Монголын хуульчдын холбоо, Нээлттэй нийгэм форум хамтран өнөөдөр Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөлөл оролцож, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулав. Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор 12 удаа хэлэлцүүлэг зохион байгуулахад иргэд, байгууллагуудаас 1315 санал иржээ. Төрийн байгууллагуудаас 138, төрийн бус байгууллагуудаас 428, УИХ, Засгийн газраас 1433 санал ирүүлсэн байна. Үүний 446-г буюу нийт саналын 35 хувийг төсөлд тусгаад байгаа аж.
Монголын хуульчдын холбоо, Монголын уул уурхайн үндэсний ассоциац, Монголын бичил уурхайн нэгдсэн “Дээвэр” холбоо, МУИС болон хуульчдын төлөөлөл хэлэлцүүлэгт оролцсон юм.
Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч П.Одгэрэл:
-Уул уурхайд яаж хяналт тавих вэ гэдгээ Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулах шаардлагатай байна. Алдаа гаргавал засах хугацаа нь тодорхой байх ёстой. Хариуцлагын тогтолцоо ил, хугацаатай байх ёстой. Хууль хэдий чинээ том байх тусмаа сайн. 400 заалтаа илүү тодорхой болго. Журмаар зохицуулж болохгүй бол хуулиар зохицуулна. Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулж чадахгүй бол Захиргааны ерөнхий хуулиар зохицуулна. Салбарын хуулиар зохицуулаагүй байх тусам ерөнхий хуулиар зохицуулах болдог. Ингэх тусам асуудал бөөрөнхий болдог.