Р.Ренчиндулам
Сүүлийн үед дэлхийн зах зээл дээр цайрын үнэ бага багаар өссөөр байна. Өчигдрийн байдлаар Лондонгийн металлын бирж дээр нэг тонн цайрын үнэ 3082 ам.долларт хүрчээ. Энэ оны есдүгээр сарын дэлхийн зах зээлийн дундаж үнэ 2837 ам.доллар байсан юм. Хэдийгээр энэ нь 2022 оны дундажтай (3440 ам.доллар) харьцуулахад бага ч гэсэн энэ төрлийн бизнес эрхлэгчдэд боломж олгож байна гэж мэргэжилтнүүд онцолжээ.
Олон улсын Цайрын холбооны гүйцэтгэх захирал Эндрю Грин "Үнийн хэлбэлзэл олон зүйлээс шалтгаалдаг. Хамгийн гол нь, олон улсын улс төрийн ээдрээтэй нөхцөл байдал нь эерэг болон сөрөг нөлөө үзүүлж байна. Сүүлийн өдрүүдэд Энэтхэгийн цайрын хэрэглээ болон эрэлт 1.1 сая тоннд хүрээд байгаа нь тус улсын одоогийн олборлолтоос өндөр байна. Энэ нь дараагийн арван жилд 2 сая тонн болж өсөх төлөвтэй. Одоогийн байдлаар дэлхийн цайрын зах зээлийн эрэлт жилд 13.5 сая тонн орчим байгаа бөгөөд цаашид олборлолт болон эрэлт нэмэгдэх төлөв ажиглагдаж байна” хэмээн business-standard.com-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Мэргэжилтнүүдийн ярьснаар дэлхийн цайрын хэрэглээний бараг тал хувийг эзэлдэг Хятадын эрэлт, нийлүүлэлт үнэд голлох нөлөө үзүүлдэг ч АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн ашигт малтмалын салбарын хөрөнгө оруулалтыг хүлээлгийн байдалд оруулаад байна. Д.Трамп Ерөнхийлөгчийн ажлаа авсны дараа гаргах шийдвэрүүд үнийн өсөлт, бууралтад их нөлөө үзүүлэх юм.
Дэлхийн цайрын үйлдвэрлэлийн 43 хувийг Ази, 30 хувийг Европ, 20 хувийг Америк тив эзэлж байна. Харин нийт боловсруулсан цайрын 50 шахам хувийг зэврэлтээс хамгаалах, 20 хувийг гууль, хүрэл хийхэд, 14 хувийг цайрын хайлш гаргахад, есөн хувийг химийн үйлдвэрлэлд ашигладаг ажээ.
Сонирхуулахад, хайлуулах үйлдвэрт бүрэн боловсруулалт хийж, цэвэр цайр гаргаж авсны дараа машины болон усан онгоцны үйлдвэрлэл, сантехникийн төмөр ба ган хоолойн үйлдвэрүүдэд металлыг зэврэлтээс хамгаалах зориулалтаар ашигладаг чухал материал болдог. Дэлхийн автомашины салбарын 90-95 хувь нь зэврэлтээс хамгаалах зорилгоор цайрдсан ган ашигладаг юм.
Монгол Улсын хувьд цайрын зургаан сая орчим тонн нөөц тогтоогдсон бөгөөд цаашид өсөх магадлал өндөр гэдгийг судлаачид онцолдог. Одоогоор Сүхбаатар аймгийн Төмөртийн овооны ордод “Цайрт минерал” компани үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Тус үйлдвэрт жилд дунджаар 400 мянган тонн цайрын хүдэр боловсруулж, 50 хувийн агуулга бүхий 100 орчим мянган тонн баяжмал үйлдвэрлэн экспортод гаргаж байгаа юм.