Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Т.БАТТУЛГА: “BUILD MONGOLIA 2024” ЭНЭ ОНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН САЛБАРУУДЫН ХАМГИЙН ТОМ, ХАМГИЙН ДАЛАЙЦТАЙ, ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ҮЗЭСГЭЛЭН БАЙХ БОЛНО

Жил бүрийн 4 сард уламжлалт ёсоор зохион байгуулагддаг бүтээн байгуулалт, дэд бүтцийн салбарын  үзэсгэлэн болох Build Mongolia 2024 энэ оны 4 сарын 24-26-ны өдрүүдэд Steppe Arena буюу Мөсөн өргөөнд зохион байгуулагдана.  Үзэсгэлэнгийн зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаар “Экспо Монгол” ХХК-ийн ерөнхий захирал Т.Баттулгатай ярилцлаа. 

-Манай улсад барилгын салбарт хэд хэдэн үзэсгэлэн зохион байгуулагддаг.  Build Mongolia 2024 үзэсгэлэнгийн онцлог, давуу тал юу вэ?

Build Mongolia үзэсгэлэнгийн хамгийн гол онцлог бол барилга, эрчим хүч, зам тээвэр, уул уурхай гэсэн 4 том салбарыг нэг дээвэр дор багтаан зохион байгуулдагт оршдог. Эдийн засгийн энэ дөрвөн том хамтын ажиллагааны үр дүнд бүтээн байгуулалт хийгдэж, дэд бүтэц хөгжиж, улс орны эдийн засгийн хөгжлийн нөөц бололцоо нэмэгдэж байдаг. Build Mongolia бас энэ салбарын олон улсын арга хэмжээ. Манай компани салбар бүрд олон улсын хэмжээний, олон улсын стандартад нийцсэн худалдааны арга хэмжээ бий болгохыг зорьж ажилладаг, түүний нэг нь Build Mongolia үзэсгэлэн.

-Тэгвэл үзэсгэлэнгээр дамжуулж оролцогч байгууллагуудад ямар давуу тал, боломжийг олгох вэ?

-Харилцан уялдаатай бүтээн байгуулалтын салбаруудыг нэгтгэдэг давуу талтай болохыг дээр дурдсан. Барилга, зам тээвэр, эрчим хүч, уул уурхайн салбарт хэрэглэгддэг олон техник технологи, машин механизм түүхий эд нэг учраас нийлүүлэгчдийн хувьд бүтээгдэхүүнээ нэг дор олон салбарын зах зээлд  танилцуулах боломжтой. Хүнд машин механизм нийлүүлэгчдийн хувьд барилга, зам, уул уурхай, эрчим хүчний салбар бүгд зах зээл нь, цемент бетон хийц үйлдвэрлэгчдийн хувьд барилга, зам, эрчим хүчний салбар бүгдээрээ зах зээл, эрчим хүчний тоног төхөөрөмж нийлүүлэгчдийн хувьд эрчим хүчний салбар, барилга, уул уурхай бүгдээрээ зах зээл болдог.Түүнээс гадна эдгээр салбарууд өөр хоорондоо нэг талаас ханган нийлүүлэгч, нөгөө талаас зах зээл болдог. Тийм учраас “Build Mongolia” үзэсгэлэн бүтээн байгуулалтын салбаруудын хувьд техник технологийн нэг цонхны үйлчилгээ, үзэсгэлэнд оролцогчдын хувьд зах зээлийн нэг цэгийн төвлөрөл юм.

-Манай улсад үзэсгэлэн, хурал зөвлөгөөн чамгүй олон зохион байгуулагддаг. Гэхдээ  ямар үр дүн гарсан бэ гэдгийг илэрхийлэх аргагүй.  Тэгэхээр энэ үзэсгэлэнгийн эдийн засагт үзүүлэх үр нөлөөг та хэрхэн харж байна вэ?

