Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

АТГ нүүрстэй холбоотой 43 хэрэг мөрдөн шалгаж байна

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс өнөөдрийн байдлаар авлигатай холбоотой 85 гомдол, эрүүгийн 820 хэрэг шалгаж байна. Үүн дундаас олон нийтийн анхаарал татсан зарим онцлох хэргийн талаар  АТГ-аас өнөөдөр мэдээллээ. Ингэхдээ прокурорын байгууллагаас зөвшөөрсөн мэдээллийг ил болгосон юм.

Эрдэнэс Тавантолгой” болон орон нутгийн Тавантолгой компанийг нүүрс олборлох, тээвэрлэх, худалдах, төмөр замтай холбоотой асуудлаар шалгаж байгаа. Нүүрстэй холбоотой 30 хэрэг мөрдөн шалгаж байгаад, 42 хэрэгт нэмж хавтаст хэрэг нээн, нийт 72 хэрэг шалгажээ. Үүнээс одоо 43 хэрэг мөрдөн шалгаж байна. 8 хэргийг нэгтгэн шалгаж байгаа бол 10 хэргийг шүүхэд шилжүүлжээ. Гэмт хэргийн үйлдэл тогтоогдоогүй 10 хэргийг хаах саналаа прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Шүүхэд шилжүүлсэн 93 хүн, хуулийн 2 этгээдэд холбогдох 10 хэргээс 6-г нь аймаг, нийслэлийн анхан шатны шүүх хэлэлцэн, шийдвэрлэжээ. Одоо 4 хэргийг шүүх хянаж байна. АТГ нийт 155 иргэн, албан тушаалтан, хуулийн 3 этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан аж.

Нүүрстэй холбоотой хэрэг олон жилийн хугацаанд үргэлжилсэн, өргөн цар хүрээтэй тул мөрдөн шалгах ажиллагаанд нэлээд цаг хугацаа шаардагдаж байна. Үүнээс гадна шүүх шинжилгээний дүгнэлт гаргуулах, гадаад улсын эрх бүхий байгууллагуудад тавьсан хамтран ажиллах саналын хариуг хүлээх, оролцогчдын зүгээс гаргаж буй санал, хүсэлтийг шийдвэрлэх зэргээс шалтгаалан цаг хугацаа орж байна. Нүүрстэй холбоотой хэргүүд шүүхээр нэгэн зэрэг шийдвэрлэгдэхгүй. Учир нь зарим  хэрэг цөөн үйлдэлтэй, цөөн оролцогчтой бол олон жил үргэлжилсэн, олон холбогдогч, олон оролцогчтой хэрэг ч бий”