Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Австрали  нь металлургийн нүүрсний дэлхийн хамгийн том экспортлогч хэвээр байна

Ч.Сансар


Өнгөрсөн сард Австрали улс сүүлийн 4 жилд анх удаа Японоос илүү их нүүрс Хятад руу экспортолсон нь зах зээлийн үзүүлэлтэд өөрчлөлт ажиглагдаж, Бээжинтэй харилцаа сайжирч байгааг илэрхийллээ.

Түүхий эдийн судалгааны компани Kpler-ийн тоо баримтаас үзвэл, Австралиас Хятад руу экспортолсон бүх төрлийн нүүрс өнгөрсөн 4 дүгээр сард 6.87 сая тонн болсон нь  өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Австралиас Япон руу тээвэрлэсэн нүүрсний хэмжээ 3 дугаар сард 7.93 сая байсан бол 4 дүгээр сард 6.10 сая тонн болж буурчээ.  

Өнгөрсөн оны 2 дугаар сард Хятад улс импортын албан бус хоригоо цуцалсаны улмаас Австралийн нүүрсний экспорт сэргэж эхэлсэн. Австрали бол металлургийн нүүрсний дэлхийн хамгийн том экспортлогч бөгөөд эрчим хүчний нүүрсний хоёр дахь том экспортлогч юм. Импортын албан бус хоригийг 2020 оны дундуур Бээжин, Канберра хоёрын хооронд хурцадмал байдал үүссэн үед тавьсан юм. Либерал-Үндэсний эвслийн 9 жилийн засаглал дуусч, 2022 оны 5 дугаар сард Лейбор намыг сонгуульд ялсан нь Хятад, Австралийн харилцааг сайжруулахад хүргэсэн.

Австралийн Хятад руу нийлүүлдэг гол бүтээгдэхүүн болох төмрийн хүдэр, шингэрүүлсэн хийн экспортод хоёр орны хурцадмал байдал нөлөөлөөгүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Мөн Хятадын тавьсан нүүрсний хориг нь амжилтад хүрээгүй гэж үзэж болно. Учир нь энэ хориг нь Ази тивд бүх төрлийн эрчим хүчний нүүрсний үнэ ханш өсөхөд хүргэсэн бөгөөд Австрали улс нүүрсээ бусад улс орнуудад, тэр дундаа Энэтхэгт худалдах боломжтой болсон юм.

Австралийн Хятад руу экспортлох нүүрсний хэмжээ сүүлийн нэг жилийн хугацаанд сард дунджаар 6 сая тонноос дээш байгаа ч 2020 онд албан бус хориг тавихаас өмнөх түвшнээс доогуур хэвээр байна.  Харин Япон руу экспортлох нүүрсний хэмжээ бага зэрэг буурч эхэлсэн. Энэ нь Япон цөмийн реакторуудаа дахин ажиллуулж, шингэрүүлсэн байгалийн хийн үнэ буурсантай холбоотой аж.

Австрали өнгөрсөн 4 дүгээр сард Энэтхэгт нийт 2.63 сая тонн нүүрс нийлүүлсэн. Энэ нь 2020 оны 5 дугаар сараас хойших хамгийн доод үзүүлэлт юм. Экспортолж буй нүүрсний дийлэнх хувийг металлургийн нүүрс эзэлдэг. Австрали 4 дүгээр сард 1.52 сая тонн металлургийн нүүрс экспортолсон. Энэ нь нийт нүүрсний 58 орчим хувийг эзэлсэн.

Австралийн эрчим хүчний нүүрс нь Индонез, Өмнөд Африк, сүүлийн үед ОХУ-ын бүх төрлийн эрчим хүчний нүүрстэй өрсөлдөхүйц хэмжээнд хүрсэн байна.  Энэтхэг, Япон руу нүүрсний экспорт багасч байгаа ч тус улсын нийт экспорт тогтвортой байна. Хятад, Вьетнам зэрэг Азийн орнуудад нүүрсний нийлүүлэлтийг нэмэгдүүлж аливаа алдагдлыг нөхөж байгаа.

Австралийн нүүрсний нийт экспорт 4 дүгээр сард 28.22 сая тонн болсон. Энэ нь 3 дугаар сарын 29.58 сая тонноос бага ч өнгөрсөн оны 4 дүгээр сард нийлүүлсэн 28.08 сая тонноос нэмэгдсэн үзүүлэлт юм.

Эх сурвалж: mining.com