Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Үндэсний баялгийн сан  улс орны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 8

Тэмдэглэсэн Т. Бямбанаран,  П.Жаргалсүрэн 

Монголын эдийн засгийн чуулганы  үеэр  УИХ, Засгийн газрын урт хугацаанд хэрэгжүүлэх стратегийн  ач холбогдолтой томоохон төслүүдийг  онцолж байсны дотор Үндэсний баялгийн сангийн хуулийг баталж, хэрэгжүүлж эхэлсэн тухай онцгойлон дурдсан юм.  Тус чуулганы  11 дэх салбар хуралдааны  “Үндэсний баялгийн сан, олон улсын тэргүүн туршлага” сэдэвт хэлэлцүүлэгт оролцогчид  Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт, үр дүн, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагааны ил тод байдал, тулгарч буй бэрхшээл, сорилт болон Үндэсний баялгийн санг ард иргэдэд хүртээмжтэй байлгах талаар гарц шийдэл эрэлхийлж,  энэхүү сэдвийн хүрээнд санал бодлоо солилцсон юм. 

Энэ удаа    “Үндэсний баялгийн сан, олон улсын тэргүүн туршлага”  сэдэвт салбар хуралдааныг тоймлон  хүргэж байна. 

 

Хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр “Тэнгэр” ТВ-ийн Гүйцэтгэх захирал А.Ундрал ажилласан бол  УИХ-ын гишүүн О.Батнайрамдал,  Ардчилсан намын тэргүүн дэд дарга, эдийн засагч С. Баярцогт,  Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ)-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ханнес Такач, Монголын эдийн засгийн форумын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Ганхуяг,  “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Хууль, эрхзүйн газрын ахлах менежер Б. Гэрлээ,  “StoneХ” компанийн Санхүүгийн шинжээч Хуан Пабло нар хэлэлцүүлэгт оролцов.

А.Ундрал: 
Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар ард иргэд, олон нийтэд ямар нөлөө үзүүлнэ гэж Та харж байна вэ?   

О.Батнайрамдал: Эдийн засгийн онол талаас эдийн засгийн эцсийн үр дүн нь баялгийн хуваарилалт юм. Манай улсын   эдийн засгийн өсөлт  байгалийн баялгаас шууд хамааралтай. Байгалийн баялгийн хуваарилалтыг Үндсэн хуулийн зарчимд тулгуурлан зөв, шударга зохион байгуулах нь хамгийн чухал сорилтуудын нэг. Үүнийг зөв шийдэж чадвал уул уурхайн салбарын хулгайгаас сэргийлэх, Үндсэн хуулиар олгогдсон шударга хуваарилалт бий болох боломжтой. Байгалийн баялгийг Үндэсний баялгийн сангаар дамжуулж иргэддээ хүртээмжтэй хуваарилна гэж Үндсэн хуульдаа тусгасан. Байгалийн баялаг  шавхагдах нөөц учир ирээдүйдээ хадгалах, хүртээх  ёстой гэсэн гол зарчмыг бид заавал хэрэгжүүлэх ёстой.  Ард иргэдэд байгалийн баялгийг тэгш хуваарилахын тулд нэг удаагийн ноогдол ашиг тараах  биш ахуй амьдрал, эрүүл мэнд, боловсролын салбарт зарцуулах ёстой. 

А.Ундрал: Сангийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн ач холбогдлыг Та хэрхэн дүгнэж байна вэ?
С.Баярцогт:  

