Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

АВСТРАЛИ МОНГОЛЫН ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР (AMEП II)

AMEП хөтөлбөр төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран Монгол Улсын эрдэс баялгийн салбарын ил тод, хариуцлагатай, өрсөлдөхүйц байдлыг бэхжүүлж салбарын тогтвортой хөгжлийг хангахын төлөө ажилладаг билээ.

Өнгөрсөн есөн жилийн хугацаанд төр, хувийн хэвшил болоод иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран олон талт, өргөн хүрээний төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд байна. АМЕП хөтөлбөр төгсгөлийн шатандаа орж байгаатай холбогдуулан бид дотоодын болоод олон улсын түншүүддээ хөтөлбөрийн үр дүнд бий болсон туршлага, ололт амжилтаа хуваалцаж байгаа юм.

Өнгөрөгч 10 дугаар сард “Mongolia Mining 2023” Олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэнд АМЕП хөтөлбөр Байгаль орчин, нийгэм, засаглалын (БОНЗ) тайлагналын ач холбогдлыг онцлон оролцов. Үзэсгэлэнгийн үеэр АМЕП хөтөлбөрөөс гаргасан БОНЗ-ын гарын авлагыг танилцуулж, хариуцлагатай уул уурхайн ач холбогдлын талаар олон улсын туршлагаас хуваалцсан юм. Тус үзэсгэлэнд АМЕП хөтөлбөр Австрали улсын зассан хэсэгт оролцон, 100 гаруй зочид төлөөлөгчдөд хөтөлбөрийн талаар мэдээлэл түгээж, хөтөлбөрөөс боловсруулсан гарын авлага, тараах материалуудыг хүргэсэн.

Мөн түүнчлэн “Монголын уул уурхайн долоо хоног” арга хэмжээнд АМЕП хөтөлбөр оролцож Уул Уурхай Хүнд Үйлдвэрийн Яам (УУХҮЯ)-тай хамтран хэрэгжүүлсэн эрдэс баялгийн салбар дахь “Жендэр, хүний эрхийн цахим сургалт”-ын багцыг танилцуулсан. Тус сургалтад салбарын 1200 гаруй ажилтан, албан хаагчид хамрагдаад байгаа юм. Үүнээс гадна АМЕП хөтөлбөрөөс монгол гэр засан, эрдэс баялгийн салбарт орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор гурван суманд зохион байгуулсан “Эрдэс баялгийн үнэ цэнийг нэмэгдүүлэх нь” төслийн үр дүнг дэлгэн үзүүлсэн. “Монголын уул уурхайн долоо” хоног арга хэмжээний үеэр АМЕП хөтөлбөрийн гэрт ирсэн 700 гаруй зочдод 5 хоногийн турш манай мэргэжилтнүүд орон нутгийн харилцааг үр дүнтэй бий болгох талаар санал солилцож, зөвлөгөө мэдээлэл хүргэсэн байна.

АМЕП хөтөлбөр 2023 оны 10 сарын 31-нээс 11 сарын 2-нд Сидней хотноо зохион байгуулагдсан арав дахь удаагийн “Олон Улсын Уул Уурхай, Эрдэс Баялгийн бага хурал” (IMARC) + Expo чуулганд оролцсон. Австралийн уул уурхайн хамгийн том арга хэмжээ гэгддэг IMARC чуулган нь олон улсад нөлөө бүхий удирдагч, манлайлагчид эрдэс баялгийн салбарын талаар үзэл бодол, саналаа солилцох нэр хүндтэй талбар болсноо батлав. Энэ онд чуулганы үеэр 120 гаруй улсаас 9000 гаруй хүн оролцсоноос гадна нийт 600 төлөөлөгч үг хэлж, 500 гаруй байгууллага, компани үзэсгэлэнд оролцсоноор тус чуулган уул уурхайн инновац, хамтын ажиллагааны зангилаа болсон байр сууриа бататгасан.

