Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

“Mongolia Day” хөрөнгө оруулагчдын сонирхлыг татлаа  

The Mongolian Mining Journal-ын сэтгүүлч Б.Ариунаа /Канад, Торонто хот/

Олон улсын хайгуул, олборлогчдын чуулга уулзалт (PDAC) 3 дугаар сарын 3-6-нд Канадын Торонто хотод эхэллээ. “Уул уурхайн Давос” гэгддэг уг арга хэмжээний үеэр дэлхийн 400 гаруй компани, 30 мянга гаруй төлөөлөл оролцож эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалт хайх, хамтран ажиллах боломж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ түншлэл тогтоох, дэвшилтэт технологи, инновациа танилцуулах, нэвтрүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцож, хамтран ажилладаг юм.

Энэ удаагийн PDAC чуулга уулзалт ногоон шилжилтийг онцолж, чухал ашигт малтмалыг тойрсон асуудлаар эхэлсэн нь онцлог байлаа. Чуулга уулзалтын эхний хэлэлцүүлэг, “Чухал ашигт малтмал, ирээдүйн чиг хандлага, бизнесийн орчин” сэдвээр өрнөсөн нь үүнийг  илтгэх биз ээ. Мөн Канадын Байгалийн нөөцийн парламентын дэд сайд Ж.Серре PDAC-2024 арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Ковидын дараах дэлхийн эдийн засгийн сэргэлт, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг ч өсгөж байна. Хүн төрөлхтний технологийн хөгжил дэвшил, газрын ховор элемент, өнгөт металл зэрэг чухал ашигт малтмалын хэрэгцээг улам бүр шаардах болсон. Тиймээс Канад улс чухал ашигт малтмалынхаа тоог 31 болгон нэмлээ. Мөн дэлхий нийтээр хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, ногоон шилжилтийг хэрэгжүүлэх нь чухал байгааг онцлох хэрэгтэй” хэмээсэн юм.

 

Түүнчлэн дэлхий нийтээр тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хангаж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхээр зорьж байна. Нэг үгээр хэлбэл байгалийн баялагийг ашиглаж байгаа ч унаган төрхийг нь алдагдуулж, уугуул соёлд нь нөлөөлөхгүйгээр үйл ажиллагаагаа эрхлэхийг дэмжихээ илэрхийллээ.

PDAC-2024 чуулга уулзалтын нээлтийн дараа “Mongolia Day” арга хэмжээг  Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци хамтран зохион байгууллаа. "Өдөрлөгт 7 төсөл илтгэл тавина. Үйл ажиллагаа нь тогтворжсон гадаадын хөрөнгө оруулалттай төсөл хөтөлбөрүүд Монгол Улсын Засгийн газартай хэрхэн хамтран ажиллаж байгаа, аливаа тулгарч буй асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа арга туршлагаасаа хувцаалцана. Харин шинээр хөрөнгө оруулалт татах сонирхолтой төслүүд үйл ажиллагаагаа танилцуулна" хэмээн МУУҮА-ийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа хэллээ. 

“Mongolia Day”-д 150 орчим компани, хувь хүн, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд оролцохоор бүртгүүлж, танхимд дүүрч байсан нь Монголын эрдэс баялгийн салбар олон орны анхаарлын төвд байж, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, хууль эрх зүй, олон улсад яриа хэлэлцээрийн түвшинд байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдийн цаашдын хэлэлцээрийг сонирхсон асуулт хариултаас ил байлаа. Манай улсын хувьд ашигт малтмалын потенциал ихтэй ба оролцогч компаниуд өөрсдийн төслүүдээ хөрөнгө оруулагчдад танилцуулж, салбарын чиг хандлага, зах зээлийн боломж, орчин үеийн дэвшилтэт технологийн талаар туршлага судалж, хөрөнгө оруулалтын боломжуудыг эрэлхийлнэ.

“Монголын өдөрлөг” арга хэмжээг УУХҮЯ-ны дэд сайд Б.Уянга нээж “Монголын эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын шинэчлэл” сэдвээр илтгэл тавьснаар эхлүүлсэн. Оролцогчдын сонирхлыг татсан дараагийн илтгэл “Эрдэнэс Монгол” нэгтгэлийн гүйцэтгэх захирал С.Наранцогтын “Эрдэнэс Монгол нэгдэл ба хөрөнгө оруулалтын боломжууд” сэдэв байлаа. С.Наранцогт “Тус нэгтгэлийн бүрэлдэхүүнд багтдаг 30 компани, хуулийн этгээдийн засаглал, менежмент, үйл ажиллагааг сайжруулах, тэдгээрийн уялдаа холбоог хангаж нэгдлийн компаниудын үнэ цэнийг нэмэх тогтолцоог бий болгох зорилгоор 2024-2028 дунд хугацааны стратеги боловсруулж баталснаа онцолллоо.

Мөн Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилт, аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд нэгдлийн харъяа томоохон орд газар, үйлдвэрүүд, түүний суурь дэд бүтцэд тулгуурлан 6 байршилд үйлдвэр, технологийн парк байгуулахаар болсноо хэлж хөрөнгө оруулагчдад хэлж хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахад нээлттэй талаар танилцуулав.

Энэ үеэр Монгол Улсын газрын ховор элемент түүний нөөц, баримтлах бодлогын талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар “Монгол Улсын хувьд газрын ховор элементийн тогтоогдсон нөөц 3.6 сая тонн. Цаашдаа энэ нөөц нэмэгдэх бүрэн боломжтой. Сүүлийн 30 жилийн тоон мэдээллээс харахад гадаадын шууд хөрөнгө оруулалтын 83 хувь нь уул уурхай, эрдэс баялагийн салбарт чиглэсэн байна. Мөн энэ салбар ДНБ-ий 24 хувийг, экспортын 94 хувийг дангаараа бүрдүүлдэг. Тиймээс уул уурхайн салбар дахь нөөц, олон улсын хөрөнгө оруулагчидтай хамтрах боломжууд, шинэ төслүүдээ танилцуулах хамгийн чухал талбар бол эрдэс баялаг, уул уурхайн салбарын дээд хэмжээний уулзалт болж байна” хэмээн хэллээ.

PDAC-2024 хөрөнгө оруулагчдын чуулганд энэ жил 130 гаруй орны 24 мянга гаруй төлөөлөгч, 1050 байгууллага, 487 хэвлэл, мэдээллийн хэрэгсэл  оролцож байгаа бол Монгол Улсаас төр, хувийн хэвшил, ТББ-ын 150 гаруй төлөөлөгч оролцлоо.

Энэ удаагийн чуулга уулзалтын ивээн тэтгэгчээр “Степ Гоулд”, “Занаду Майнз”, “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ оролцож байгаа бөгөөд “Mongolian Copper Prospecting Group”, “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэжас” компаниуд PDAC-2024 үзэсгэлэнгийн танхимын Монголын үзэсгэлэнгийн талбайд хөрөнгө оруулалтын төслөө танилцуулж, Монголоо сурталчилж байна.  Арга хэмжээ энэ сарын 6 хүртэл үргэлжилнэ.