Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

“Mongolian Mining Journal”-ын 15 жилийн ойн дугаар хэвлэгдлээ

Монголын сэтгүүлзүйд уул уурхайн салбарын анхны төрөлжсөн сэтгүүл болж өнгө нэмсэн “Mongolian Mining Journal” 15 жилийн ойн дугаараа Таны өмнө дэлгэж байна. MMJ энэ дугаартаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарыг урьж, төрөөс эрдэс баялгийн талаар баримталж буй бодлого, уул уурхайн салбарын хөгжлийн талаар ярилцлаа.

Монгол Улсын төсөв жилээс жилд тэлж байгааг эдийн засагчид шүүмжилсээр. Гэвч төсөв тэлсээр. 2024 оны төсөв ч ялгаагүй. Манай сэтгүүлч Ц.Элбэгсайхан энэ талаар “Тэлж л байг уу?” гэж уншигч Танаас асууж байна. Та юу гэж хариулахаа бодоорой. Манай улс ирэх жил юунаас ямар орлого олж, ямар зарлага гаргах бол? Дуусдаг баялгаа ухаж зарсан мөнгөөрөө дундаршгүй баялаг бүтээх нь үү? Үүнийг манай сэтгүүлч Б.Халиун улсын төсвөөс хэрхэн шинжсэнийг Та MMJ-ийн энэ дугаараас уншаарай.

Газрын ховор элементийн талаар бид энэ дугаартаа онцолж, “Иннова минерал” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Ган-Очиртой ярилцсан юм. Танд сонин байх нь дамжиггүй. Монголд “Оюутолгой” компани орчин цагийн гүний уурхай бүтээн байгуулж буй. Газар доогуур тунел ухаж, гүний уурхай байгуулах ажлыг монгол залуус гардан гүйцэтгэж байна. Тэднийг ахлан ажилладаг Б.Азжаргал гэдэг залуутай манай сэтгүүлч ярилцсан юм. Шинэ үеийн шижигнэсэн уурхайчдын төлөөлөл юу ярихыг MMJ-ын энэ дугаараас сонирхоорой. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.   

Уул уурхайн компаниуд алтыг нь аваад, авдрыг нь торддог байх ёстой. Үүнийг ухуулахаар УУХҮЯ, АМГТГ, Уул уурхайн үндэсний ассоциац, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Үндэсний зөвлөл хамтран, зүүн бүсэд  “Хариуцлагатай уул уурхай” чуулга уулзалт хийв. Зүүн бүсэд болсон уг чуулга уулзалтыг манай сэтгүүлч Б.Ариунаа газар дээрээс нь сурвалжиллаа.

Тээвэрлэлтийг уул уурхайтай хэрхэн уялдуулахыг “Тээврийн 7 хоног” форумаар ЗТХЯ, УУХҮЯ, УБТЗ гээд холбогдох байгууллагууд хэлэлцлээ. Хоёр хөршийн төлөөлөл, олон улсын байгууллагууд оролцсон энэ арга хэмжээг MMJ тоймлов.   

“Эрдсийг эрдэнэст, ирээдүйг өндөр хөгжилд” уриатай манай сэтгүүлийг захиалан уншдаг захиалагч, уншигчдадаа баярлалаа. 15 жилийн турш бидэнтэй хамт байсан харилцагчдадаа баярлалаа. Та бүгдэд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Сэтгүүлээ захиалаарай.