Хурал чуулганы зорилго өөр. Мэдээлэл солилцох, салбарын бодлогыг оночтой тодорхойлох гарц шийдэл эрэлхийлэх зорилготой байх. Тийм учраас төрийн оролцоотой, тэдний санаачилгатай хурал чуулган цөөнгүй болдог. Үр дүн нь хэр байдгийг бид тодорхойлохгүй. Харин үзэсгэлэн бол бизнесийн байгууллагыг хооронд нь холбох бизнесийн амьд харилцааны арга хэмжээ. Бизнесийн байгууллага бүр технологио сайжруулах, харилцаагаа өргөжүүлэх, зах зээлээ тэлэх замаар өргөжиж байдаг. Чухам эдгээр зорилгоо биелүүлэхэд нь манай үзэсгэлэн тусалдаг.

-Барилга, бүтээн байгуулалт, дэд бүтцийн салбар хөрөнгө оруулалт чамгүй шаардагддаг. Гэхдээ хөрөнгийн эргэлт нь худалдаа, үйлчилгээ зэрэг салбаруудтай харьцуулахад удаан байдаг шүү дээ. Тэгэхээр гадны хөрөнгө оруулагчид манай улсын барилга, бүтээн байгуулалтын салбарыг сонирхдог уу?

-Үзэсгэлэнд оролцогчид бол хөрөнгө оруулагчид биш, тэд Монголын барилга, дэд бүтэц, эрчим хүчний салбарт техник, технологи нийлүүлэх гэж ирдэг. Манай хөрөнгө оруулалтын орчин улам муудсан учраас гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол буурсан, хөрөнгө оруулалт сүүлийн хэдэн жил эрс багассан.

-Build Mongolia 2024 үзэсгэлэн салбартаа хэдийн байр сууриа эзэлсэн. Тэр ч утгаараа оролцох хүсэлтэй компани олон байгаа байх.  Оролцогчдын тоо, хамтын ажиллагааны талаар дурдвал?

-Build Mongolia үзэсгэлэн нь Монгол улсын эдийн засгийн чухал салбаруудад дэлхийн шилдэг техник технологи нэвтрүүлэх, бизнесийн байгууллагуудын олон талт хамтын ажиллагааны гүүр болохын зэрэгцээ эдгээр салбаруудын мэргэжилтнүүдийн бусадтай танилцах, харилцан мэдээлэл, туршлага солилцох, хөгжил дэвшлийн чиг хандлагын талаар мэдээлэл авах чухал орчин юм. Салбарт хүлээн зөвшөөрөгдөж, хүсэн хүлээдэг арга хэмжээ болсон. Үзэсгэлэнд оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Өнөө жил оролцогч улс орнууд, гадаадын компаниудын тоо эрс нэмэгдсэн. 10 гаруй орны 150 гаруй байгууллага оролцох гэж байна. Build Mongolia 2024 үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр бүтээн байгуулалтын шилдэг ханган нийлүүлэгч Премиум Бьюлдингс Мариалс ХХК оролцож байна.

-Үзэсгэлэнгийн зохион байгуулалтын талаар бидэнд товч мэдээлэл өгөхгүй юу?

-Үзэсгэлэнд салбар салбарын шилдэг байгууллагууд оролцож бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулахаас гадна үзэсгэлэнгийн үеэр оролцогчид, үзэсгэлэнг зорин ирэх зочдод зориулан барилга, уул уурхай, эрчим хүч, зам тээврийн салбарын технологийн хөгжлийн чиг хандлага, төрийн бодлогын талаар мэдээлэл өгөх зорилгоор салбар тус бүрийн форумууд зохион байгуулагдана. “Build Mongolia 2024” энэ оны бүтээн байгуулалтын салбаруудын хамгийн том, хамгийн далайцтай, хамгийн үр дүнтэй үзэсгэлэн байх болно. Барилга, уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн салбарын сүүлийн үеийн техник, технологитой танилцахын тулд тив алгаcч, улс дамнан аялахгүйгээр дэлхийн технологийг дэргэдээсээ олох боломжийг Build Mongolia 2024  олгож байна.

Сэтгэгдэл (1)

  • Банзрагч (66.181.190.112)
    Сайхан арга хэмжээ болох юм байна
    2024 оны 04 сарын 03 | Хариулах