Ч.Сансар
Канадын хайгуулч, олборлогчдын холбоо (PDAC)-ноос жил бүр зохион байгуулдаг PDAC-2024 олон улсын уул уурхайн 93 дахь удаагийн чуулга уулзалт Канадын Торонто хотод энэ сарын 3-6-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.
Энэ жилийн PDAC чуулга уулзалт дэлхийн эрдсийн зах зээл дээр алтны үнэ ханш анх удаа бүх цаг үеийн дээд түвшинд хүрч өссөнтэй давхцаж буйгаараа онцлог байлаа.
“Хөрөнгө оруулагчдын бирж” хэмээн нэрлэгддэг энэхүү арга хэмжээнд 450 компани, аж ахуйн нэгж дэлхийн өнцөг булан бүрээс зорин ирж оролцож байна.
Жил ирэх тутам тус арга хэмжээний цар хүрээ нэмэгдэж, олон улсын хэмжээнд зохион байгуулагдсан үзэсгэлэн ЭКСПО-д нийт 752 уул уурхайн компани оролцож, дэлхийн уул уурхайн салбарт шинээр нэвтрүүлж буй тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан, үйл ажиллагаагаа сурталчилж, амжилтаараа бахархаж байв.
Оролцогч компаниуд үйл ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах хэлхээ холбоо тогтоож, хамтарсан хэлэлцээр байгуулах албан бус уулзалтууд зохион байгуулж буй нь PDAC чуулганы чухал хэсэг юм. Канадын Doubleview Gold Corp компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Фаршад Ширвани “Гол үйл явдлууд хөшигний ард өрнөдөг” хэмээн мэдэгдсэн байна. Doubleview Gold Corp-ийн хувьд скандиум агуулсан анхны төслөө танилцуулж, хайгуулын ажлын үр дүнд тогтоосон нөөцөө удахгүй зарлах аж. Харин Канадын Goliath Resources ХХК-ийн Гүйцэтгэх захирал Рожер Расмус “2024 он манай компанийн хувьд эрс өөрчлөлтийн жил байх болно” хэмээн тодотголоо.
Торонто хотын “Royal York” зочид буудалд PDAC-ийн бүхий л хүлээн авалтууд зохион байгуулагддаг байсан бол энэ жилийн хувьд олон нийтийн арга хэмжээнүүд Торонто хотын төвийн бараг бүхий л үйлчилгээний газруудад болж түүний дотор оролцогчдын хамгийн очих дуртай газрын нэг хоккейн “Алдрын танхим” болон Риплигийн мөсөн хотхонд оролцогчид өргөнөөр цугларсан байна. Торонто хотын захиргаа PDAC чуулганы арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч, энэ жилийн хувьд 27 мянга орчим зочид хүлээн авчээ.
Канадын хайгуулч, олборлогчдын энэхүү чуулга уулзалтын гол сэдвүүдийн нэг уул уурхайн өрөмдлөгийн компаниудын ололт амжилт, шинэ нээлтийн талаарх мэдээлэл олны сонирхлыг ихэд татаж байна. Мэдээж геологи, хайгуулын ажлын үр дүнд тогтоосон илэрц, эрдсийн судлыг өрөмдлөг хийж, дээжлэхгүй бол хайгуул хийх, шинэ орд нээх, нөөц тогтоох, төслөө өргөжүүлэх, түүнчлэн эдийн засгийн судалгаа хийх боломжгүй.
Энэ удаагийн чуулганы үеэр яригдсан эрдэс баялгийн салбарт дэлхийд тэргүүлэгч уул уурхайн өрөмдлөгийн компаниудын энэ онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, төлөвлөсөн ажлуудын талаар товчлон хүргэж байна.
Канадын Tudor Gold Corp компани 15-18 мянган метрийн гүнд өрөмдлөг хийхээр төлөвлөж байна. Өрөмдлөгийг Goldstorm ордын саяхан илрүүлсэн өндөр агуулга бүхий алтны судлын бүтэц дээр хийх аж.
Канадын Abitibi Metals Corp-ын хувьд өндөр агуулга бүхий В26 полиметалл зэсийн орд дээр 30 мянган метрийн гүнд өрөмдлөгийг энэ онд хийхээр төлөвлөсөн байна. Ингэснээр ордын нарийвчилсан параметрүүдийг тодорхойлж, ил уурхай нээх боломжит талбайг сонгох зорилттой аж. Мөн өндөр агуулгатай газруудыг баталгаажуулж, ордыг өргөжүүлэхийг зорьж байна.
Канадын Osisko Metals Inc. нийт 25,000 метрийн гүнд өрөмдлөг хийнэ. Тус компани ТЭЗҮ хийгдэж буй Pine Point төсөл болон Gaspe төслийн нөөцийг шинээр тогтоох төлөвлөгөөтэй.
Канадын Snowline Gold Corp компани энэ жил хамгийн том өрөмдлөгийн ажлаа гүйцэтгэх төлөвтэй байна. Тэд Valley орд дээр ажиллахаас гадна бусад хайгуулын ажил дээр өрөмдлөг хийх аж.
