Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

Геологи, уул уурхайн салбарын ирээдүйн хөгжилд асар том шилжилт ажиглагдаж байна

The Mongolian Mining Journal /Apr.2024/

А.Халиун

“Дижитал шилжилтийн гол цөм хиймэл оюун ухаан, зүйлсийн интернэт, машин сургалт, үүлэн технологи гэсэн 4   тулгуурт үндэслэн  AI /хиймэл оюун ухаан/ технологи уул уурхайн салбарт асар хурдацтай нэвтэрч байна. Тоолшгүй их өгөгдөлд дүн шинжилгээ хийж, хэрэгжүүлэх шийдлийг өндөр түвшинд боловсруулах чадвартай хиймэл оюун ухааныг ашигт малтмалын хайгуулаас олборлолт хүртэлх бүх шатанд ашиглах болсноор шийдвэр гаргах үйл явц богино хугацаанд  аюулгүй, оновчтой болж, олборлолтын явцад тоног төхөөрөмжийн эвдрэл саатлаас сэргийлэх зэргээр бүтээмжийг нэмэгдүүлэх олон давуу тал бий болно” хэмээн  “Digitalization in Mining Mongolia” хурлыг  санаачлагч А.Мөнхбадрал   онцолсон юм.   

Тэрбээр энэ удаагийн нээлтийн үеэр хэлсэн энэхүү үгээ  хиймэл ухааны тусламжтай  чуулганд оролцогч зочдод хүргэсэн нь  технологийн дэвшлийн талаар хэлэлцэж буй уг чуулганы зорилгод нийцсэн сонирхолтой мэндчилгээ байлаа.

Монголд хоёр дахь жилдээ  зохион байгуулагдаж буй  “Digitalization in Mining Mongolia 2024” сэдэвт чуулган 4 дүгээр сарын 12-нд Шангри-Ла зочид буудалд  болсон юм. Чуулганд Монголын уул уурхайн томоохон компаниудын мэргэжилтэн, уул уурхайн инженер, геологичдоос  бүрдсэн 250 гаруй төлөөлөгч оролцож,  эрдэс баялгийн салбарт цахим шилжилтийг үр дүнтэй, амжилттай нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцов.  

Энэ удаагийн “Digitalization in mining Mongolia-2024” чуулганд Стэнфордын их сургуулийн профессор, “КоБолд Металс” компанийн зөвлөх Жеф Каерс, Австралийн технологийн Maptek-DomainMCF-ийн геологич Стив Салливан нарын мэргэжилтнүүд зорин ирсэн бол Арабын Нэгдсэн Эмират улсын  Их сургуулийн ассистент профессор Г.Мөнхжаргал, АНУ-ын Amazon Web services компанийн Шийдлийн архитектор Бенжамин Вебер, Австралийн PETRA Data Science компанийн менежер Жордан Херрманн нарын өндөр түвшний мэргэжилтнүүд цахимаар холбогдон мэдээлэл өгсөн юм. 

Технологийн дэвшил, хиймэл оюун ухааныг геологи хайгуулын ажил, уул уурхайн олборлолт, үйлдвэрлэлд хэрхэн оновчтой, үр ашигтай нэвтрүүлэх чиглэлд дэлхий нийтээр эрчимтэй ажиллах болсон зэрэг     хамгийн сүүлийн үеийн шинэ мэдээллийг танилцуулсан нь тун сонирхолтой байлаа.
Түүнчлэн “Оюу толгой” болон “Бласт”, “Грийн майнинг Солюшн Партнерс” зэрэг   компанийн мэргэжилтнүүд уул уурхайн салбарт нэвтрүүлсэн үүлэн тооцооллын давуу тал, үр дүнгийн талаар илтгэл танилцуулсан юм. 

Жеф Каерс: Зэсийн салбарт AI ашиглах нь хамгийн тохиромжтой 

Стэнфордын их сургуулийн профессор, “КоБолд Металс” компанийн хиймэл оюун ухаан хариуцсан зөвлөх, ноён Жеф Каерс Монголд анх удаа иржээ. Тэрбээр Африкийн Замби улс дахь Mingomba зэсийн ордыг илрүүлэхэд хиймэл оюун ухааныг хэрхэн ашигласан туршлагаасаа хуваалцсан юм. Ашигт малтмалын хайгуулын ажил нь шатрын нүүдэл адил урьдчилан харсан  үе шаттай төлөвлөлт хийгддэг. 

Геологи хайгуулын үр дүнд илэрсэн ордыг хэдий хэмжээний нөөцтэй эсэхийг  тогтоохын тулд юуны түрүүнд өрөмдлөг хийнэ. Гэхдээ энэ нь өндөр зардалтай. Тиймээс өрөмдлөг хийх оновчтой цэгийг тогтоохын тулд нэлээд дата мэдээлэл цуглуулах болдог. Мөн геологийн иж бүрэн үйл ажиллагаа явуулахын тулд тухайн газар нутгийн газар зүйн тогтцын нарийвчилсан судалгааг  гаргана. 

