Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Үйл явдал

Газрын хэвлийн баялгийг ашиглах шийдвэр иргэний эрхийг хангах ёстой

П.ЖАРГАЛСҮРЭН

“Газрын хэвлийн баялаг ашиглахтай холбоотой Засгийн газар ба орон нутгийн чиг үүргийн хуваарилалт” судалгааны тайлант хэлэлцүүлэг 2024 оны 7 дугаар сарын 8-нд Нээлттэй нийгэм хүрээлэнд боллоо.

Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид ахлагчтай 6 хүний бүрэлдэхүүнтэй судалгааны баг дээрх судалгааг амжилттай гүйцэтгэж, үр дүнгээ танилцуулав.

Газрын хэвлийн баялаг ашиглахтай холбоотой Засгийн газар, нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүргийн давхардал, тодорхойгүй байдлаас үүдэн орон нутагт тусгай зөвшөөрөл эзэмшигч, нутгийн захиргаа, иргэдийн дунд үл ойлголцол үүсдэг. Тэгвэл энэхүү судалгаагаар газрын хэвлийн баялаг ашиглах тухай шийдвэр гаргах тогтолцоо, түүнд оролцогч талуудын чиг үүргийн хуваарилалт, иргэдийн зохистой оролцооны түвшинг Үндсэн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн хүрээнд авч үзэн тодорхойлсон байна.

Судалгаа хууль тогтоомжоор тогтоосон төр, орон нутгийн чиг үүрэгт дүн шинжилгээ хийж, газрын хэвлийн баялаг ашиглалтад орон нутгийн иргэдийн бодит оролцоог хангах, орон нутгийн түвшинд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж (ЗЗНДН)-ийн уялдааг сайжруулах болон холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал зөвлөмж боловсруулахад чиглэжээ.

Газрын хэвлийн баялаг ашиглах бодлогыг тодорхойлох нь Улсын Их Хурлын, түүнийг зүй зохистой ашиглах, хүрээлэн байгаа орчныг хамгаалах нь Засгийн газрын бүрэн эрх юм. Тиймээс байгаль орчныг хамгаалах нь иргэний эрх, нийтийн ашиг сонирхлыг хангахад чиглэх тул түүнтэй холбоотой чиг үүргийг төр хариуцах ба орон нутгаар төлөөлүүлэн гүйцэтгүүлэх боломжтой хэмээн энэ үеэр дурдлаа.

Иргэний эрхийг хангах, газрын хэвлийн баялгийг зүй зохистой ашиглах, хүрээлэн байгаа орчныг хамгаалах гэсэн гурван асуудал нь харилцан уялдаатай тул нэгдмэл байдлаар авч үзэх нь зүйтэйг судлаачид хэлсэн юм. Эдгээр асуудлын хамгийн чухал нь иргэний эрхийг хангах бөгөөд газрын хэвлийн баялгийг ашиглах шийдвэр нь иргэний эрхийг хангах, нийтийн сайн сайхан, ашиг сонирхлын төлөө чиглэх талаар дурдлаа.