Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Ж.Дэлгэрсайхан: Уурхайтай аймгуудад илүү төсөв хуваарилах нь төсвийн нэгдмэл шинж чанарт нөлөөлж болзошгүй

Ж.Дэлгэрсайхан

Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлтэй холбогдуулан, СЭЗИС-ийн дэд профессор Ж.Дэлгэрсайханаас дараах зүйлсийг тодрууллаа.

Х.Болормаа

-2024 оны улсын төсвийг тэлснээр инфляц өснө гэдэгтэй Та санал нэгдэх үү?  

-Төсвийн тэлэлт өндөр гэдэг нь үнэн. Цаг үеийн нөхцөл байдал, эдийн засгийн бүтээмж гээд олон хүчин зүйлсээс хамаарна. Дараа жилийн инфляцад төсөв нөлөөлнө гэдэгтэй санал нэг байна. Эдийн засагт хэтэрхий их мөнгө оруулах нь инфляцыг бүтээнэ гэдэг нь ойлгомжтой. Нөгөө талаас бид бүтээмж гэдэг зүйлийг ерөөсөө харгалзаж үзэхгүй байна. Улстөрийн хүрээнийхэн бүгд цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх ёстой гэж яриад байгаа. Монгол Улсын эдийн засгийн ерөнхий хэмжээ тэлээгүй, иргэдийн хөдөлмөрлөж байгаа хэсгийн бүтээмж нэмэгдээгүй, төрийн нийтийн үйлчилгээний бүтээмж нэмэгдээгүй тохиолдолд энэ нь гарцаагүй инфляц бий болгоно. Бараа бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт, уул уурхайн болон уул уурхайн бус эдийн засгийн өсөлт хэрхэн хангагдах вэ гэдэгтэй уялдуулж байж төсвийн тэлэлт нь инфляцад яг ямар хэмээтэй нөлөөлөх вэ гэдэг нь тодорхой болох байх. Гэхдээ 5 их наяд гэдэг бол өндөр тэлэлт гэдэгтэй санал нэг байна.

-Төсөв тэлж байгаагийн хэрээр ядуурал буурах учиртай. Ирэх жил ядуурал хэр багасах бол?

-2024 оны төсвийн хөрөнгө оруулалт харьцангуй чанаржсан юм уу гэж харагдана. Өнөөдрийг хүртэл үгүйлэгдээд байгаа эдийн засгийн суурь дэд бүтцийг бий болгоход анхаарсан юм уу гэж харж байна. Эдийн засгийн суурь дэд бүтцийг дэмжих, татварын зөв бодлого хэрэгжүүлэх замаар ядууралтай тэмцэх юм байна гэж ойлгож байгаа. Сөрөг өнцгөөс харж байгаа зүйл бол халамж. Цалин, тэтгэвэр, тэтгэмжээс гадна халамжийн ДНБ-д эзлэх хувь бараг 3 орчим хувь гэдэг бол халамж цар тахлын үеийнхээс буурах суурь тавигдахгүй нь ээ гэж харж болохоор байгаа.

-Төсвөөс иргэд юу хүлээх ёстой вэ?

-27 их наядын зарцуулалт эдийн засагт томоохон үр нөлөө үзүүлнэ. Иргэнд ч нөлөөлнө. 2024 онд халамж хэвээрээ байх учраас хүүхдийн мөнгө гэх мэтчилэн иргэдийн халамаар дамжсан орлого хэвээрээ байх бололтой. Эдийн засагт, суурь дэд бүтцэд чиглэсэн төслүүд эдийн засгийн хөгжилд нэлээд түлхэц үзүүлэх байх. Ялангуяа боомт, эрчим хүч, орон нутгийн замтай холбоотой төслүүд ирээдүйд эерэг нөлөө үзүүлнэ. Гэхдээ бид нэг зүйл анхаарах ёстой. Дулааны цахилгаан станцууд, авто замууд тээврийн салбарын эдийн засгийн хөгжилтэй уялдаж байж эерэг үр дүн гарна. Маш их хэмжээний мөнгөөр зам тавиад, тэр замаар өдөрт хэдэн машин явах вэ, ямар бүтээмж бий болох вэ, тэр замаар иргэдэд очих бараа, үйлчилгээний үнэ яаж хямдрах вэ гэдгээс хамаарна. Төсвөөс иргэд нийгэм, эдийн засгийн томоохон үр дүн хүлээх ёстой. Тодорхой тойрог, иргэн гэж явцуурч төсвийг харах нь төсвийн үндсэн зорилгыг сарниулдаг гэж би үздэг.  

