Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Дэйрдрэ Лингенфэлдер: Зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр байгуулах талаар ярилцаж байгаа

Х.Болор

“Оюутолгой” компани шинэ стратеги болон энэ оны III улирлын ажлын үзүүлэлтээ өнөөдөр сэтгүүлчдэд танилцууллаа. Тус компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер “Оюутолгой”-н гүний уурхайн олборлолт 3 дугаар сард эхэлсэн. Ил болон гүний уурхайн бүтээн байгуулалтын төслөөс зэсийн цогц бизнес болон өргөжиж, Дэлхийд зэсийн 4 дэх том уурхай болох сууриа тавиад байна. Хамгийн том болохдоо бус, хамгийн эерэг өөрчлөлт авчрах нь “Оюутолгой”-н хамгийн том зорилго. “Оюутолгой” компанийн шинэчилсэн стратегийг ТУЗ энэ оны 6 дугаар сард баталсан. “Хөгжил дэвшлийг хамтдаа бүтээе” уриатай шинэчилсэн стратегиэ Та бүхэнтэй хуваалцаж байна” гэж ярилаа.

Энэхүү шинэчилсэн стратеги “Шилдэг ажил олгогч байна”, “Байгаль орчноо эрхэмлэн хамгаална”, “Хөгжил дэвшлийн түнш байна”, “Тогтвортой үнэ цэн бүтээнэ” гэсэн тэргүүлэх 4 чиглэлтэй. Тус компанийн нийт ажиллагсдын 23.4% нь эмэгтэй. Энэ оны сүүлч гэхэд 25%-д хүргэхээр зорьж байгаа. Цаашид нийт ажиллагсдын 50%-ийг эмэгтэй болгохоор зорьж байгаа. Уурхайд эрэгтэйчүүд ажилладаг, уурхайн ажил эрэгтэй хүнд тохиромжтой гэдэг хэвшсэн ойлголтыг халж, эмэгтэйчүүд ч уурхайд ажиллаж чаддаг гэдгийг харуулахаар зорьж байгаа аж.

“Аюулгүй ажиллагааны гэмтэл бэртлийн давтамжийн үзүүлэлт гэж олон улсад өргөн ашигладаг үзүүлэлт байдаг. Энэ үзүүлэлт “Оюутолгой”-д 0.19%-тай байна. “Рио тинто”-гийн бусад уурхайтай харьцуулахад “Оюутолгой” хамгийн аюулгүй уурхайнуудын нэг. Ажиллагсад маань гэртээ эсэн мэнд очих нь бидэнд маш чухал” гэж тус компанийн хүний нөөцийн менежер Л.Мөнх-Оргил танилцуулав.

Хэвлэлийн бага хурлын үеэр дараах асуултад хариулт авлаа.

-“Оюутолгой” компани 1 шоо метр усыг хэдэн төгрөгөөр авч байгаа вэ. Одоо бол ашигласан усныхаа 86.7%-ийг дахин ашиглаж байна. Үүнийг хэзээ 100%-д хүргэх вэ. Ашигласан усаа дахин ашиглах, тодруулбал нэг усыг 3 удаа ашиглах боломж байна уу?

“Оюутолгой” компанийн Байгаль орчны менежер Т.Самданжигмэд:  

-Энэ оны 1 дүгээр сард шинэчлэгдсэн журмаар 1 шоо метр усанд 1679 төгрөг төлж байна. Өмнө нь 980 төгрөг байсан бол 70%-иар нэмэгдэж, 1679 төгрөг болсон. Усыг үр ашигтай зарцуулахаар тодорхой ажил төлөвлөсөн. Тухайлбал, 2024 онд урт хугацааны судалгаа хийнэ. Үүний үр дүнд усыг хэрхэн улам үр ашигтай ашиглах вэ гэдэг тодорхой арга зам гарч ирнэ. Ингэснээр ус ашиглалтыг нэмэгдүүлэх боломжтой болох юм.

-“Оюутолгой” компани хэзээ катодын зэс үйлдвэрлэх вэ?

“Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер:

-Манай компани үргэлж хөгжил дэвшлийн төлөө явах болно. 2028 он гэхэд жилд 500 мянган тонн зэс үйлдвэрлэхээр төлөвлөсөн. Үүнийг давуулах хүсэл эрмэлзэлтэй байгаа. Энэ хүрээнд яригдаж буй бас нэг хувилбар нь зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр байгуулах юм. Засгийн газар,” Рио тинто”, манай хувь нийлүүлэгчид энэ талаар ярилцаж байгаа. Энэ бол хурдан хийх төсөл биш. Төсөл хэрэгжүүлнэ гэвэл судалгаа хийнэ. Үйлдвэр барих уу гэдэг нь үүний дараа шийдэгдэнэ.

-2025 оноос ноогдол ашиг хуваарилж эхлэх үү?

-2025 оноос манай компанийн мөнгөн урсгал эерэг болно. Энэ бол ноогдол ашиг хуваарилна гэсэн үг биш. Яагаад гэвэл бид зээлээ төлж дуусгах шаардлагатай. Үүний дараа хувьцаа эзэмшигч болох Монгол Улсын Засгийн газар, “Рио тинто” компанид ноогдол ашгаа хурдан хуваарилахын төлөө хичээж ажиллана.

-Шинэчилсэн ТЭЗҮ аль шатандаа явж байна вэ?

-Манай компани шинэлсэн ТЭЗҮ-ээ 2023 оны 6 дугаар сард Засгийн газарт танилцуулсан. Одоо Эрдэс баялгийн зөвлөлөөс томилогдсон шинжээч нар дүгнэлтээ гаргахаар ажиллаж байгаа.

-Гүний уурхайн бүтээн байгуулалтад 1.6 тэрбум ам.доллар нэмж зарцуулах шаардлагатай гэж хөрөнгө оруулагч үзсэн. Үүнийг хэзээ хэлэлцэх бол?

-Нэмэлт санхүүжилтийн асуудлыг 2023 оны 11 дүгээр сарын 22-нд хуралдах ТУЗ-ийн хурлаар хэлэлцэнэ.

-III улирлын тайлангаас харахад баяжмалаас ялгасан зэс, алтны хэмжээ зорьсон хэмжээнээс давжээ. Гүний уурхайгаас олборлож байгаа хүдрийн агуулга нэмэгдэж байна гэсэн үг үү?

-Далд уурхайн хүдэр дэх зэсийн хэмжээ ил уурхайтай харьцуулахад 3 дахин их байгаа. Тиймээс далд уурхай ашигласнаар боловсруулж байгаа баяжмал дахь зэсийн хэмжээ өндөр байх болно. Далд уурхайгаас хүдэр олборлохын хэрээр манай борлуулалтын орлого нэмэгдэнэ. Тиймээс 2025 оноос манай компани эерэг мөнгөн урсгалтай болно гэж хүлээж байна. 2028-2036 онд Оюутолгойн үйлдвэрлэх зэсийн хэмжээ 3 дахин нэмэгдэнэ. Ирэх 10 жилд бүрэн хүчин чадалдаа хүрч, гүний уурхайн олборлолт 3 дахин нэмэгдэнэ.