Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

ОХУ шатахууны экспортыг хориглохоор боллоо

Ч.Сансар

Оросын нефть боловсруулах үйлдвэрүүд рүү  Украины дронууд халдсаны дараа Кремль шатахууны экспортоо зургаан сар хориглохоо мэдэгдлээ.

3 дугаар сарын 1-нээс уг хориг хэрэгжиж эхэлнэ гэдгийг ОХУ-ын Шадар сайд Александр Новакийн хэвлэлийн төлөөлөгч баталлаа. Ингэснээр боловсруулах үйлдвэрүүд "төлөвлөгөөт засвар үйлчилгээ" хийх боломжтой болно гэж тэрбээр хэллээ.

Дотоодын үнэ өсөж, хомсдол үүссэн гэх шалтгаанаар ОХУ өнгөрсөн оны 9-11 дүгээр сарын хооронд ийм хориг тавьж байсан.
Тэр үед Беларусь, Казахстан, Армен, Киргиз гэсэн ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан дөрвөн улс хоригоос чөлөөлөгдөж байсан. Энэ удаа дээрх дөрвөн улсаас гадна Монгол, Узбекистан, Гүрж улсын Өмнөд Оссети, Абхаз зэрэг мужууд хоригт хамрагдахгүй.

Түүхий нефть, нефть бүтээгдэхүүн, байгалийн хий нь Оросын хамгийн том экспортын бүтээгдэхүүнүүд. ОХУ Саудын Арабтай ОПЕК+ бүлгийн хүрээнд хамтран ажиллаж, нефтийн үнийг өндөр байлгахыг зорьдог.

Орос улс энэ оны эхний улиралд газрын тос, шатахууны экспортоо сайн дураараа өдөрт 500,000 баррелиар бууруулсан.
Өнгөрсөн онд “Газпром Нефть” компанийн Омск дахь боловсруулах үйлдвэр, Нижний Новгород хот дахь “Лукойл” компанийн NORSI боловсруулах үйлдвэр, “Роснефть” компанийн Рязань дахь боловсруулах үйлдвэр Оросод хамгийн их шатахуун үйлдвэрлэжээ.
ОХУ 2023 онд 43.9 сая тонн бензин үйлдвэрлэж, үүнээс 5.8 сая тонн буюу 13 орчим хувийг экспортолжээ.

Оросын бензиныг хамгийн их импортолдог улсуудыг тоонд Нигери, Ливи, Тунис зэрэг Африкийн орнууд ордог. Арабын Нэгдсэн Эмират нь мөн худалдааны гол түнш юм.


Эх сурвалж: yahoo.com