Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Газрын ховор элементийн чиглэлээр БНСУ-тай хамтарсан судалгааны төв байгуулах ажил эхэллээ

Монгол-Солонгос хоёр улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын бүх түвшинд яригдаж дэмжигдсэн “Газрын ховор элементийн судалгааны төв” байгуулах хамтын ажиллагааны саналыг бодит ажил хэрэг болгож байна.

Өнөөдөр буюу 2023.11.20-ны энэ өдөр БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний дэд сайд И Ху Хёнь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч, хамтарсан хорооны анхдугаар хурлаа зохион байгуулж, судалгааны төв байгуулах байршил дээрээ очиж ажиллан төслөө албан ёсоор эхлүүллээ.

Хамтарсан судалгааны төвийг Геологийн Судалгаа Шинжилгээний Төв ТӨҮГ-ыг түшиглэн байгуулах бөгөөд төсөл 5 жилийн хугацаанд үе шаттайгаар хэрэгжиж дуусах юм.

Хурдацтай хөгжиж буй эрэлт өндөртэй, ирээдүйтэй энэ салбарт цаг үеэ олсон чухал ажлын эхлэлийг бид тавьж байна. Цаашид үр дүнтэй ажил болгож, үйл ажиллагааг нь богино хугацаанд жигдрүүлэхийн төлөө хичээж, онцгой анхаарч ажиллана.

Судалгааны төв байгуулахын ач холбогдол нь:

-манай улсад хэтийн төлөв тогтоогдоод байгаа газрын ховор элемент, ховор металлын чиглэлээр хамтарсан судалгаа явуулж,

-тэдгээрийг хэрхэн хайх, ашиглах, боловсруулах шийдлийг тодорхойлох,

-ямар хэлбэрээр хаашаа экспортлох,

-яаж нэмүү өртөг шингээх,

-олон улсад өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх зэрэг чиглэлд үр дүнтэй хамтран ажиллахад оршино.

БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулах тус төвийн гүйцэтгэгчээр Солонгосын Геологи, эрдэс баялгийн хүрээлэн Kigam ажиллаж байгааг мөн тэмдэглэе.