Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Ж.ГАНБАТ:  “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Д ОНЦГОЙ ДЭГЛЭМ  ТОГТООСОН ЭСЭХЭЭС ҮЛ ХАМААРАН ТОГТВОРТОЙ, ИЛ ТОД ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛЭХ НЬ НЭН ЧУХАЛ   

The Mongolian Mining Journal. /Jan.2024/


Уул уурхайн салбарын шилдэг хөрөнгө оруулагч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа, сүүлийн жилүүдэд тус компанийн эргэн тойронд  өрнөж буй үйл явдал, тулгамдсан асуудлуудын талаар Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбаттай MMJ-ийн сэтгүүлч Б.Ариунаа ярилцлаа. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК  дотоодын  хөрөнгийн зах зээлээс 2 их наяд хүртэлх төгрөгийн санхүүжилтийг татан төвлөрүүлэхээр  “Эрдэнэс” бондыг амжилттай арилжсан.  Татан төвлөрүүлсэн хөрөнгө оруулалтаар  “Уул уурхай-Дэд бүтэц-Аж үйлдвэр-Хөгжил” загвар бүхий дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжүүлж байна. Дээрх төслүүдийн хэрэгжилтийн талаар тодруулна уу?   
Монгол  Улсын экспортын голлох бүтээгдэхүүн нүүрсний худалдаа  нь  бусад ашигт малтмал алт, зэстэй харьцуулахад  тээвэр, ложистикийн уялдаа холбоо, дэд бүтцийн нарийн зохицуулалт  дор явагддаг.  
Гурван үе шаттай бонд гаргасан бөгөөд эхний ээлжийн арилжаагаар дотоодын зах зээлээс 800-гаад тэрбум төгрөгийн санхүүжилт татан төвлөрүүлсэн.

“Эрдэнэс Тавантолгой” ХК өртөг зардлаа бууруулах, дэд бүтцээ хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслүүдэд УИХ, Засгийн газрын холбогдох шийдвэрийн дагуу 2019 оноос эхлэн санхүүжилт, хөрөнгө оруулалт хийсэн.  
Тодруулбал, Тавантолгой-Гашуунсухайт,  Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, дээрх замуудын холболтын бүтээн байгуулалтын  төсөлд голлон анхаарч, хөрөнгө оруулсан. 

Мөн Тавантолгойн  цахилгаан станц төслийг эхлүүлэх, нүүрс баяжуулах үйлдвэр  байгуулах зэрэг техник эдийн засгийн тооцоолол, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ  бүрэн хийсэн төслүүдийг онцлон санхүүжүүлсэн юм. Түүнчлэн Гашуунсухайтын хилийн боомт дахь “Чингэлэг тээврийн терминал”, нүүрс ачилт, буулгалтын ложистикийн төв, усан хангамж зэрэг дэд бүтцийн төслүүд ч багтсан. 
2020 оноос Ковид цар тахлын нөлөөгөөр экспорт тасалдаж, борлуулалтын орлого хумигдан  компанийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэн ч улсын стратегийн чухал ач холбогдол бүхий дээрх төслүүдийн бүтээн байгуулалт зогсолтгүй үргэлжилж байна.  

Тус компани оны өмнөхөн “Miner`s awards 2023” уул уурхайн арга хэмжээний үеэр  Оны шилдэг хөрөнгө оруулагчаар шалгарсан.  Дээрх төслүүдээс гадна өөр ямар   чиглэлд хөрөнгө оруулалт хийсэн бол? 
Манай компани  төдийгүй Мон­гол Улсын  стратегийн ач холбогдолтой төсөл, хөтөлбө­рүүдийн санхүүжилтийг эрчимжүүлж, бүтээн байгуулалтыг амжилттай үргэлжлүүлэх боломж бүрдүүлсэн учраас “Шилдэг хөрөнгө оруулагч” компаниар шалгаруулсан гэж ойлгож байгаа. Одоогийн байдлаар нийт 2 орчим тэрбум ам.долларын санхүүжилт хийгдээд байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэ­лийн төмөр замын төсөл дуусч байгаатай холбоотойгоор цаашид хил дамнасан бусад төмөр замын төслийг богино хугацаанд хэрэгжүүлж, санхүүжилтийг шийдвэрлэхээр ажиллаж байна. Аливаа төслийн найдвартай, хэвийн үйл ажиллаагаанд эрчим хүч чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймээс эрчим хүчний хэрэглээг найдвартай эх үүсвэрээс хангах Тавантолгой дулааны цахилгаан станцын төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