Бид оновчтой төлөвлөлт хийхийн тулд хиймэл оюун ухаан болон хүний уураг тархины нөөц  чадавхийг хослуулан ашиглана. Ингэснээр  илүү өндөр агууламжтай хэсгийг олж тогтоох боломжтой юм. Уламжлалт аргаар дэвшүүлсэн геологийн таамаглалд үндэслэн удаа дараагийн өрөмдлөгийн дүнд тодорхой мэдээлэл илрэхгүй байх магадлал өндөр. Тэгвэл хиймэл оюун ухаан магадлалыг нэмэгдүүлж, зардал, цаг хугацааг хэмнэж байна. 

Хиймэл оюуныг давхар ашигласны үр дүнд бид Замби улсад 100 сая тонн зэсийн нөөцтэй, 50 тэрбум ам.доллараар үнэлэгдэх Mingomba ордыг нээсэн.  Олборлолтын ажлыг  4-5 жилийн дараа эхлүүлэхээр төлөвлөсөн ба 2030 онд 3 сая тонн зэс үйлдвэрлэнэ хэмээн тооцоолж байна. Түүнчлэн хайгуул, олборлолтоос гадна ашиглалтын ажил эхлэхээс өмнө  орон нутгийн иргэдтэй уулзаж тухайн төслийн өгөөж, ач холбогдлын талаар танилцуулж байна.   Нутгийн иргэд уул уурхайн талаар тодорхой мэдээлэлтэй болсон ба биднийг  дэмжин ажилладаг.  

Би эрдмийн ажлаа Замби улсад хийсэн. Эрдэс баялгийн өгөөж  тухайн улсын эдийн засагт үр нөлөө үзүүлэхээс  гадна  ирээдүйн хөгжилд зарцуулагдах ёстой” хэмээн тэрбээр ярьсан юм. 

“Дэлхийн эрдсийн зах зээл дээр зэсийн үнэ  тогтмол өсөж байна. Эрдэс баялгийн геологи хайгуул, тэр дундаа зэсийн ордын хайгуулд төвлөрөн ажиллаж байгаа  ч хайгуулын үр дүн тун  тааруу байна. Зэсийн үйлдвэрлэл, эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа хэдий ч дэлхийд зэсийн  шинэ орд нээх тохиолдлын тоо жилээс жилд багасч байна.   Африкийн Замби, Конго зэрэг улс нь зэсийн агууламж хамгийн өндөр бүсэд оршдог боловч одоогоор илэрц ажиглагдахгүй байна. 

Гэхдээ зэсийн салбарт AI ашиглах нь хамгийн тохиромжтой юм. Хиймэл оюуны хэрэглээ зэсийн салбарт хамгийн их ахиц дэвшил авчирч байна” хэмээн  тэрбээр  танилцуулгадаа дурдсан юм.  

Хиймэл оюун ухаанд суурилснаар  уурхайн  бүтээмж  эрс нэмэгдэнэ

Австралийн PETRA Data Science компанийн менежер Жордан Херрманн  чуулганд цахимаар оролц­сон мэргэжилтнүүдийн нэг бөгөөд “Хиймэл оюун ухаанаар уурхайн үйл ажиллагааг оновчтой болгох нь” сэдвээр илтгэлээ танилцуулав.   
“Уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулахад хүдрийн биетэд агуулагдах эрдэс бодис, хатуулаг чанарын  ялгаатай байдлыг юуны түрүүнд  таних нь чухал. Орд бүхэн ялгаатай бөгөөд энэ бүхнийг сайтар судалж, мэдсэний дараа олборлох, боловсруулах үйл ажиллагаа явуулна. Үүний тулд бидэнд маш их дата мэдээлэл хэрэгтэй. Өрөмдлөг, тэсэлгээ, олборлолт, тээвэрлэлт гэх мэт үйл ажиллагааны бүх шатанд дата цуглуулж,  хиймэл оюун ухааны тусламжтай алсын удирдлагаар үйлдвэрлэлд машиныг  ажиллуулна. 

 Ингэснээр оновчтой шийдэл бүхий эрчим хүчний хэмнэлт гарна. Урт хугацаандаа зардал багасна.  Орд бүхэн онцлог ялгаатай геологийн бүтэц, тогтоцтой. Тиймээс геологийн мэдээлэлдээ үндэслэн загварчлал гаргаж, тэсэлгээг ямар байдлаар хийхийг шийднэ. Тэсэлгээ хийхдээ ямар гарцтай байх, үйлдвэрлэлийн дараагийн шат болох бутлуурт очих хүдрийн биетийн тохиромжтой хэмжээг төлөвлөдөг. Хэтэрхий том хүдрийн биет бутлуурыг эвдэрч сул зогсох эрсдэлд хүргэнэ. Тэгвэл хиймэл оюунд тулгуурлан загварчлал гаргаснаар бутлуур эвдэрч сул зогсох эрсдэлийг бууруулна гэсэн үг.  Энэ системээр бид төмрийн хүдрийг 5 жил олборлож байна. 

