Р.Ренчиндулам
ОХУ-ын 2024 оны холбооны төсөвт газрын тос, байгалийн хийн борлуулалтаас олсон орлого 26 гаруй хувиар өсч 108,22 тэрбум доллар болсон талаар “Reuters” агентлаг мэдээлжээ. Нефть, байгалийн хийн худалдаанаас олдог орлого нь Оросын эрх баригчдад санхүүгийн хамгийн чухал эх үүсвэр бөгөөд сүүлийн 10 жилд холбооны төсвийн нийт орлогын гуравны нэгээс доошгүйг эндээс бүрдүүлсээр иржээ. Харин 2023 онд нефтийн үнэ буурч, мөн хийн экспорт буурсан нь орлогыг 24%-иар буурахад хүргээд байсан юм. Мэдээж үүнд Украинтай хийж байгаа дайн сөргөөр нөлөөлж байгаа ч байдал цаашид тогтворжино гэдэгт эрх баригчид итгэлтэй байна.
Ялангуяа геополитикт суурилсан Орос-Хятадын харилцаа Кремлийн эрх баригчдад ашгаа өгсөөр байгаа билээ. Хятад улс Оросын түүхий нефтийн экспортын 47 хувийг эзэлж байгаа. Зөвхөн 2024 оны аравдугаар сараар жишээ авахад Хятад улс Оросоос 3.9 тэрбум еврогийн үнэ бүхий түүхий газрын тос худалдан авчээ.
Түүнчлэн Хятадад нүүрс экспортлогч томоохон таван нийлүүлэгчийн нэг нь Орос улс хэвээр байгаа юм. “Energyandcleanair”-д онцолсноор Хятад улс 2022 оны 12-р сарын 5-наас 2024 оны 10-р сарыг дуустал Оросын нийт нүүрсний экспортын 46 хувийг эзэлж байсан бол Энэтхэг 17 хувь , Турк, БНСУ тус бүр 10 хувийг эзэлж байгаа юм. Байгалийн хийн хувьд Оросын экспортын 29 хувийг Хятад улс эзэлж байгаа бөгөөд энэ тоо цаашид өсөх магадлалтай ажээ.