Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Монгол Улсын эрдэс баялгийн салбарыг олон улсад сурталчилна

Б.Ариунаа

2023 оны аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 2-нд Австрали улсын Сидней хотод зохион байгуулагдаж буй IMARC 2023 олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалтад Монгол улсын төлөөлөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци хувийн хэвшлийн төлөөллүүд, АМЕП 2 хөтөлбөртэй хамтран оролцох гэж байна.

Уг чуулга уулзалтын талаар Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяагаас тодрууллаа.

Чуулга уулзалтад оролцох гол ач холбогдол нь юу вэ. Манай улсаас ямар төлөөлөл оролцож байгаа вэ?

-Тус чуулганы үеэр Монгол улсын эрдэс баялгийн салбарыг хөрөнгө оруулагч нарт сурталчлах зорилгоор “Монголын хөтөлбөр” (Mongolia program) арга хэмжээг зохион байгуулна. Гол зорилго нь Монгол Улсын эрдэс баялгийн салбарын хууль эрх зүйн орчин, хэрэгжиж буй төслүүдийн мэдээллийг оролцогч нарт хүргэж ажиллах юм.

Монгол улсаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх Б.Бямбадагва, Ашигт малтмал, газрын тосны газрын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Мөнхсайхан, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал гэсэн албаны хүмүүс оролцоно. Түүнчлэн “Эрдэнэс Монгол” ХХК, “Хан Алтай ресурс” ХХК, “Мера” ХХК, “Суурь төр” ХХК зэрэг эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй олон компаниудын төлөөллүүд оролцох юм.

ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАР ДАХЬ ТӨРИЙН БОДЛОГО ШИЙДВЭР РҮҮ ЧИГЛЭЛЭЭ

Саяхан уул уурхайн 7 хоног арга хэмжээ болсон. Үр дүнгийн талаар танилцуулаач?

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци хамтран  Монгол улсын эрдэс баялгийн салбарыг гадаадын хөрөнгө оруулагч нарт сурталчлах, тус салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, салбарын оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Уул уурхайн долоо хоног-2023” арга хэмжээг зохион байгуулсан. Маш олон хөрөнгө оруулагч, гадаад дотоодын байгууллагын төлөөллүүд оролцож өндөр үр дүнтэй хурал болсон.

Эрдэс баялгийн салбар дахь төрийн бодлого, шийдвэр, хууль эрх зүйн орчин, геологи эрэл хайгуул, хариуцлагатай уул уурхай, нүүрс, газрын тос, өнгөт металл, аж үйлдвэржилт, далд уурхай, өндөр технологийн түүхий эд зэрэг сэдэвчилсэн 13 хурал болж энэ сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, тодорхой шийдэл ойлголтод хүрсэн нь хамгийн гол ололт байлаа.

"Уул уурхайн 7 хоног"-ийг ажиглаж байхад ногоон хөгжлийн талаар илтгэл бүрт дурдагдаж байлаа. 

-Ногоон хөгжил дэлхий нийтийн анхаарлын төвд орж байна. Манай улсын эрдэс баялгийн салбар ч энэ чиглэл рүү хандаж ирээдүйд хөгжих нь тодорхой. Үүнээс гадна хариуцлагатай уул уурхай ба компанийн сайн засаглал, нэн тэргүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал, Ногоон технологи, ирээдүйн инженерүүд, ESG, жендэр зэрэг сэдвээр 7 бага хурал зохион байгуулсан. Нийт 20 хуралд 93 илтгэгч  эрдэс баялгийн салбарын холбогдох асуудлуудыг хөндөж, санал, шийдэл, цаашдын төлөвлөлтийг танилцуулсан нь чухал байлаа.

Хурлын үеэр гадаадын хөрөнгө оруулагчидтай Монголын талынхан уулзалт хэр зохион байгуулав.

-Гадаадын хөрөнгө оруулагч нарт мэдээлэл өгөх, хөрөнгө оруулагч нарт тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох зорилготой Монгол улс-БНХАУ, Монгол улс-ОХУ хооронд дугуй ширээний уулзалтыг зохион байгуулсан.

Хамгийн гол нь тус арга хэмжээг зохион байгуулахдаа эрдэс баялгийн салбарын оролцогч талуудын оролцоог хангах зорилготой байсан. Энэ хүрээнд холбогдох яамд, Элчин сайдын яамд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны харьяа салбарын төрийн байгууллагууд, аймгуудын Засаг дарга нар, Олон улсын болон дотоодын төрийн бус байгууллагууд, эрдэс баялгийн салбарын хувийн хэвшлүүдийн олон талын оролцоог хангах байлаа. Энэ зорилгодоо хүрч ажиллаж чадсан гэж дүгнэж байна.

Мөн тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга  Г.Занданшатар, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ХНХС  Х.Булгантуяа нар хүрэлцэн ирж оролцсон ба  Монгол улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нар эрдэс баялгийн салбарт баримталж буй төрийн бодлого, шийдвэрийг танилцуулж хэлэлцүүлэг өрнүүлж оролцсон нь оролцогчдод бодитой үнэлэлт дүгнэлт өгөх, Монгол Улсын байр суурийг илэрхийлэхэд чухал ач холбогдолтой байлаа.