Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай байна гэв

Монгол Улсын эдийн засаг 2023 онд 5,8 хувь, 2024 онд 6,2 хувиар өсөх төлөвтэй байна. Уул уурхайн салбарын үйлдвэрлэл нэмэгдэж, хувийн хэрэглээ сэргэн, төсвийн зардал тэлснээр эдийн засгийн өсөлтийг голлон тодорхойлохоор байгааг Дэлхийн банкнаас жилд хоёр удаа шинэчлэн танилцуулж буй “Монголын эдийн засгийн тойм” тайлангийн шинэ дугаарт дурджээ.

Монгол Улсын эдийн засаг 2023 оны эхний хагаст уул уурхайн салбарын өсөлтөд тулгуурлан эрчимтэй өссөн бөгөөд урьдчилсан үзүүлэлтүүдээс харахад оны сүүлийн хагаст өсөлтийн чиг хандлага хэвээр байна. Гэсэн хэдий ч эдийн засгийн өсөлт жигд бус байгааг тайланд дурджээ. Уул уурхайн бус салбарын идэвхжил харьцангуй сул байгаа нь эдийн засаг уул уурхайн салбараас хэт өндөр хамааралтай болж, уг салбарын мөчлөгийн хэлбэлзэлд улам ихээр өртөмтгий болсныг энэ үеэр онцоллоо.  

Дунд хугацааны эдийн засгийн өсөлт хурдсаж, 2025-2026 онуудад дунджаар 6 хувийг давах төлөвтэй байна. Үүнд “Оюу Толгой”-н олборлолт 2025 он гэхэд энэ оны түвшнээс хоёр дахин нэмэгдэх хүлээлт голлон нөлөөлж байна.

Гэвч эдийн засгийн төлөвт сөргөөр нөлөөлж болзошгүй томоохон эрсдэлүүд байсаар байна. Тухайлбал, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт хүлээлтээс доогуур байх, нүүрсний оффтейк гэрээний тодорхой бус байдал зэргээс шалтгаалан уул уурхайн экспорт төсөөллөөс бага байх боломжтой. Мөн дотоодод төсөв улам тэлэх, Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдлаас шалтгаалж газрын тосны үнэ өсөх зэрэг хүчин зүйлүүд инфляцын дарамтыг бий болгож болзошгүйг энэ үеэр санууллаа.  

Уг тайлангийн тусгай бүлэгт Монгол Улсын цахим үйлчилгээний салбар дахь худалдааны боломжууд нь эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлэх боломжтой талаар онцолжээ. Программ хангамж хөгжүүлэлт, харилцаа холбоо, цахим сурталчилгааны чиглэлээр давуу талаа өргөжүүлбэл урт хугацаанд Монгол Улс олон улсад цахим үйлчилгээ үзүүлэх боломжтой. Харилцаа холбоо болон интернэтийн хүртээмжид сүүлийн жилүүдэд ахиц дэвшил гарч байгаа ч сүлжээний хурд удаан, кибер аюулгүй байдал сул, өндөр ур чадвар бүхий мэргэжилтнүүд дутмаг зэрэг цахим дэд бүтцийн сорилтууд байсаар байгааг ч тайланд дурдсан байна.

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Таехюн Ли “Уул уурхайн түүхий эдийн экспорт огцом тэлснээр Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал сайжирч байна. Энэхүү эерэг нөхцөл байдлыг цаашдаа тогтвортой хадгалахад эдийн засгийг төрөлжүүлэх, түүхий эдийн үнийн хэлбэлзэлд тэсвэртэй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн бүтцийн өөрчлөлт, бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь чухал юм” гэлээ.

Инфляцын дарамжтыг бууруулж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхийн тулд төсвийн тэлэлтийг сааруулах шаардлага байгааг тайлангийн зөвлөмж хэсэгт дурджээ. Ингэснээр эдийн засагт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэх, гадаад хөрөнгийн зах зээлд Монгол Улсад итгэх итгэлийг бэхжүүлэх боломжтой юм. Мөн үнийн хөөрөгдөлтийг үүсгэхгзйгээр өрхийн бодит хэрэгдээг хамгаалахын тулд нийгмийн хамгааллын бодлого, зардлын үр ашгийг сайжруулах нь илүү оновчтой арга хэмжээ болохыг онцлов.