Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Үйл явдал

Монгол Улс 47 дахь улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа

Р.Ренчин

Олон улсын худалдаа, эдийн засгийг өргөжүүлэхэд Монгол Улсад тулгамддаг томоохон асуудлын нэг нь газар зүйн байрлал буюу далайд гарцгүй байдал. Тиймээс Монгол Улсын Засгийн газар үеийн үед автозам, агаарын тээврийн хэлэлцээрийг өргөтгөх бодлого баримталсаар ирсэн билээ. Одоогоор Монгол Улс нийт 47 улстай агаарын, 21 улстай автотээврийн хэлэлцээр байгуулаад байна.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 10-13-ны өдрүүдэд Туркменистан улсад төрийн айлчлал хийж, хоёр улсын найрсаг харилцаа, тэр дундаа хөдөө аж ахуй, зам тээвэр, логистик, аялал жуулчлал, боловсрол, соёл, зэрэг олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх олон талт уулзалт хэлэлцүүлгийг өрнүүлсэн.

Айлчлалын хүрээнд хоёр улс хоорондын автотээврийн болон агаарын тээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Энэ хоёр хэлэлцээрийг байгуулснаар автотээврээр саадгүй харилцах болон дамжин өнгөрөх тээвэр хийх, агаарын тээврийн чиглэлээр шууд нислэг хийх зэрэг хамтын ажиллагааны олон таатай боломжууд нээгдэнэ гэж талууд үзэж байна. Ингэснээр Монгол Улс нь нийт 47 дахь улстай Агаарын харилцааны хэлэлцээр байгуулаад байгаа юм. Мөн Европ, Азийн 20 гаруй улстай “Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээр” байгуулж, харилцан зөвшөөрөл солилцон тээвэрлэлт хийж байгаа бөгөөд энэ удаад Засгийн газар автотээврийн хэлэлцээр үзэглэснээр хэлэлцээр бүхий улсын тоо 21 болоод байна.

Цаашлаад, Монгол Улс бүс нутгийнхаа далайн эрэг бүхий улсуудын боомтод саадгүй хүрэх, таатай нөхцөлөөр ашиглах талаар яриа, хэлэлцээг тууштай өрнүүлж, далайн тээврийн 30 гаруй конвенц, олон талт хэлэлцээрт нэгдэж, хоёр талт Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг байгуулан ажиллаж байгаа билээ.