Р.Ренчиндулам
Хэдийгээр олон улсад нүүрсний гаралтай эрчим хүчийг цэвэр эрчим хүчний шийдлээр солих шаардлагатай талаар их ярьж байгаа ч бодит байдал дээр дүр зураг өөр байна. Ялангуяа нүүрсний зах зээлийн томоохон тоглогч АНУ-ын хувьд эрчим хүчний нүүрсний зах зээл нээлттэй байгаа талаар “Greencitytimes”-д онцолжээ. Нөгөө талаар дэлхийн нүүрсний хэрэглээ аажмаар нэмэгдэж байгаа нь 2025 онд АНУ-ын эрчим хүчний нүүрсний зах зээлд боломж олгож байна.
“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, АНУ-д төвтэй нүүрсний худалдааны компаниудын эрчим хүчний нүүрсний экспортын хэмжээ 2024 оны эхний 11 сард хамгийн их байжээ. Өнгөрсөн жилд дөрвөн тэрбум ам.долларын орлого олсон нь 2018 оноос хойших хамгийн их нүүрсний экспорт болсон байна. Гол хэрэглэгч нь дэлхийн металлургийн зах зээлийн гол тоглогч болох Хятад улс байв. Зөвхөн экспорт нэмэгдэх бус эрчим хүчтэй холбоотойгоор дотоодын хэрэгцээ ч буурах төлөвгүй байна.
АНУ-ын Эрчим хүчний удирдах газар цахилгаан эрчим хүчний салбарын нүүрсний хэрэглээ дотооддоо 0.4 хувиар өснө гэж таамаглаж байна. Цаашид ч өсч болзошгүй байна. Мэдээж зах зээлийн үнийг харгалзан үзэх нь чухал гэдгийг зарим тоо нотолдог. Тухайлбал, 2024 оны аравдугаар сард нүүрсний үнэ 3%-иар өссөн ч дараа сард нь буурсан байна.
Ялангуяа Дональд Трамп Ерөнхийлөгч болж, АНУ-ыг эрчим хүчний тэргүүлэх гүрэн болгоно гэсний дараа нүүрсний салбарынхан идэвхжиж эхэлсэн. Учир нь, тэрээр Америкийн эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх бололцоог олгохын тулд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын гэрээнээс гарсан юм. Энэ нь нэг талаар нүүрсний салбарынханд том боломж олгож байна. Одоогоор АНУ-ын тусгай байгууламжуудад нүүрс нөөцлөх үйл явц хэвийн үргэлжилж байгаа ч нийлүүлэлтээ нэмэгдүүлж магадгүй байна.
Харин нүүрсний үнийн өсөлт болон эрэлт хэр байх нь Орос-Украины дайн, геополитикийн хурцадмал байдал, Трампын хэрэгжүүлэх худалдааны тариф зэрэг үйл явдлууд ихээхэн нөлөөлнө. Тэр тусмаа геополитикийн хурцадмал байдал нүүрсний экспортыг удаашруулах, эсвэл бүр нэмэгдүүлж магадгүйг “Greencitytimes”-д онцолсон байна. Хятад, Энэтхэг, Бангладеш, Тайланд, Индонез, Филиппин зэрэг орнууд Америкийн нүүрснээс тодорхой хэмжээнд хамааралтай хэвээр байна. Эдгээр орнуудад сүүлийн хэдэн жилд нүүрсний импорт нэмэгдсээр ирсэн. Ямар ч нөхцөлд АНУ-аас экспорт үргэлжилнэ гэсэн таамгийг шинжээчид онцолж байгаа юм.