Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Монгол Улсын 2024 оны төсвийг эцэслэн баталлаа

УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы баасан /2023.11.10/ гаргийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн  2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн нийт 27 хууль, тогтоолын төслүүдээр нэг бүрчлэн санал хураалт явуулж, эцэслэн баталлаа. Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар УИХ дахь АН-ын бүлгээс авсан хоёр цагийн завсарлагын хугацаа дууссан тул Засгийн газраас 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг  үргэлжлүүлсэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, “Монгол Улсын 2024 оны том төсөв батлах гэж байна. Төсвийн төсөл дэх  гоё нэртэй төслүүд ирэх жилийн валютын ханшийг өдөөдөг төдийгүй эргээд дараагийн жилүүдийн урсгал зардлыг нэмэгдүүлдэг. Үүн дээр цалин, тэтгэвэр тэтгэмж зэрэг нь төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлж, эдгээр асуудлууд нь эргээд үнийн өсөлтийг хурдасгадаг гэдгийг бүгд мэддэг болсон. Төсөв ийнхүү тэлж, томрох тусам илүү их эрх мэдлийг нэхэх болно” гэсэн байр суурийг илэрхийллээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны хүүхдийн үдийн хоолны зардал болон байгалийн гамшиг, давагдашгүй хүнд нөхцөлд нэн тэргүүн дайчлагддаг Онцгой байдлын ерөнхий газрын төсөв зэргийг энэ жилийн төсвийн төсөлд нэмж чадаагүй тул ирэх жилийн төсвийн төсөлд тусгах шаардлагатай байна” гэсэн санал хэлэв.

Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно,” гэж, тус хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн баталсанд тооцно” гэж заасныг хуралдаан даргалагч танилцуулсан. Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталъя гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжлээ.  

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-т “Нэгдсэн хуралдаан даргалагч Монгол Улсын тухайн жилийн төсвийн тухай хуулийн төслийн зүйл, заалт бүрийг уншин сонсгож, зүйл тус бүрээр нь санал хураалт явуулж батлуулна” гэсний дагуу санал хураалтыг явуулсан.

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг бүхэлд нь эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 77.4 хувь, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг бүхэлд нь эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.8 хувь,  Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг бүхэлд нь эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 84.9 хувь нь тус тус дэмжсэн юм.

Ийнхүү хууль, тогтоолын төслүүд эцэслэн батлагдлаа.