Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

ГҮНИЙ УСНЫ ХЭРЭГЛЭЭ ХЯНАЛТГҮЙ БАЙНА

Б.АРИУНАА

ХXI зуунд цэнгэг ус дэлхийн хөгжлийн бодлогыг тодорхойлох байгалийн бүтээгдэхүүн байх болно гэдгийг өдгөө бүгд хүлээн зөвшөөрч байна. Дэлхийн улс орон алт эрдэнэсийн сан, валютын нөөцөө өсгөхөөс илүүтэй усныхаа нөөцийг нэмэгдүүлэх, хайрлаж гамнах, хамгаалахад онцгой анхаарч эхэллээ. “Цэнхэр алт-ус” нь улс орны үндэсний аюулгүй байдлын салшгүй нэг хэсэг.

Монгол орны гадаргын усны нөөц 21,4 сая шоо метр, газар дорх усны нөөц 3062.1 сая шоо метр гэсэн судалгаа бий. Усны сан бүхий газар 686.7 мянган га буюу нийт нутгийн 0.44%-ийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл манай улс дэлхийн усны нөөц нэн багатай 22 орны нэг ба нийт нутгийн 70% нь говь цөл, цөл хээрийн хуурай, хуурайвтар бүс нутагт хамаардаг байна. Гэтэл усны хомсдол нүүрлэх аюул хаяанд байгаа үед усны хэрэглээний менежментэд төдийлөн ахиц ажиглагдахгүй байна.

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмжид “Усны үнэ тариф, усны нөөцийн төлбөрийг шинэчлэх, уул уурхай, үйлдвэрлэлийн зориулалтаар газрын доорх усны нөөцийн ашиглалтыг үе шаттай хязгаарлах, хаягдал усыг цэвэршүүлж дахин ашиглах технологийг нэвтрүүлэх хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулах”, “Усны стандартыг шинэчлэн, сайжруулах” тухай дурдаж, гадаргын болон гүний усны ашиглалтын талаар ярилцаж эхэлсэн нь сайн хэрэг. Саарал усны талаарх ойлголт нэмэгдэж, өөрчлөлтийн “салхи” сэвэлзэж эхэлснийг илтгэж байна. Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Усны үндэсний зөвлөлийн хурлыг улирал тутамд зохион байгуулахаар болсон. Тухайн улс орны хувьд усныхаа нөөцийг нарийвчлан тог[1]тоож, үүн дээрээ үндэслэн ашиглах, хамгаалах асуудлаа төрийн бодлогоор зохицуулах учиртай. Монгол Улс ус ашиглалтын нөөцөө шинээр дахин тогтоох зайлшгүй шаардлага тулгарч байна. Харин энэ тал дээр Монгол Улс хангалтгүй явж ирснийг анхаарах цаг болсон.

Нэн ялангуяа усны нөөц багатай говийн бүсэд уул уурхайн томоохон үйлдвэрлэл явагдаж байгаа энэ цаг үед усны менежментийг хэрэгжүүлэх учиртай. Жишээлбэл, усан сан, гадаргын усны хуримтлал үүсгэх зориулалт бүхий “Хөх морь” төсөл олон жил дуншлаа. “Хөх морь” төсөл хэрэгжсэнээр 33 усан сан, усны хуримтлалын талбайг байгуулж дунд шатанд шаардлагатай 500 сая шоо метр усыг нөөцлөх боломжтой болно. Энэ нь 500 га талбайд тарих модыг усалгааны нормын дагуу услахад хангалттай хүрэлцэхүйц гэсэн үг.

Дараагийнх нь “Орхон-Онги” төсөл. Төслийн зорилго Орхон голоос эх авч Онги голын урсацыг сайжруулан Улаан нуурыг тэтгэж, говийн бүсийн суурин хүн ам, уул уурхай, хөдөө аж ахуйн усан хангамжийн найдвартай усны эх үүсвэрийг бий болгох юм.