Компанийн зүгээс санхүүжилт нь шийдэгдсэн  төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд гол   анхаарах зүйл юу байв? Танай компани хөрөнгө оруулалтдаа хэрхэн хяналт тавьж байна вэ? 

Ер нь бол томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд гүйцэтгэгч, захиалагч, санхүүжүүлэгч зэрэг оролцогч талууд   гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцлагатай биелүүлж, харилцан уялдаа холбоотой ажиллах нь чухал байдаг. Тодруулбал, гүйцэтгэгч тал нь гэрээнд тусгасан үүргийг чанартай биелүүлж, захиалагч тал нь гүйцэтгэлд хяналт  тавьж ажиллаж байгааг   үндэслэж санхүүжилтийг тухай бүр олгодог. Энэ зарчмыг баримталснаар хөрөнгө оруулалтын төслүүд амжилттай хэрэгжих нөхцөл бүрдсэн гэж ойлгож болно. 
“Эрдэнэс Тавантолгой” ХК хөрөнгө оруулалтын төслийн онцлогоос хамаарч хувьцаа эзэмших, эргэн төлөх нөхцөлтэй санхүүжилтийн гэрээ байгуулах, гүйцэтгэлд нь  хяналт тавих зэрэг байдлаар  ажиллаж байна.

Нүүрсний сонсголын үеэр зарим төслүүдийн хөрөнгө оруулалтын төсөвт өртөг өндөр байна гэдэг шүүмжлэл гарсан. Энэ талаар тодруулна уу? 
Нэг зүйлийг тодотгож хэлэхэд УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу хэрэгжүүлж буй зарим төсөлд “Эрдэнэс Тавантолгой” ХК зөвхөн санхүүжилт олгох үүрэгтэй оролцож байна. Зарим төслийг хэрэгжүүлэх, хяналт тавих этгээд нь тусгай чиг үүрэгтэй бусад субъектууд байдаг. Манай компани төсөвт өртгийн хэмжээ их, эсвэл бага байгааг тогтоох, дүгнэлт өгөх эрх бүхий байгууллага биш болохоор энэ асуултад мэргэжлийн хөндлөнгийн байгууллага хариулах нь зүйтэй болов уу.  

Өнгөрсөн онд нүүрсийг анх удаа Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр амжилттай арилжлаа. Цаашид юуг анхаарч ажиллах шаардлагатай гэж Та харж байна вэ? 
Анхны хэд хэдэн удаагийн биржийн арилжаа амаргүй байсан. Гэхдээ   биржийн арилжааг амжилттай зохион байгуулж, тогтворжуулж чадсан. Нүүрсийг биржээр хил нөхцөлтэйгээр борлуулна гэдэг нь  том хариуцлага хүлээж байна гэсэн үг. Иймээс тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулж, биржээр борлуулсан нүүрсийг хугацаанд нь худалдан авагч талд хүргэх тал дээр онцгой анхаарах шаардлагатай. 

Засгийн газрын зүгээс Монголын хөрөнгийн биржийн нээлттэй, ил тод, цахим арилжааны үйл ажиллагааг дэмжих,    дуудлага худалдаагаар борлуулсан нүүрсийг худалдан авагч талд товлосон хугацаанд хүргэх зорилгоор   экспортын нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлнэ. Биржээр борлуулсан нүүрсийг худалдан авагчид шуурхай хүргэх, тусгай гарц ашиглах саналыг  “Эрдэнэс Тавантолгой” ХК  дэмжиж байгаа. 

Манай компанийн хувьд биржээр борлуулсан нүүрсийг худалдан авагчид хүргэх тээвэрлэлтэд  онцгой анхаарч, холбогдох төрийн байгууллага, худалдан авагч, тээврийн компаниудтай үйл ажиллагаагаа уялдуулж, тээвэр зохион байгуулалттай холбоотой шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Биржээр арилжиж байгаа нүүрсний ихэнх хувийг танай компанийн борлуулалт эзэлж байна. Одоогийн байдлаар нүүрсний экспортын биет хэмжээ 67 сая тоннд хүрсэн  мэдээлэл бий.   Ерөнхий сайд өмнөд хөршид айлчлах үеэрээ Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэнэ хэмээн мэдэгдсэн.   Хятад улсын нүүрсний худалдан авалт 2024 онд энэ хэвээр үргэлжлэх үү?
Монгол Улсын нүүрсний экспортын биет хэмжээ цар тахлын өмнөх жил буюу 2019 онд 36.7 сая тоннд хүрч, манай улс тухайн жил түүхэндээ хамгийн их хэмжээний нүүрс экспортолж байсан. Харин өнгөрсөн 2023 онд Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээ 69.6 сая тоннд хүрч, 2019 онтой харьцуулахад 32.9 сая тонноор буюу 1.9 дахин өслөө. 

Нүүрсний экспорт ийнхүү мэдэгдэхүйц өсөхөд “Эрдэнэс Тавантолгой” ХК жинтэй хувь нэмэр оруулсан. Тодруулж хэлбэл, өнгөрсөн 2023 онд 34.4 орчим сая тонн нүүрсийг дангаараа борлуулсан ба үүнээс 9.8 сая тонн нүүрсийг биржээр арилжсан байна. Өөрөөр хэлбэл 2023 оны 2 дугаар сарын   9-нөөс 12  дугаар сарын 31-ний  өдрийг хүртэлх хугацаанд 65 удаагийн биржийн арилжаагаар 1.2 тэрбум ам.долларын  нүүрсийг амжилттай арилжлаа. Монголын хөрөнгийн биржээр өнгөрсөн онд 14 орчим сая тонн нүүрс борлуулсаны 70 орчим хувийг   “Эрдэнэс Тавантолгой” ХК дангаар борлуулсан гэсэн үг. 

Монгол Улс, БНХАУ-ын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, түүн дотроо нүүрсний худалдааг эрчимжүүлэх шаардлага бий.  

Эрдсийн зах зээлийн нөхцөл байдал тогтвортой байх тохиолдолд БНХАУ-ын манай улсаас худалдан авах нүүрсний хэмжээ буурахгүй байх төсөөлөл байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд  2024 онд олборлолт, борлуулалтын хэмжээг 2023 оны түвшнээс бууруулахгүй, харин нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш Монгол Улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байна. Компанийн авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар танилцуулбал?  
Онцгой дэглэм тогтоосон хугацааны сарын дундаж үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлт түүний өмнөх үетэй харьцуулахад эрс сайжирч, борлуулсан нүүрсний хэмжээ 4.1, тээвэр 3.9, экспорт 2, орлого 3.9, олборлолт 2.7 дахин тус тус нэмэгдсэн байна. Улсын төсөвт 3.3 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлсэн. Бид   жил гаруйн хугацаанд компанийн түүхэн дэх хамгийн өндөр олборлолт, борлуулалт, ашиг  орлоготой ажилласан байна. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд энэхүү үр дүнг онцгой дэглэм тогтоосон эсэхээс үл хамааран тогтвортой үргэлжлүүлэх тогтолцоог бүрдүүлэх нь нэн чухал. Мөн компанийн үйл ажиллагааг олон нийт, иргэдэд нээлттэй, ил тод байлгах замаар ард, иргэдийн эргэлзээг тайлж,  цахим системийг  хөгжүүлэх зорилго тавин ажиллаж, олборлолт, тээвэрлэлт, экспортын гэх мэт мэдээллүүдээ байгууллагын албан ёсны вэб сайтад байршуулаад байна. Цаашид бид улам боловсронгуй болгож, олон нийтэд нээлттэй ил тод байх зарчмыг баримтална. 