Уул уурхайн баялгийн сангийн хууль эрх зүйн орчныг шинэчлэх талаар Монгол улсын Засгийн газар 5 удаагийн оролдлого хийж байсан. 
1.    2006 онд уул уурхайн орлого төсвийн ихээхэн хувийг эзэлж, ДНБ-ий гол бүтээгдэхүүн болсон үе буюу анх удаагаа ашигтай ажилласан. Ингэснээр зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварыг танилцуулсны үр дүнд анх удаа төсвийн илүүдэлтэй гарч, Монгол Улсын Хөгжлийн сан байгуулж, уг татварын орлогоо хэрэглэж эхэлсэн. 
2.    2009 онд Монгол улсын Хөгжлийн санг хуулиар хүчингүй болгож, “Хүний хөгжлийн сан”-гийн хуулийг баталсан. Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын орлогоор ард иргэдэд амласан 1 сая төгрөгийг бэлнээр, өндөр настан, оюутнуудад бэлэн бусаар “Эрдэнэс Тавантолгой”  ХК-ийн 1072 хувьцааг эзэмшиж эхэлсэн.
3.    2011 онд төсвийн шинэчлэл хийж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталж, Төсвийн тогтворжуулалтын санг байгуулсан. 
4.    2016 онд Ирээдүйн өв сангийн тухай болон Тогтвортой байдлын тухай хуулийг баталж, улмаар Төсвийн тогтворжуулалтын санг бий болгосон. 2016 онд Ирээдүйн өв сангийн тухай хуулийг бий болгоод Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийн 65%-ийг ирээдүйд хадгалж, 2030 он хүртэл ашиглахгүй байхаар шийдвэрлэсэн. 2030 оноос хойш Баялгийн сангийн менежментийн корпораци байгуулж, цаашид хариуцан ажиллаж ирээдүйд хадгална гэх зорилт тавин ажиллаж байна. 
5.    2024 онд Баялгийн сангийн тухай хуулийг 3 үндсэн сантай баталсан 
•    Ирээдүйн өв сан - Төсвийн тэнцвэржүүлсэн орлогоос давсан орлогыг ирээдүйд хадгалдаг 
•    Хуримтлалын сан - Стратегийн ордын нийт 34%-ийн ногдол ашгийг шууд цуглуулж, эндээсээ иргэдэд шууд хүртээн боловсрол, эрүүл мэнд, үйлчилгээ, орон сууц гэх мэтэд зарцуулдаг
•    Хөгжлийн сан - Тогтворжуулалтын сантай уялдуулан тэнцвэржүүлсэн төсвийн давсан орлогын 50%-ийг тус санд нийлүүлнэ. Энд төвлөрсөн хөрөнгөөр тодорхой нэг мега төслийг санхүүжүүлэх зарчмаар явна.
Ирээдүйдээ хадгалдаг, одоо хэрэглэдэг, хөрөнгө оруулалт хийдэг гэсэн 3 цогц зарчмаар ажиллах нь зүйтэй.

А.Ундрал: Шинэ хуулийн хэрэгжилтийн талаар Та хэр итгэлтэй байна вэ?  Сангийн ашиглалт болон зарцуулалтад   ямар нөлөө үзүүлнэ  гэж үзэж байна вэ?
Ханнес Такач: 

Баялгийн санг бүрдүүлэхэд  зөвхөн уул уурхайн орлого бус өөр бусад орлого байж болно. Төрийн өмчит компаниудад шинэтгэл хийх нь ашиг олох боломжийг нэмэгдүүлнэ. Өмнөх жил Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас төрийн өмчит компаниудын тайлан санхүүтэй холбоотой ил тод байдлыг нэмэгдүүлэх талаар санаачилга гаргаж, дэвшүүлсэн. Гүйцэтгэлийн үнэлгээ,  индикатор үзүүлэлтүүдийг гаргахдаа оновчтой байх хэрэгтэй. Бодит байдал дээр төрийн өмчит компаниудад тулгарч буй асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэхэд  хөрөнгө  зарцуулах нь зүйтэй. Тайлант тогтолцоог цахим хэлбэрт оруулж, өмнө нь тулгамдаж байсан асуудлыг цаг тухайд нь шийдэх, төрийн өмчит компанийн үйл ажиллагааны хяналт нь хувийн хэвшилд тавигддаг шаардлагатай ижил  байх хэрэгтэй.

А.Ундрал:  “Эрдэнэс Монгол” ХХК-ийн засаглалтай холбоотой асуудлыг бүх оролцогч хөндөж ярьж байна. Үүнтэй холбогдуулан стратегийн ямар шинэчлэл, үйл ажиллагаа   явуулж  байна вэ?
Б.Гэрлээ: 

Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас  “Эрдэнэс Монгол” ХХК-ийн засаглалыг сайжруулах талаар арга хэмжээ авч ажилласан.   “Эрдэнэс Монгол” ХХК-ийг нэгдлийн зохион байгуулалтын журмаар группийн зохицуулалтаар ажиллуулахаар шийдвэрлэсэн. Дүрмийн өөрчлөлт хийж, охин компани, нэгдлийн оролцогч, хуулийн этгээдүүдийг нэгдсэн зохион байгуулалтаар ажиллах бүрэн боломжийг нээж өгсөн. Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдахад бэлтгэл ажлыг хангах буюу орлого төвлөрүүлэх хуулийн этгээдийн засаглалыг сайжруулах арга хэмжээнүүдийг авсан. Өнгөрсөн жил ойролцоогоор  42 компани  “Эрдэнэс Монгол” нэгдэлд  элсэн орсон. Үүнээс ашиггүй ажиллаж буй 6 компани болон 2 төслийн нэгжийг татан буулгасан. 

