэсгэлэнгийн 14 дэх удаагийн арга хэмжээ 2025 оны 4 дүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Буянт-Ухаа спорт ордонд зохион байгуулагдана. Жил бүрийн намрын улиралд зохион байгууллагддаг Mongolia Mining үзэсгэлэн өнөө жил уул уурхайн салбарын улирлыг угтан зохион байгуулагдаж байгаагаараа онцлог.

Mongolia Mining үзэсгэлэн нь Монголын уул уурхайн салбарын хөгжил, хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлж, шинэ бизнесийн боломжуудыг нээх, салбарын мэргэжилтнүүд болон бизнес эрхлэгчдийн харилцаа холбоог өргөжүүлэх зорилготой салбарын томоохон арга хэмжээ юм.

Үзэсгэлэнд уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэгчид, хайгуул, олборлолтын компаниуд, уул уурхайн үйлдвэрлэлийн түүхий эд, бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэгчид, түнш байгууллагууд оролцох бөгөөд Монголд үйл ажиллагаа явуулж буй болон уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийх зорилготой олон улсын томоохон зочид, банк санхүүгийн байгууллагууд, салбарын бусад оролцогч гээд 200 гаруй бизнесийн байгууллага оролцохоор бүртгүүлэн, өөр өөрсдийн сонгосон талбайд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилна. Мөн салбарын чиг хандлага, эрдэс баялгийн судалгаа, техник технологийн шинэ шийдлүүдийг танилцуулах, мэдээлэл солилцох чухал платформ юм.

Mongolian Mining 2025 үзэсгэлэнд Монгол Улсын уул уурхайн шилдэг ханган нийлүүлэгчдээс гадна БНХАУ, ОХУ, Канад, Австрали, БНЭУ, Турк, Австрали, Беларусь, Герман, Австри, АНУ, Финланд, Казакстан, Солонгос зэрэг 20 гаруй орны 200-аад байгууллагууд хүрэлцэн ирж оролцоно. Мөн Mongolia Mining үзэсгэлэн Монголын Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлтэй хамтран ажиллаж, тус зөвлөлийн гишүүн мэргэжлийн холбоодын оны хурал, семинаруудын үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулна. Уул уурхайн инженерүүд, геологичид, тэсэлгээчид, өрөмдлөгийн мэргэжлийн семинарууд зохион байгуулагдаж, уул уурхайн салбарынхан мэдээлэл авах, бусдаас суралцах, харилцаа тогтоох нөхцлийг улам таатай болгох юм. 

Жилээс жилд өргөжин тэлж ирсэн Mongolia Mining үзэсгэлэнгийн энэ удаагийн дугаарт үзэж сонирхох зүйл арвин, сурах, судлах зүйл ихтэй, уул уурхайн салбарт бизнес эрхлэгчдэд өгөөжтэй арга хэмжээнүүдээр дүүрэн байх болно. Үүнээс онцлон дурдвал Mongolia Mining 2025 үзэсгэлэнгийн үеэр B2B ( Business to Business) арга хэмжээ зохион байгуулагдах бөгөөд салбарын мэргэжилтнүүд, албан байгууллагууд хоорондоо санал солилцох, шинэ түншлэл байгуулах, бүтээгдэхүүн үйлчилгээний талаар ярилцах, хөрөнгө оруулалт татах зэрэг боломжуудыг олгох юм. Ингэснээр хөрөнгө оруулагчид, үйлдвэрлэгчид болон үйлчлүүлэгчдийг холбох, хамтын ажиллагаа бий болгох хамгийн таатай орчин байх болно. Одоогийн байдлаар B2B уулзалтад олон улсын 10 гаруй байгууллага оролцохоор бүртгүүлээд байна. Мөн Казакстан, АНУ тэргүүтэй олон улсын томоохон бизнес эрхлэгчид Mongolia Mining 2025 үэзсгэлэнгийн өдрүүдэд хөрөнгө оруулалт хийх зорилгоор зочлон ирэхээ мэдэгдээд байна. Таныг Монголын уул уурхайн салбарын хамгийн том арга хэмжээнд хүндэтгэн урьж байна . Дэлгэрэнгүй мэдээллийг: 77773010, 80881187 утсаар аваарай.

MONGOLIA MINING 2025 ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО