Р.Ренчиндулам
Хэдийгээр олон улсын эдийн засгийн хориг, Украинд өрнүүлж байгаа дайн нь ОХУ-ын эдийн засагт хүндрэл учруулж байгаа ч алтны нөөцөө сайн хуримтлуулсан хэвээр байна. Оросын алтны нөөцийн үнэлгээ өнгөрсөн 2024 оны аравдугаар сард 207.7 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд хэмжээндээ хүрсэн билээ. Энэ нь 1999 оны арваннэгдүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт байв. Мөн тус улсын олон улсын нөөц дэх алтны эзлэх хувь 32.9%-д хүрсэн байна.
Тэгвэл энэ жил энэ тоо өсөх магадлалтай ажээ. “World Gold Council”-ийн мэдээлснээр 2024 оны хоёрдугаар сард Оросын алтны нөөц 2.335.85 тонн байсан бол энэ онд 2350 тонн хүрэх таамаглал байгаа юм. Хэдийгээр барууны орнууд Украины дайны улмаас Оросын төв банкны нөөцийн тал орчим хувийг эзэмших эрхийг царцаасан ч Оросын төв банкны удирдлага нөхцөл байдал өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байгаа ажээ.
Тухайлбал, нийгэм, эдийн засаг, аюулгүй байдлын талаарх судалгаагаар олон улсад тэргүүлэгч RAND корпорацийн Европ дахь судалгааны удирдагч Жон Кеннеди энэ талаар хэлэхдээ "Оросууд дэлхийн тэргүүлэгч алт үйлдвэрлэгч болох төлөвлөгөөтэй байгаа. Тиймдээ ч нөөцөө нэмэгдүүлж байна. Алтыг дайны үеийн эдийн засгаа дэмжих, чухал бараа бүтээгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд ашиглаж байгаагийн зэрэгцээ Төв Ази, Африкийн алтны үйлдвэрлэлд ч ихээхэн нөлөө үзүүлж байна” гэсэн юм.
Сонирхуулахад, дэлхийд алтны нөөцөөрөө АНУ тэргүүлдэг. Тус улс 8,133.46 тонн алтны нөөцтэй. Харин Хятад улсын алтны нөөц 2280 тонн бөгөөд энэ нь нийт гадаад нөөцийн 5.5 хувийг эзэлж байгаа юм. Эндээс харахад, ОХУ-ын алтны нөөцөөр тэрүүлэх санаархал энэ онд биелэхгүй нь тодорхой байна.