Түүнчлэн Төлөөлөн удирдах зөвлөлөө (ТУЗ) олон улсын зарчимд нийцүүлж, хуулийн дагуу ТУЗ-ийн 30% нь хараат бус байх ёстой бол үүнийг өөрчилж 49% болгож нэмэгдүүлсэн. 

Зөвхөн хараат бус гишүүнээс гадна төрийн төлөөллийг сонгон шалгаруулдаг болсон. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас журам гарган төрийн яам, агентлагуудад тодорхой шалгуур тавьж, үүнд тэнцсэн хүмүүсээс манай компани дахин сонгон шалгаруулдаг. Үндэсний баялгийн сангийн тухай хуульд зааснаар ТУЗ, гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны журмыг Засгийн газар батлах юм.

А.Ундрал: Монгол Улсын хувьд баялгийн сангийн менежментийг сайжруулахтай   холбоотой юу хийж болох вэ?  Баялгийн сангийн менежментийн талаар танай улсын туршлага, өөрийн судалгааны санаагаа хуваалцана уу? 
Хуан Пабло:
Мексик улсад нефтийн орлого төсвийн чухал хэсгийг бүрдүүлж,   улмаар Үндэсний сан байгуулсан. Үүнийг цаашид өргөжүүлж  Баялгийн сан  бий болгосон. Энэхүү сангийн хөрөнгийг  ашиглах дүрэм журмыг цаашид ч боловсронгуй болгоно. Монгол улс цаашид дараах алхам хийж болно. Үүнд:
●    Тухайн сангийн засаглалын бүтэц оновчтой, хариуцлагатай байх
●    Мэдээллээ ил тод болгох, олон нийтэд тайлагнах. Баялгийн сангуудын хувьд төр засагт тайлагнахаас гадна  тухайн өмч хөрөнгийн эзэн болох ард иргэдэд ил тод байх нь зүйтэй.
●    Урт хугацааны хөрөнгө оруулалтын төлөвлөгөө боловсруулах. Ингэснээр тухайн мөнгийг хөрөнгө оруулалтын зорилгоор өсгөж байгаа бол гүйцэтгэлийг хянах дүрэм журмыг сайн боловсруулж, тогтоох явдал юм.
  

Төрийн ой санамж, бодлогын уялдаа холбоогүйгээс гадныхны итгэл алдарч байна 

А.Ундрал: Эвслийн Засгийн газар ирэх 4 жилд   төрийн  залгамж чанарыг   үргэлжлүүлэх болов уу гэж бодож байна. Гадаадын хөрөнгө оруулагчийн хувьд Та энэ талаар ямар бодолтой байна вэ? 

Ханнес Такач: Үндэсний баялгийн сан  улс орны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой.   Хууль батлагдахын зэрэгцээ тус хуулийн  зүйл, заалт бүрийг тодорхой тайлбарлах хэрэгтэй.  Хөрөнгө оруулагчдын хувьд тухайн хууль нь нэг мөр ойлгогддог, хэрэгждэг байх нь чухал. Мөн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад багагүй хугацаа шаардагддаг. Гэрээ байгуулах үйл явц олон жил үргэлжилбэл хөрөнгө оруулагчийн сонирхол алдагдана. Үүнээс гадна, таван жилийн хугацаанд хэрэгжээд дуусдаг жижиг төслүүд байдаг. Цаашилбал эрх зүйн орчныг боловсронгуй болгох тал дээр шинэ Засгийн газраас анхаарах нь зүйтэй.

