Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрлээ

 
Ч.Сансар
 
АНУ-ын Холбооны нөөцийн сан (ХНС) 6 дугаар сард бодлогын хүүгээ бууруулна хэмээн мэдэгдсэн нь   алтны  ханшийн өсөлтөд нөлөөллөө.

Биржийн арилжаа эхлэхэд спот алтны үнэ нэг унци нь 2265.53 ам.долларт хүрч, пүрэв гарагийн хаалтын ханшнаас 1.6%-иар өссөн байна. Дараа нь бага зэрэг буурч, Улаанбаатарын цагаар 20.15-т нэг унц нь 2,247.16 ам.долларт хүрч тогтворжжээ.
Энэ хооронд АНУ-ын алтны фьючерс үнэ Нью-Йоркт 1.2%-иар өсч, 2265.70 ам.долларт хүрсэн байна. 2 дугаар сард хувийн хэрэглээний зардлын үндсэн индекс буурсан үзүүлэлттэй гарсан. 

2 дугаар сарын дунд үеэс хойш алтны үнэ ойролцоогоор 14%-иар өсөхөд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн аж. Жишээ нь томоохон Төв банкууд мөнгөний бодлогоо зөөлрүүлнэ гэсэн хүлээлт болон Ойрхи Дорнод, Украин дахь хурцадмал байдал зэрэг хүчин зүйлүүд алтны үнэд нөлөөлсөн гэж хэлж болно.

Түүнчлэн Хятадад тулгарч буй эдийн засгийн хүндрэлээс улбаалан хэрэглэгчдийн дунд алтны эрэлт нэмэгдэж, Төв банкууд, тэр дундаа Хятадын Төв банк алт худалдан авах үйл ажиллагаагаа эрчимжүүллээ. Сүүлийн 16 сарын хугацаанд Хятадын Төв банк алтны нөөцөө тогтмол нэмэгдүүлсэн аж.

Инфляцын тоо баримтыг нийтэлсний дараа ХНС-ийн дарга Жером Пауэлл "Бидний таамаглаж байсан дүн мэдээлэл бодитой гарлаа" гэж тайлбарлаад, бодлогын хүүг яаралтай бууруулах шаардлага байхгүй гэж мэдэгдлээ. Гэсэн хэдий ч своп хэлцлийн зах зээлүүд 6 дугаар сард ХНС бодлогын хүүгээ бууруулах магадлал нь 61% байгаа гэж таамаглаж байна. 

Энэ долоо хоногийн сүүлээр хөрөнгө оруулагчдад АНУ-ын эдийн засаг болон Төв банкны бодлогыг дүгнэх боломж дахин нээгдэх бөгөөд шинээр бий болсон ажлын байрны тоо дөрөв дэх сардаа дор хаяж 200 мянгаар нэмэгдэх төлөвтэй байна.
Дэлхийн тэргүүлэгч банкууд алтны үнэ цаашид өснө хэмээн таамаглаж байна.

JPMorgan Chase банк ашигт малтмалын зах зээлд алт нь шилдэг хөрөнгө оруулалт болно гэж өнгөрсөн сард мэдэгдээд, энэ онд нэг унц нь 2500 ам.доллар болно гэж мэдэгдэв. Үүнтэй адил Goldman Sachs групп өөдрөг байр суурьтай байгаагаа илэрхийлээд  алтны үнэ 2300 ам.долларт хүрнэ гэсэн таамаг дэвшүүллээ.

“АНУ-ын инфляцын үзүүлэлт хүлээгдэж байснаас арай доогуур гарсан. Энэ нь ХНС энэ оны дундуур бодлогын хүүгээ бууруулна гэсэн хүлээлтийг үүсгэж байна" гэж UBS банкны шинжээч Жованни Стауново даваа гарагт Ройтерс агентлагт бичжээ.
Ажил эрхлэлтийн тоо АНУ-ын хөдөлмөрийн зах зээл удааширч байгааг нотлох эсэхийг санхүүгийн зах зээл дахь тоглогчид сонирхож байна. Үнэ өсөхийн хэрээр үнэт эдлэлийн эрэлтийг бууруулж болзошгүй ч алтны эрэлт өндөр хэвээр байна" гэж Стауново тэмдэглэлээ.

Харин алтны ханшийн өсөлт нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг нэг их татсангүй. Дэлхийн алтны нөөц I улиралд 100 гаруй тонноор буурч, 3 дугаар сарын дундуур 2019 оноос хойших хамгийн доод түвшинд хүрсэн бол дараа нь бага зэрэг өссөн гэж Bloomberg мэдээлэв.

Эх сурвалж: oilprice.com