Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

The Mongolian Mining Journal сэтгүүлийн шинэ дугаар  хэвлэгдэн гарлаа

Монгол Улсын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдыг урин залахад ухаанаа уралдуулж байна. Өмнө нь урьж авчирсныгаа үргээсэндээ гэмшин, алдаагаа засахаар хичээж байна. Энэ чиглэлээр хоёр хөршдөө найр тавьж, гуравдагч хөршүүдийн үүдийг тогших боллоо. Уран гэдэг аюултай атлаа ашигтай бодисоор оролдохоор зориглов. Гуравдагч хөрш Францтай ураны “Зөөвч-Овоо” ордод хэрхэн хамтрахыг “Mongolian Mining Journal” тоймлолоо.  

“Монголын уул уурхайн 7 хоног”-т гадаад, дотоодын оролцогчид ам сайтай байлаа. Төр нь мэдээллээ хэрхэн өгч, хөрөнгө оруулагчид сонирхлоо яаж илэрхийлсэн талаар бид сурвалжлав. Манай улс Ашигт малтмалын тухай хуулиа шинэчилж, уул уурхайн салбараа зочдын ширээн дээр тавьж байна. Нэгэнт хуулиа шинэчилж байгаагийнх олон жил хэрэглэх, урт настай, хуудуугүй, хийгүй хууль батлах нь нэн чухал. Орон нутгийн иргэд, төсөл хэрэгжүүлэгч компанийн хооронд үүсдэг маргаанд энэ хуулиар цэг тавихад анхаарахыг бид санал болгож, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний нөгөө тал болох нийгмийн нөлөөллийн үнэлгээ гээчийг сануулж байна. Ашигт малтмалын тухай хуульд оруулж буй шинэ, содон өөрчлөлт, онцлог заалтуудыг “Mongolian Mining Journal” энэ дугаараар онцлон танилцуулах юм.

Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга, сайд  Б.Тулгатай хийсэн ярилцлага тохиолдлын зүйл биш ээ. Уул уурхайн салбарын орлого хүлээлтэд хүрэх эсэх нь хилийн боомтуудын хүчин чадлаас ихээхэн хамаарна. Үүнд хилийн боомтууд бэлэн үү? Эрхэм сайд энэ чиглэлээр юу хийж байна вэ? Та үүнд хариулт авах болно.

Ногоон нүүрс гэж Та сонссон уу? Монголын хувьд хар алт болоод байгаа нүүрс хэрхэн ногоон болохыг MMJ-ын энэ дугаараас сонирхоорой. Ногоон нүүрсний талаар манай сэтгүүлч Ц.Элбэгсайхан Танд тайлбарлаж өгнө. Банкны салбарт гадаадын хөрөнгө оруулалт татах талаар нэг хэсэг бишгүй ярьсан ч тэгсхийгээд намжсан. Намрын сэвшээ салхин дор энэ тухай яриа Төрийн ордноос дахин сэвэлзэх болов. Гадаадын банкны эерэг, сөрөг талыг “Mongolian Mining Journal” эн тэнцүүхэн дэнсэллээ.