Канадын New Found Gold Corp нь 125,000 метрийн гүнд өрөмдлөг хийх төлөвлөгөөтэй байгаа. Энэ нь Канадын хамгийн том өрөмдлөгийн ажил байх төлөвтэй.
Өнөөдрийг хүртэл 250 метрээс доош газрын гүнд өрөмдлөг бараг хийгдэж байгаагүй бөгөөд сүүлийн үеийн геофизикийн судалгаагаар эрдэсжилт дор хаяж 400 метр хүртэл үргэлжилж болзошгүйг харуулсан.
“Хөрөнгө оруулагчдын бирж” хэмээх энэхүү үзэсгэлэнд оролцож буй бусад компаниуд шинээр тогтоосон болон шинэчилсэн нөөцийн тооцоо, эдийн засгийн урьдчилсан үнэлгээ (PEA) эсвэл урьдчилсан ТЭЗҮ-ээр дамжуулан төслүүдийнхээ талаар танилцуулж, амжилтыг сурталчилж байна.
Дэлхийн эрдсийн зах зээл дээр уран эрэлт ихтэй байгаа энэ үед Канадын Blue Sky Uranium Corp үйл ажиллагаагаа ихээхэн өргөжүүлж байна. Тус компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Нико Какос “Эдийн засгийн урьдчилсан үнэлгээ шинэчлэгдэн гарсан бөгөөд бид урьдчилсан ТЭЗҮ хийх шатанд ороход бэлэн байна” хэмээн мэдэгдэв.
Канадын Defence Metals Corp-ын хувьд ирэх 6 дугаар сарын сүүлээр урьдчилсан ТЭЗҮ-ийг бэлэн болгоно. Мөн богино хугацаанд буюу 60 хоногийн дотор санхүүжилт босгохоор ажиллаж байна хэмээн мэдэгдэв.
Канадын Vizsla Silver Corp төслийн талбайн ердөө 10%-д 325 сая унци мөнгө агуулагдаж байгаа гэж мэдэгджээ. Тус компанийн үйл ажиллагааны шинэ захирлаар туршлагатай уурхайн мэргэжилтэн томилогдсон талаар мэдээлээд 2024 онд 25,000 тонн дээж авах, мөн эдийн засгийн урьдчилсан үнэлгээ боловсруулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна.
Канадын Argentina Lithium & Energy Corp.-ийн хувьд литийн салбарт өрнөсөн сүүлийн үеийн хямралыг хэд хэдэн боломж хэмээн харж байна. Тэд энэ оны сүүлээр Ринкон төслийн анхны нөөцөө зарлахаар төлөвлөж байна. Тэд саяхан Stellantis N.V.компанийн охин компани болох Peugeot Citroen Argentina S.A.-аас 90 сая долларын хөрөнгө оруулалт хийжээ.
Канадын Nouveau Monde Graphite Inc компани саяхан урт хугацааны хэд хэдэн гэрээ байгуулсан байна. Тэд “Тогтвортой ирээдүйн төлөө” гэсэн зарчмаа тууштай баримталж байна. Тус компани энэ онд барилгын зураг төсөл, төлөвлөлтөө хийж дуусгах бөгөөд 2025 оны эхээр үйлдвэрээ барьж эхлэхийг зорьж байгаа аж.
Америкийн I-80 Gold Corp хамтарсан компани байгуулж, Ruby Hill төсөл хэрэгжүүлэхээ зарлав. 5 дугаар сард түнш компани нь урьдчилсан иж бүрэн судалгаа, шинжилгээ хийж, эцсийн гэрээнд гарын үсэг зурах үед дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр төлөвлөж байна.
Канадын American Creek Resources Ltd. нь Treaty Creek төслийн 20%-ийг эзэмшдэг. Seabridge Gold компани KSM төсөлд 300 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийснээр тус компани дэд бүтцээ сайжруулан, ашиглах шинэ боломжийг нээсэн байна.
Монголын “Степ голд” ХХК нь үе шаттайгаар 150 сая ам.доллар босгож байгаа бөгөөд энэ хөрөнгөөр Монголд хоёр дахь алтны уурхайгаа худалдан авч байна. Тус компани алтны хоёр уурхайн олборлолтоо жилд нийт 60-90 мянган унц алт хүргэх төлөвлөгөөтэй байгаа. Эцсийн зорилго нь жилд 160,000 унц олборлох явдал юм.
Канадын Luca Mining Corp нь мөн хоёр уурхайтай бөгөөд үйл ажиллагаагаа сайжруулж, олборлолтоо хоёр дахин нэмэгдүүлсэн гэж бахархалтайгаар зарлалаа. Тэд ирэх 6 дугаар сард мөнгөн урсгалыг эерэг болгож, 2024 онд хоёр төслийн хүрээнд нийт 70,000 унци алт олборлохыг зорьж байгаа аж.
PDAC 2024 чуулга уулзалт амжилттай болж өнгөрлөө. Уулзалтад оролцсон компани бүр 2023 онд хийж бүтээсэн ажлаа дүгнэж, 2024 оны ажлаа эхлүүлэхийг тэсэн ядан хүлээж байлаа. 2024 он уул уурхай, хайгуулын салбарын хувьд чухал жил болох нь тодорхой байна.
Эх сурвалж: resourceworld.com