С.Баярцогт: Бид “Эрдэнэс Монгол”-ын менежментийг сайжруулна гээд дотооддоо ярихаас илүү давхар бүртгэл (dual listing) хийж, Монгол болон Хонконгийн хөрөнгийн бирж дээр  хувьцааны арилжаа мөн давхар явагддаг  болвол тус компани ил тод, шилэн, зөв удирдлагатай болно. Цаашлаад зөвхөн Монгол хүнийг улс төрийн томилгоогоор удирдан ажиллуулдаг байх шаардлагагүй. Олон улсын тендер зарлаж, менежментийг нь сонгох боломжтой байвал илүү хөгжинө. Энэ ойлголтыг бид 2008-2012 оны хамтарсан Засгийн газрын үед хэрэгжүүлээд Монголын хөрөнгийн бирж дээр Лондоны хөрөнгийн биржийн багийг урьж ажиллуулан бэлтгэл ажлыг нь хангаж байсан. Харамсалтай нь, дараагийн Засгийн газар үргэлжлүүлээгүй. Тиймээс төрийн ой санамж, бодлогын уялдаа холбоо (Political stability, policy continuity) алдагдаж байгаад   гадныхан эргэлзэж  байна. 

Төрийн өмчит компаниудын засаглал, ил тод байдлыг сайжруулж, улс төрөөс ангид байлгах нь чухал

Ч.Ганхуяг:  Бид 1072 хувьцааг 2012 оны 5 дугаар сарын 1-нд өгсөн. Сая 1 дүгээр сард 3,500,000 хүнд нөхөн олгосон. Давхар бүртгэл хийхийн тулд эхний алхам нь 1072 хувьцааг хөрөнгийн бирж дээр арилжина. Эхлээд жижиг хувьцаануудаа эргэлтэд оруулна. Хоёрт, ТУЗ-ийг нь хараат бус болгоно. Гуравт, тэр зөвлөл нь хувьцаа эзэмшигчдийн хурлаас сонгогдож, гүйцэтгэх удирдлагыг томилох хэрэгтэй. Ийнхүү компанийн хуульдаа захирагдаж эхэлсэн цагт 2 жил болоод олон улсын бирж дээр бүртгэл хийх боломжтой болно. Нээлттэй байх асуудлыг шийдэх хэрэгтэй. 

Монголын иргэд улс төржилтөөс залхаж байгаа. Үндэсний баялгийн сан нь Жижиг,  дунд  үйлдвэрлэлийн сан, Боловсролын сан зэргийн алдааг давтах ёсгүй. Өмнөх сургамжаа харж, анхнаас нь зөв засаглалтай явах хэрэгтэй. Дараагийн Хөгжлийн банк, ЖДҮ-ийн асуудал болох эрсдэл байна. Тиймээс Үндэсний баялгийн сангийн хуулийн хэрэгжилтэд чухал үүрэг гүйцэтгэх, орлого төвлөрүүлэх, төрийн өмчит компаниудын засаглал, ил тод байдлыг сайжруулж, улс төрөөс ангид байлгах нь чухал.

А.Ундрал: “Эрдэнэс Монгол” компанийн хамгийн том сорилт юу вэ? 

Б.Гэрлээ: 
Гол асуудал нь Засгийн газар хувьцаа эзэмшигч учир улс төрийн нөлөөлөл их байдаг. Төрийн өмчит компаниудад төр нэг талаар хяналтаа тавиад нөгөө талаар үйл ажиллагаанд нь оролцоод байдаг асуудал бий. Үүнийг хаахын тулд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд орлого төвлөрүүлэгч хуулийн этгээдтэй холбоотой зохицуулалтуудыг оруулж өгсөн. Харин зарим хүн бодохдоо энэ бол нэг компанид зориулсан хууль байна гэдэг. Үндэсний баялгийн сангийн орлогыг төвлөрүүлэгч хуулийн этгээд нь өөрөө “Эрдэнэс Монгол” компани юм. “Оюу толгой” компанийг оруулахгүйгээр АМНАТ-ийн 68%-ийг “Эрдэнэс Монгол”-ын харьяа компаниуд бүрдүүлдэг. Эхлээд Тогтворжуулалтын сан, дараа нь Орон нутгийн санд төвлөрүүлээд 65%-ийг Ирээдүйн өв санд хуримтлуулдаг. Энэ орлогыг тогтвортой байлгаж, нэмэгдүүлэхийн тулд 12 дугаар зүйл дээр “Эрдэнэс Монгол”-той холбоотой бүх зохицуулалтыг оруулж өгсөн. “Эрдэнэс Монгол” компанийн дүрмийг Засгийн газар өөрөө баталдаг. 

