Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Үйл явдал

Miners awards 2023 уул уурхайн шилдгүүдээ тодрууллаа

Монгол Улсын эдийн засгийн тулгуур багана болсон Эрдэс баялгийн салбарын 2023 оны шилдгийг шалгаруулах Miners awards 2023 болж шилдгүүдээ тодрууллаа. .

Тус шалгаруулалтыг

  1. ХАЙГУУЛ СУДАЛГААНЫ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА
  2. ШИЛДЭГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ
  3. ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ ЭРХЭМЛЭГЧ
  4. ШИЛДЭГ ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧ
  5. ШИЛДЭГ ТУСЛАН ГҮЙЦЭТГЭГЧ гэсэн 5 номинациар  тодруулсан юм.

ХАЙГУУЛ СУДАЛГААНЫ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА-ХАН АЛТАЙ РЕСУРС ХХК 

ХАН АЛТАЙ РЕСУРС ХХК нь 2018 онд Хан Алтай алтны үндсэн ордыг нээн илрүүлж өдгөө 131 тн алтны нөөцийг улсын эрдэс баялгийн санд бүртгэлжүүлсэн байна. “Хан Алтай” төслийн бүтээн байгуулалтад 1200 гаруй ажилтан ажиллаж байгаагаас 661 нь “Хан Алтай ресурс” ХХК-ийн үндсэн ажилтнаар ажиллаж, олон арван ажлын байрыг бий болгон, Баруун бус нутагт сайн эерэг нөлөө бүхий үндэсний алт боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар бүс нутагтаа хариуцлагатай уул уурхайг цогцлоон байгуулжээ.

ШИЛДЭГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ-ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК

Тус компани нь дотоодын хөрөнгийн зах зээлд нийт 620 тэрбум төгрөг болон 52 сая ам. долларын 4 транч бүхий “ЭТТ” бонд гаргаж хөрөнгө оруулалт татан “Уул уурхай-дэд бүтэц-аж үйлдвэр-хөгжил” загвараар төмөр зам, хатуу хучилттай автозам, нүүрс баяжуулах үйлдвэр, бүс нутгийг эрчим хүч ба усаар хангах, төмөр замын нүүрс ачиж буулгах байгууламж зэрэг дэд бүтцийн томоохон төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна.

ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ ЭРХЭМЛЭГЧ-МОЭНКО ХХК

МОЭНКО ХХК НЬ 2007 оноос эхлэн Ховд аймгийн нутагт орших Хөшөөтийн нүүрсний ордыг түшиглэн уул уурхайн олборлолт, экспортын төслийг хэрэгжүүлж байна. МОЭНКО ХХК нь 2023 оны байдлаар Улс орон нутгийн төсөвт 368 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлсэн бөгөөд Ховд аймгийн Хөшөөт Хөгжил Сан болон Орон нутгийн хөгжлийн санд 23.2 тэрбум төгрөгийн төвлөрүүлснээс гадна байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд 12.4 тэрбум төгрөгийг зарцуулж тухайн бүсийн оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах, орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр 143 төсөл арга хэмжээг зохион байгуулж 4.8 тэрбум төгрөгийн хандив тусламжийг орон нутагтаа үзүүлж ажиллажээ. 

ШИЛДЭГ ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧ-ГЛОЖЕКС КОНСАЛТИНГ ХХК

Тус компани  анх 2008 оноос эхлэн уул уурхайн зөвлөх үйлчилгээ, зураг төсөл боловсруулах чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд 2023 оны байдлаар 160 гаруй төслийн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, Техник эдийн засгийн үндэслэл, судалгааны ажлуудыг боловсруулж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр амжилттай хамгаалсан байна.

ШИЛДЭГ ТУСЛАН ГҮЙЦЭТГЭГЧ-ПЛАТИНУМ ЛАНД ХХК

Тус компани “Таван Толгой Оператор Түншлэл”-н гишүүн компани болж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цанхийн баруун уурхайд хөрс хуулах, нүүрс олборлох чиглэлээр туслан гүйцэтгэх үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байна. Тус компани нь жил бүр гэрээний үүргээ давуулан биелүүлж төслийн талбайд байгаль орчныг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг чандлан сахиж ажилласнаас гадна өөрийн хэрэгжүүлж буй төслүүддээ хариуцлагатайгаар байгаль орчныг нөхөн сэргээх арвин туршлагатай компани юм.

Miners awards 2023 арга хэмжээнд уул уурхайн салбарт ажиллаж буй аж ахуйн нэгж, байгууллага, гадаад дотоодын 400 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо. Арга хэмжээг нээж Монголын Уул уурхайн ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа үг хэллээ.