Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Шатахуун тээвэрлэсэн 511 вагон хил дээр зогсож байна

Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлэн, шатахуун түгээх станцууд олгох шатахууны хэмжээгээ хязгаарлаж эхэллээ. “Сод Монгол” зэрэг зарим компанийн ШТС-ууд шатахуун олгохгүй байна. Үүнтэй холбоотойгоор Ашигт малтмал, газрын тосны газраас өнөөдөр дараах мэдээллийг өгч байна.  

Манай улс хэрэгцээт шатахууныхаа 95 орчим хувийг ОХУ-аас Сүхбаатар, Эрээнцав боомтын төмөр замаар, Цагааннуур, Боршоо боомтоор авто замаар импортолж байна. ОХУ-ын дотоод зах зээлийн нөхцөл байдалтай холбоотойгоор тус улсын Засгийн газраас энэ оны 9 дүгээр сарын 22-ноос тодорхойгүй хугацаагаар шатахуун экспортлохоо зогсоосон. Үүний улмаас ОХУ-аас манай улсад түлш, шатахуун нийлүүлээгүй, импорт тодорхой хугацаанд саатжээ. Ингэснээр манай улсын дотоодын зах зээл дээрх шатахууны хангамж, нийлүүлэлт доголдож эхэллээ.  

Монгол Улсын Засгийн газраас холбогдох арга хэмжээ авч ажилласны үр дүнд 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн, ОХУ-аас манай улсад Сүхбаатар боомтоор газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлж эхэлсэн юм. Гэвч нийлүүлэлт, эрэлтийн зөрүүнээс шалтгаалан, дотоодын зах зээл дээр шатахууны хангамж тогтворжиж чадахгүй байна.

Цагааннуур, Боршоо авто замын боомтоор импорт хийгдэхгүй байгаа тул төвийн бүсээс баруун бүсийн аймгууд руу шатахуун тээвэрлэж байна. Энэ нь дотоодын зах зээл дээрх шатахууны хангамжид тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа аж.

ОХУ манай улсад 9, 10 дугаар сард нийлүүлэх шатахууны ачилт, тээвэрлэлтийн хэмжээг 10 дугаар сарын дунд үеэс нэмэгдүүлж, Сүхбаатар өртөөгөөр сүүлийн 3 хоногт шатахуун  ачсан 213 вагон ирж ирсэн байна. Өнөөдрийн байдлаар шатахуун тээвэрлэсэн 511 вагон хил, өртөө, боомт дээр зогсож байна.

Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны ачилт, тээвэрлэлт, гааль, түгээлтийг шуурхай зохион байгуулах чиглэлд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Тухайлбал, импортоор орж ирсэн шатахуунтай вагонуудын гаалийн бүрдүүлэлтийг шуурхай хийх, вагонуудыг татан авах, ачааг өртөөдөд хүргэх, салаа замуудад тавих ажлыг шуурхай зохион байгуулах, хангамж тогтворжих хүртэлх хугацаанд уртасгасан цагаар хамтарч ажиллах дэмжлэгийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”, Гаалийн ерөнхий газарт хүргүүлээд байгаа ажээ.

Хил, боомт, өртөөнд зогсож буй шатахуунтай вагоны тоо, хэмжээг доорх хүснэгтэд үзүүлэв.