Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын нийслэл Исламабад хотноо энэ сарын 15-16-нд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцож байгаа билээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Пакистан Улсад ажиллах үеэр Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын тэргүүн нарын гурван талт уулзалтад оролцож, Пакистан Улсын Ерөнхий сайд Шехбаз Шариф, ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нартай тус тус хоёр талын уулзалт хийхээр төлөвлөөд байна.
Хуралдаанаар оролцогч орнуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны одоогийн байдал, ирээдүйн хэтийн төлөвт анхаарлаа хандуулан гарц, шийдлийн талаар ярилцаж уулзалтын төгсгөлд хамтарсан мэдэгдэл гаргах юм.
ШХАБ-ыг 2001 онд БНХАУ, Казахстан, Киргиз, ОХУ, Тажикстан, Узбекстан улсын удирдагчид байгуулж байсан түүхтэй. Монгол Улсын хувьд тус байгууллагад 2004 онд ажиглагчийн статустай болж, 2007 онд анх удаа ажиглагчаар оролцсон билээ.