Үндэсний баялгийн сангийн хуулийн хэрэгжилтэд чухал үүрэг гүйцэтгэх, орлого төвлөрүүлэх, төрийн өмчит компаниудын засаглал, ил тод байдлыг сайжруулж, улс төрөөс ангид байлгах нь чухал.

А.Ундрал: Дэлхий дахинд уламжлалт болон уламжлалт бус олон дайн гарч байна. Тэгвэл олон улсын ямар чиг хандлагыг бид харгалзан үзэх нь зөв бэ? 

Хуан Пабло: Бид олон төрлийн хувьцаанд хөрөнгө оруулах нь эрсдэлээс сэргийлнэ. Та бүхэн олон улсын зах зээл дээр аль болох ашигтай байх шийдлүүдийг судлах хэрэгтэй. Тэр хөрөнгө бол олон жил хадгалагдах ард түмний өмч учраас богино хугацааны ашгийн төлөө зориулагдах ёсгүй байдаг. Урт хугацаандаа эдийн засгийн өсөлтийг хангахад чиглэсэн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийх байдлаар ашиглах нь зөв. Энэхүү сангийн хөрөнгийг богино хугацааны ашигт зарцуулах бус харин урт хугацаанд найдвартай, ашигтай олон төрлийн төслийг санхүүжүүлэхэд, хувьцааг худалдаж авахад ашиглах нь зүйтэй. Алсын хараатай байх нь чухал.

А.Ундрал: Дараа жилийн Эдийн засгийн чуулган болоход ямар өөрчлөлтийг хүлээж байна?  

С.Баярцогт:   Нэг нам дангаараа засаглаад байвал гадагшаа чиглэсэн тархины урсгал нэмэгдэнэ. Аливаа шинэчлэл удирдагчаасаа 50% хамаардаг. Монголчууд шинэчлэл хийхээр санаачилсан хүмүүсээ улс төрийн золиос болгосон гунигтай 30 жилийн түүхтэй. Тиймээс одоо шууд амлалт өгөхөд хүнд. Өөрөөр хэлбэл улстөржилгүйгээр хамтраад   ажиллая.

Ханнес Такач: Би мэдээж амлалт өгч чадахгүй. Төрийн өмчит компаниудын шинэчлэл, засаглал болон тайлагналын талаар Засгийн газартай нягт хамтран ажиллаж байгаа бөгөөд хувьчлал хийх болон бусад чиглэлээр дэмжлэг үзүүлэхээр төрийн өмчит хоёр компанийг сонгон шалгаруулна. Техникийн туслалцаа үзүүлэх хөтөлбөрийг 2024 онд эхлүүлсэн. Түүнчлэн, бид Монгол Улсад хувийн хэвшлийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг ба үүгээрээ эдийн засгийн төрөлжилт, тогтвортой өсөлтөд хувь нэмэр оруулж байна. Олон улсын санхүүгийн байгууллага дундаас ЕСБХБ нь хувийн хэвшлийн хамгийн том хөрөнгө оруулагч бөгөөд санхүүжилтээс гадна зөвлөмжийн үйлчилгээг үзүүлдэг.

Ч.Ганхуяг: Бидэнд тогтвортой, ойлгомжтой, нээлттэй байдал их чухал. Гэтэл бид “Эрдэнэс Монгол” компанийн орлого, зарлага, үр дүнгийн тайланг нь харж байгаагүй. Үүнийг засаасай гэж хүсэж байна. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаагаа арилжих эрхээ эдэлж баймаар байна. 

Б.Гэрлээ: “Эрдэнэс Монгол” компани ил тод засаглалыг хангах зорилгоор дүрмийн өөрчлөлт хийж мэдээллээ нээлттэй болгосон. Цахим хуудаст манай охин компаниудын бүх мэдээлэл бий. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу Баялгийн сангийн төсөв, төлөвлөгөө батлагдана. Өмнө буюу 8 дугаар сардаа багтааж шинэ Засгийн газраас холбогдох журмуудыг баталж өгөх шаардлагатай. “Эрдэнэс Монгол” компани Үйлдвэр технологийн парк байгуулах ажлыг эхлүүлнэ. Үүнтэй холбоотой 6 байршлыг сонгож авсан бөгөөд тус газрыг тусгай хэрэгцээнд авах зэрэг ажлуудыг гүйцэтгэнэ. Дараа жил гэхэд Үйлдвэр технологийн паркийн 6 газрын байршлыг тогтоогоод үйл ажиллагаа эхэлнэ.