Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Хүнд үйлдвэрийн салбарын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын даргын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 37 дугаар захирамжаар татварын орчинд дүн шинжилгээ хийх, нийгэм, эдийн засагт үүсээд байгаа эргэлзээтэй асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол татварын суурь шинэчлэл хийх шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгээр ахлуулан ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийнхэн 11 сарын 29-нд  “Монголын хүнд үйлдвэрийн салбарын эрдэс холбоо” ГҮТББ болон төмрийн хүдэр, нүүрс, жонш боловсруулах үйлдвэрийн төлөөллийг хүлээн авч уулзан, дотоодын аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй татварын ачаалал, дарамтыг тодорхойлж, тэдний үйл ажиллагаанд хүндрэл учруулж буй хуулиас давсан дүрэм журмуудыг цэгцлэхийн тулд татварын цогц шинэчлэлийн хүрээнд санал солилцсон юм. 

 

 

Уулзалтын үеэр, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн татварын нэгдсэн бодлогоор дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжсэнээр экспортыг төрөлжүүлж, эдийн засгийн өсөлт хүртээмжтэй болохын зэрэгцээ ажлын байр нэмэгдэхийн хэрээр ард иргэдийн бодит орлогын түвшин сайжрах тул татварын реформд салбар бүрийн саналыг тусгах нь чухал гэдгийг онцлов. “Монголын хүнд үйлдвэрийн салбарын эрдэс холбоо” ГҮТББ-ын зүгээс ашигт малтмалыг баяжуулах, боловсруулах шатанд үүсэж буй татварын ачаалал, зах зээлд худалдаалахад тулгарч буй хүндрэлүүдийг шийдвэрлэхийн тулд нэн шаардлагатай байгаа эрх зүйн зохицуулалтуудыг уламжилж байв. 

Цаашид дотоодын үйлдвэрлэл эрхлэгчид, нэмүү өртөг бүтээгчид, ажлын байр бий болгогчдыг татварын бодлогоор дэмжих, тэдэнд ногдуулж буй татварын төрөл зүйл, хувь хэмжээ оновчтой эсэх талаар аж ахуйн нэгжүүдийн саналыг нэгтгэн, татварын цогц шинэчлэлийг хэрэгжүүлснээр бодитой үр дүнд хүрнэ хэмээн ажлын хэсгийн гишүүд тодотголоо гэж Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.