“Эрдэнэс Тавантолгой” ХК зах зээлд борлуу­лах нүүрсний үнийг хэрхэн тогтоож байна вэ?
Монгол Улсын Засгийн газар 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдөр 362 дугаар тогтоолыг баталж, нүүрсийг уурхайн ам нөхцөлөөр борлуулах шинэ гэрээ байгуулахыг зогсоож, хилийн үнээр худалдан борлуулах чиглэл өгсөн. Энэ дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК нь өнгөрсөн 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн нүүрсийг Монголын хөрөнгийн биржээр борлуулах үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байна. Улмаар, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулж буй нүүрсний үнийг нээлттэй, ил тод дуудлага арилжааны үр дүнгээр тогтоож байна. 

Биржээр арилжаалж байгаа  уул уурхайн бүтээгдэхүүнд хийсэн лабораторийн шинжилгээг үндэслэн худалдан авагч арилжаа хийдэг. Юуны түрүүнд   Гаалийн лабораторийн шинжилгээний дүгнэлт гардаг байх. Хил, гааль, нүүрс тээвэр, биржийн үйл ажиллагааны уялдаа холбоог Та хэрхэн дүгнэж байна вэ?
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Монголын хөрөнгийн биржээс баталсан Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, төлбөр тооцоог гүйцэтгэхэд баримтлах журамд заасны дагуу биржээр худалдах нүүрсний итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний товч дүгнэлт, чанарын үзүүлэлтийн мэдээллийг бэлтгэж, дуудлага арилжааны захиалгад тусгаснаар  худалдан авагчдад нээлттэй, ил тод мэдээлдэг.

Монголын хөрөнгийн биржээс дуудлага арилжаа амжилттай хийсний дараа    тодорсон арилжааны ялагчийн мэдээллийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ирүүлдэг. Улмаар манай компани дуудлага арилжааны ялагч, худалдан авагчтай нүүрс экспортын гэрээ  байгуулж, тус гэрээг татварын мэдээллийн нэгдсэн системд бүртгүүлж, Монголын хөрөнгийн биржид давхар мэдээлэл хүргэдэг. 
Татварын байгууллага биржээр борлуул­сан  нүүрс экспортын гэрээг батал­гаажуулсны дараа гаалийн байгууллагын лабораторийн дүгнэлт гарна. Өөрөөр хэлбэл, Хөрөнгийн биржийн арилжааны мэдээлэл эцэслэн татвар, гаалийн байгууллагад бүртгүүлж, баталгаажуулсны үндсэн дээр биржээр борлуулсан нүүрс экспортын гэрээ амжилттай хэрэгждэг.    

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь биржээр борлуулж буй нүүрсний чанарын баталгааг хангах зорилгоор худалдагч, худалдан авагч талууд аль аль нь нүүрсний дээж авах, шинжлэх боломжийг гэрээгээр олгож байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд гуравдагч тал буюу хөндлөнгийн хяналтын лаборатороор дээжийг шинжлэх, хяналт хийлгэх боломжтой. 

Эндээс дүгнэн хэлэхэд биржээр нүүрс арилжих, гэрээ байгуулах, Монголын хөрөнгийн биржид хүргүүлэх, татвар болон гаалийн мэдээллийн нэгдсэн системд бүртгүүлэх зэрэг  экспортын цогц үйл ажиллагаа нэгдсэн уялдаатай хэрэгжиж байна.  

Ярилцсан Танд баярлалаа.