“Орхон-Онги” төсөл хэрэгжсэнээр говийн бүсэд 20 сая шоо метр ус хуримтлуулах тооцоо бий. Үр дүнд нь говийн бүсийн усан хангамж сайжирч үүнд түшиглэсэн усан цахилгаан станц байгуулах боломж ч бүрдэх юм. Түүнчлэн говийг ойжуулахад нэн шаардлагатай усны нөөц бий болно. Одоогийн байдлаар Онги голын урсац тасалдаж, Улаан нуурт хүрч чадахгүй байна. Гэтэл говийн усан хангамжийг нэмэгдүүлэх, ойжуулахад 500 сая шоо метр ус нэн тэргүүнд шаардлагатай судалгаа бий. Усны хомсдол нүүрлэхэд ойрхон байгаа говийн бүсийн хувьд гадаргын усны хуримтлал бий болгох, түүгээрээ гол, горхины урсацыг тэтгэх асуудал амин чухал зүйл болоод байна.

Гэхдээ Ус сувгийн удирдах газраас гаргасан судалгаанаас харахад уул уурхайд ашиглах ус Монгол орны нийт ус ашиглалтын 22 %-ийг эзэлж байгаа бол эрчим хүч, хүн амын унд ахуй, мал аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрүүд 77 %-ийг эзэлдэг. Усны ашиглалтын байдлыг авч үзвэл гадаргын болон гүний цэвэр усыг шууд хэрэглэж дахин ашиглалгүйгээр урсгадаг нь усны менежмент хаана хэрэгжих ёстойг харуулж байна.

Харамсалтай нь гүний усны хэрэглээг хянаж чадахгүй байна. Унд ахуйд хэрэглэж байгаа гүний худаг, мал аж ахуй, газар тариаланд ашиглаж буй гадаргын болон гүний усны хэрэглээг нарийн судалж тооцоолж гаргасан нь үгүй. Зөвхөн нэг баримт дурдахад Улаанбаатарт байгаа машин угаалгын газрууд 500-700 сая шоо метр усыг нэг л өдрийн дотор хайр найргүй асгадаг. Энэ нь Дархан хотын нэг өдрийн усны хэрэглээтэй тэнцдэг талаар эрдэмтэд тооцоолжээ. Улаанбаатар хотын унд ахуйн хэрэглээний усны 80 гаруй хувийг гүний усаар хангаж байна. Бид усыг тэгтлээ хайр гамгүй асгах хэмжээний нөөцтэй улс биш. Энэ бүхнийг энгийн бөгөөд амархан шийдэх боломж харин бий. Зөвхөн уурхай ч бус ус хэрэглэж байгаа бүхий л газрууд усны хэрэглээгээ хэмнэж, бохирдлыг багасгаж, тоолууржуулж, паспорттай болгож, хаягдал усыг дахин ашиглаж чадахгүй байна. Усны төлбөр төлөх механизм ил тод болж, илүү бохирдуулж байгаа нь их төлдөг, хэмнэж чадсан нь бага төлдөг зах зээлийн энгийн зарчимд шилжиж чадахгүй л байна. Дэлхий нийтээр ус хэмээх чандмань эрдэнийн талаарх бодлого чамбайрч байхад Монгол Улс алгуурлаж таарахгүй.

Харин устай холбоотой баримтыг тоймлон хүргэвэл түгшүүр төрүүлж, сэтгэл шимшрэм тоо дэлгэгдэнэ. Ердөө 15 жилийн дараа гэхэд дэлхийн хүн төрөлхтөний гуравны хоёр нь цэвэр усны дутагдалд орж эхэлнэ. Өнөөдрийн байдлаар гэхэд манай гаригийн 2.7 тэрбум хүн усаар хэдийнэ гачигдаж эхэлжээ. Харин дэлхийн хүн амын тоо 2050 онд 9.1-9.2 тэрбумд хүрэхэд хүн төрөлхтөний өмнө хоол хүнсний хангамж, эрүүл ахуй, аюулгүй байдлын асуудал дээд цэгтээ тулна. Үүнийг дагаад цэвэр усны хомсдол цэнхэр гаригийг бүхэлд нь нөмөрч, байгалийн гамшиг, цөлжилт, сүйрэл хаа сайгүй нүүрлэх магадлалтай. Хүн ам өсөхийн хэрээр биологийн заналхийлэл ихэсч, усны төлөөх тэмцэл улс орнуудын дунд хүчтэй дэгдэх төсөөлөл бий.