Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Төсвийн зорилго хангагдах эсэхийг үнэлэх боломжгүй гэж Үндэсний аудитын газар дүгнэжээ

Монгол Улсын ерөнхий аудитор Д.Занданбат 2024 оны улсын төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг өчигдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд танилцууллаа. 

Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг хэмнэлттэй, үр ашигтай боловсруулж, төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулан, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн эсэхийг 7 зорилтын хүрээнд хянажээ. Энэ хүрээнд төсвийн төсөл нь улсын хөгжлийн бодлоготой нийцсэн, төсвийн тусгай шаардлагуудыг хангасан гэж дүгнэжээ.   

“Төсвийн төсөлд макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, эрдэс баялгийн бүтээгдэхүүний экспортын хэмжээ, татварын орлого зэргийг өөдрөгөөр төсөөлсөн байна. Төсвийн ерөнхийлөн захирагч нар төсвийн төсөл боловсруулахдаа хөтөлбөр бүрийн өртгийг тооцоогүй, арга хэмжээний хүрэх түвшин, шалгуур үзүүлэлтийг бодитой тодорхойлоогүйгээс төсвийн зорилго хангагдах эсэхийг үнэлэх боломжгүй байна. 

Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хийгдэх төсөл, арга хэмжээний саналыг эрэмбэлэх, эдийн засаг, нийгмийн ач холбогдол, урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигтэй уялдуулан, эдийн засгийн бодит үр өгөөжийн тооцоо, судалгаа хийх аргачлалыг боловсруулан баталж, Өрийн удирдлагын тухай хуулийн 18.11 дэх заалтыг хэрэгжүүлэх шаардлагатай. Гадаад өрийн төсөвт үзүүлэх ачааллыг бууруулах зорилгоор дотоод үнэт цаас гарган, төсвийн алдагдлын тодорхой эх үүсвэрийг бүрдүүлэхээр төсвийн төсөл боловсруулсан боловч түүний үр ашгийг нарийвчлан тооцоолоогүй байна” гэж Үндэсний аудитын газар дүгнэснийг Монгол Улсын ерөнхий аудитор Д.Занданбат танилцууллаа.