Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

Нүүрсний экспорт ирэх онд 60 сая тоннд хүрнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. 

"Өмнөх оны төсвийн хүрээний мэдэгдэлд эдийн засгийн өсөлтийг 6.5 хувь гэж Сангийн яам тооцсон. Энэ жил 7 хувь гэж тооцсон нь нүүрсний экспорттой холбоотой. 2024 онд 60 сая тонн нүүрс экспортлох боломж бүрдээд байна.

Ирэх жилийн төсвийн нэмэгдэл нийтдээ 4.9 их наяд төгрөг. Үүний 3.4 их наяд төгрөг нь энэ оны хагас жилээр хийсэн цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл  юм. Үүнийг бүтэн жилээр тооцохоор нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Төсөв хөөсөрч тэлсэн явдал байхгүй” гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан хэллээ.

УИХын Хэвлэл, мэдээлэл, Олон нийттэй харилцах газраас: Эдийн засаг, хөгжлийн яамнаас нүүрсний экспортыг 50-55 сая тонн гэж төсөөлсөн ч хил орчмын зохион байгуулалт, дэд бүтцийн хөгжил, экспортын тээврийн зохицуулалт сайжирчээ. Одоо гүйцэтгэл 51 сая тонн болсон тул ирэх жилийн экспортыг 60 сая тонн гэж тооцсон байна.

Мөн эдийн засгийн өсөлтийг дэмжих гол суурь нь уул уурхайн салбар. Энэ өсөлтөд нүүрсний экспорт нөлөөлөхөөс гадна Оюутолгойн ордын алт, зэсийн агууламжууд нэмэгдэж байна гэв. Уул уурхайн бус салбарын өсөлтийг 5.5 хувь гэж тооцжээ.

Эцэст нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүд дэмжжээ хэмээн мэдээллээ.