-Төсөв тэлж байгаа үед иргэд юунд анхаарах вэ?

-Хамгийн том эрсдлүүдийг харвал төрийн оролцоо их өндөр байна. Төсвөөр дамжин орж ирж байгаа төрийн оролцооны түвшин 37-38 хувь. Төрийн оролцоо ингэж нэмэгдэхээр хувийн хэвшлийн орон зай, хөгжил, боломж хязгаарлагддаг. Энэ бол ихээхэн болгоомжлох ёстой зүйл. 2-рт, банкны салбар, мөнгөний зах тэлэх боломж хязгаарлагдана. Ингэснээр Монгол Улсын суурь салбар болох банк, санхүүгийн салбараар дамжаад, эдийн засагт нийлүүлэгдэх мөнгөний хэмжээнд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Ийм өндөр төсөв ямар үр дүн бий болгох вэ гэдэгт иргэд, олон нийт анхаарч, төсвийн хэрэгжилтийн явц, тайланг хянах шаардлагатай. Ийм томоохон хэмжээний төсвийг олон нийтийн хяналттайгаар хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна.

-Орон нутгийн төсөв нэмэгдсэн нь сайн уу, муу юу?

-Сүүлийн 10-аад жилд Монгол Улсын төсвийн эрхзүйн шинэчлэл, бодлогын шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа нэг гол зүйл нь орон нутгийн бие даасан байдлыг хангах, нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх, орон нутгийн санхүүгийн чадавхыг нэмэгдүүлэх чиглэлийн бодлогууд. Зам тавих, цахилгаан станц барих нь орон нутгийг хөгжүүлэхэд сайн үр дүнтэй байж болно. Гэхдээ орон нутгийн санхүүгийн чадавхыг нэмэгдүүлнэ гэдэг байдлаар уул уурхайн олон төсөл хэрэгждэг, уул уурхайн орлого ихтэй аймгуудад илүү төсөв хуваарилах, уул уурхайгаас олж байгаа орлогоос орон нутагт ихийг үлдээх бодлого бол Монгол Улсын төсвийн нэгдмэл шинж чанарт сөргөөр нөлөөлж болзошгүй.

-Өмнөх жилийн төсвийн гүйцэтгэл, алдаа, оноог дараа жилийн төсвийн төсөл боловсруулахдаа харгалзаж үздэг юм болов уу?

-Төсвийг хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулж байгаа байдал, Сангийн яамнаас гаргаж байгаа төсвийн гүйцэтгэлийн тайлан сайжирч байгаа. Хамгийн гол нь энэ гүйцэтгэл нийгэм, эдийн засагт ямар үр нөлөө үзүүлсэн бэ, төсвийн сахилга бат ямар байсан, дараа дараагийн жилүүдэд юу анхаарах вэ гээд өмнөх жилийнхээ сургамжаа дараа жилийн төлөвлөлттэй уялдуулдаггүй, өмнөхдөө суурилсан байдлаар явдаггүй. Төсвийн цикл бүрэн битүүрдэггүй. Ялангуяа УИХ төсвийн гүйцэтгэлийн тайланг анхны зорилттой нь уялдуулж, хүчтэй хяналттайгаар хэлэлцэх ёстой.