Бид AI-г ашиглан 19 оновчтой загварыг гаргаснаар  бүтээмж 6%-иар нэмэгдэж, орлого 462 сая ам.доллараар өссөн”  хэмээн тэрбээр тайлбарлав.
 Ил болон гүний уурхайд олон цагаар тасралтгүй  ажиллаж буй техникийн ажилтнууд болон  геологич, инженерүүдийн  хөдөлмөрийг хөнгөвчилж, бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд технологийн дэвшил, хиймэл оюун ухааны хэрэглээ зайлшгүй шаардлагатай болсныг нотолсон сонирхолтой илтгэлүүдийг мэргэжилтнүүд  танилцуулсан юм.   


 
12 жилийн хугацаанд хийгдэх ажлыг 1 цаг 11 минутад гүйцэтгэнэ
 
Maptek- Domain MCF компанийн геологич Стив Салливан мөн чуулганыг зорин ирж, Австралид хэрэгжүүлж буй “Mutooroo Copper – Cobalt Gold” төслийнхөө талаар мэдээлэл өглөө. 

“Дэлхийн эрдсийн зах зээл дээр зэс хамгийн өндөр эрэлттэй байгаа учир бид зэсийн хайгуулын төсөлд түлхүү анхаарч  байна. Бид юуны түрүүнд зорилтот талбайг тогтоохоор ажиллаж байна. Тухайн газрын геофизикийн мэдээлэлд тулгуурлан тооцоолол хийж, гаргасан онолоо нотлох чиглэлээр ажилладаг. Эхлээд дээж авч, дата мэдээлэл боловсруулна. Бэлэн болсон датагаа загварт оруулснаар 1 цаг 11 минутын дотор тооцоолол бэлэн болно. Өмнө нь энэ ажил 12 жилийн хугацаанд хийгддэг нүсэр ажил байв. Харин одоо   төсөл боловсруулахад ашиглах хамгийн боломжтой аргачлалын нэг  болоод байна. Хүний оюун ухаан, AI-тай  хосолсноор илүү үр дүнд хүрдэг.  

AI-аар  зэсийн эрдэсжилт өндөртэй бүсийг тогтооно. Үүний тулд дата бэлтгэх явц буюу мэдээлэл үнэн бодитой, бүрэн  гүйцэд байх нь маш чухал.  Хүний үйл ажиллагаанаас  2000 дахин хурдан боловсруулж, үр дүнг харна гэсэн үг.
Би геологич хүн. AI-ийн бүтээмжийг харахад мэргэжлийн геологичид ажлын талбаргүй болох вий гэсэн бодол төрж байв. Гэтэл хараахан үгүй юм байна. Геологич бид дата цуглуулж бэлтгэн  AI-тай хамтарч ажиллана. Хиймэл оюун ухааны ач холбогдол, бүтээмж өндөр ч гэлээ   мэргэжлийн хүмүүсийн ажлыг орлож чадахгүй. 

Өнгөрсөн 5 жилийн хугацаанд  дэлхий дахинаа уул уурхайн салбарт хиймэл оюун ухааны ашиглалт эрс нэмэгдсэн. Арван жилийн өмнө энэ талын төсөөлөл ч байсангүй”  гэж ноён Стив Салливан хэлж байв. 

Геологи, уул уурхайн салбарын ирээдүйн хөгжилд асар том дэвшил ажиглагдаж байгааг энэхүү чуулганы илтгэлүүдээс тодорхой харж болох юм. 
Монгол Улс ч уул уурхайн салбарт нэвтэрч буй технологийн дэвшлүүдээс хоцроогүй. Төрийн бодлогын түвшинд болон уул уурхайн дотоодын компаниудын үйл ажиллагааны түвшинд  дижитал технологийн дэвшлүүд өргөн нэвтэрч байна. 

Тухайлбал, ашигт малтмалын хэтийн төлөвийг тогтоох суурь судалгаа болох агаарын геофизикийн ажлыг иж бүрэн гүйцэтгэдэг энэ чиглэлдээ дэлхийд тэргүүлэгч Испанид төвтэй олон улсын Xсalibur Smart  Mapping компанитай хамтран ажиллах эхлэл тавигдсан. Энэхүү компани бүх төрлийн төхөөрөмжөөр тоноглогдсон нисдэг тэрэг, нисгэгчгүй   төхөөрөмж ашиглан судалгааны ажлыг маш богино хугацаанд сүүлийн үеийн аргачлалаар гүйцэтгэж, иж бүрэн дата мэдээллийг боловсруулдаг.  Ийнхүү Монгол Улс геологи хайгуулын ажилд   Xсalibur Smart  Mapping-тай хамтран ажиллаж байгаа нь томоохон дэвшил болохыг чуулганыг санаачлагч А.Мөнхбадрал онцолсон юм.