Энэ жилийн IMARC чуулганд УУХҮЯ-ны дэмжлэгтэй, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциац (МУУҮА)-ын зохион байгуулалтаар Монгол Улсын эрдэс баялгийн салбарын төлөөлөл өндөр ач холбогдол өгөн оролцсон юм. Чуулганы үеэр Монгол Улсын эрдэс баялгийн салбарыг олон улсын хөрөнгө оруулагч нарт сурталчлах зорилгоор “Монголын хөтөлбөр” тусгай арга хэмжээг амжилттай зохион байгуулсан бөгөөд тус арга хэмжээнд УУХҮЯ, МУУҮА, “Эрдэнэс Монгол” нэгдэл, Хан Алтай Ресурс ХХК, Занаду Майнз ХХК, ABM, Jade Gas, Xanadu Mines, болон TMK Energy байгууллагуудын төлөөллүүд илтгэл тавьж оролцсон. АМЕП хөтөлбөр үр дүнтэй хамтын ажиллагаанд түшиглэн хариуцлагатай хөрөнгө оруулалтын орчныг бэхжүүлэн ажиллаж буйгаа танилцуулсан билээ.

IMARC чуулганд Монголын хөтөлбөрийг Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин Сайд эрхэм хүндэт ноён Д.Даваасүрэн, Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайд эрхэм хүндэт хатагтай Кэйти Смит нар нээж үг хэлсэн. Австралийн Элчин Сайд эрхэм хүндэт хатагтай Кэйти Смит гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсыг сонирхох нь нэмэгдэж байгааг онцлон Австрали Улс Монгол Улсын хувьд гурав дахь хөршийн хувиар онцгой байр суурьтай болохыг дурдсан. Монголын хөтөлбөрийг нийт 100 гаруй зочид төлөөлөгчид үзэж сонирхсон юм.

Монголын хөтөлбөрийн үеэр AMEП хөтөлбөрийн багийн ахлагч Рена Гүендүез илтгэл тавьж, АМЕП хөтөлбөрийн ололт амжилт, хамтын түншлэлийн үр нөлөөг дүгнэсэн юм. Тэрээр “Хөтөлбөр хэрэгжсэн 9 жилийн хугацаанд манай зорилгын хэрэгжилт, үр дүн, нөлөөлөлд бидний эрхэм хамтрагч, түнш байгууллагууд хамгийн чухал үүрэгтэй оролцсон.” гэсэн юм.

Илтгэлийнхээ үеэр хатагтай Рена Гүендүез АМЕП хөтөлбөрийн ололт амжилтуудаас цохон тэмдэглэсэн бөгөөд Монгол Улсын Засгийн Газарт Үндэсний Геологийн Алба байгуулахад техникийн дэмжлэг үзүүлсэн, Геологийн мета-өгөгдлийн каталог системийн хөгжүүлэлт, ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний Монвал кодекс, 17 төрлийн ашигт малтмалын баялаг ордын нөөцийн ангиллыг тухайн төрлийн ашигт малтмалд хэрэглэх аргачилсан зөвлөмж боловсруулсан зэрэг төслүүдийг онцолсон юм. Мөн түүнчлэн AMEП хөтөлбөр Монгол Улсын эрдэс баялгийн салбар дахь хариуцлагатай уул уурхай, байгаль орчин, жендер, хүний эрх, БОНЗ зэрэг чиглэлүүдэд өндөр ач холбогдол өгч ажилладаг билээ.

“Монгол Улсад хариуцлагатай уул уурхай нь зорилго төдий биш, бодит байдал болсон” гэж Rena Guenduez тэмдэглээд, “Эдүгээ AMEП хөтөлбөр хаалтын шатандаа орж байгаа хэдий ч хамтрагч, түншүүд маань хариуцлагатай уул уурхайг үргэлжлүүлэн бэхжүүлнэ гэдэгт итэлтэй байна” хэмээн дүгнэв.

АМЕП хөтөлбөрийн хамтын ажиллагааны үр дүнд эрдэс баялгийн салбарын тогтвортой байдал, хариуцлагатай ил тод байдалд эерэг үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсын Засгийн Газар, Австрали Улсын Засгийн Газар хамтран “Австрали Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр (AMEП)”-ийг хэрэгжүүлж байна. АМЕП хөтөлбөрийг Австралийн Гадаад Хэрэг, Худалдааны Яам санхүүжүүлж, Адам Смит Интернэйшнл зөвлөх компани хэрэгжүүлдэг. AMEП Хөтөлбөр 2015 оны 4 дүгээр сард эхэлсэн бөгөөд 2024 оны 3-р сар дуустал үргэлжилнэ.