Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын уул уурхайн үндэсний ассоциациас зохион байгуулж буй “Mining week & Minepro 2024” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга арга хэмжээ Улаанбаатар хот Налайх дүүрэг, Тайж хайрханы бэлд өнөөдөр эхэллээ. Дөрвөн өдрийн турш үргэлжлэх уг арга хэмжээг нээж Монгол Улсын Их хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ. Тэрбээр “ Уул уурхайн салбар бол улс орны маань эдийн засгийн хөдөлгөгч хүч юм. Mining Week 2024 цэвэр эрчим хүчний шилжилт, хариуцлагатай уул уурхай аж үйлдвэржилт сэдвийн дор үзэсгэлэн яармагийн хамтран зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон арга хэмжээ гэж үзэж байна. Түүнчлэн Эрчим хүчний либералчлал хийх чиглэлээр УИХ ажиллаж байна. Аливаа төсөл хэрэгжиж эхлээд тодорхой хугацааны турш амжилттай хэрэгжиж дуусдаг байх хууль эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх ёстой” гэж хэлэв.
Чуулга уулзалтаар аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт чухалд тооцогдох болсон эрчим хүчний шилжилт, стратегийн чухал ашигт малтмал, хариуцлагатай уул уурхай сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэг болно.
Олон улсын хөрөнгө оруулагчид, зөвлөхүүд болон салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд нэг дор цуглаж уул уурхайн салбарын худалдан авалт, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт, ханган нийлүүлэлт, санхүүжилттэй холбоотой шилдэг туршлагаа хуваалцаж салбарын шинэчлэл инновацийг танилцуулж, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох юм.