Р.Ренчиндулам
Хэдийгээр Орос-Украины дайн энэ жил дуусна гэсэн хүлээлт байгаа ч Европын эдийн засаг савлагаатай хэвээр байна. Европ дахь гангийн үйлдвэрлэл, тэр дундаа Европын холбооны орнуудад 2022 он хүртэл харьцангуй жигд байсан. “Fastmarkets”-ийн тайланд дурдсанаар бол Европын холбооны улс орнуудын гангийн нийт үйлдвэрлэл 2024 оны эхний 10 сард 109.3 сая тонн болж, 2023 оны мөн үетэй харьцуулахад 2.1%-иар өссөн байна. Гэсэн хэдий ч үүнийг өсөлт гэж хэлэхэд учир дутагдалтай. Учир нь, хэрэглээ эхний улиралд 3%-иар, хоёрдугаар улиралд 1.3%-иар буурсан байна. Орос-Украины дайнтай холбоотой төлөвлөгдөөгүй зардал, эрчим хүчний зардал болон үйлдвэрлэлийн өртөг нэмэгдсэнтэй холбоотой энэхүү уналт 2022 оны хоёрдугаар улирлаас эхэлсэн бөгөөд зээлийн хүүгийн өсөлт, дэлхийн хэмжээнд үйлдвэрлэл буурсны улмаас улам дордов.
“My steel”-д бичсэнээр өнгөрсөн оны 11-р сарын дундуур төв Европт болсон бага хурлын үеэр гангийн үйлдвэрлэгчид 2026 он хүртэл үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө жил бүр тогтвортой байлгах болно гэж мэдэгдсэн боловч эрэлтээс шалтгаалж бодит ажил болох эсэх нь тодорхойгүй байна.
Зах зээлийн эрэлт ган үйлдвэрлэгчдэд ихээхэн бэрхшээл учруулж байгаа ч “Гангийн ногоон хэлэлцээр”-ийн ачаар байдал эргээд сайжирна гэдэгт найдаж байгаа аж. Дэлхийн ган үйлдвэрлэгч хамгийн нөлөөтэй улс болох Хятадын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцаа “ногооруулах”-д онцгой анхаарч байгаа нь өрсөлдөөнийг улам нэмнэ хэмээн шинжээчид онцолж байна.
Европын гангийн нийгэмлэгээс 2026 он гэхэд нүүрстөрөгчийн ялгаруулалт ихтэй импортын бүтээгдэхүүнд татвар ногдуулахаар төлөвлөж байгаа юм. Тэдний үзэж байгаагаар уг бодлого нь нүүрстөрөгч ялгаруулалт багатай үйлдвэрлэгчдийг урамшуулах, байгальд ээлтэй цэвэр технологи нэвтрүүлэхэд дэм болох ёстой ажээ.