Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

БАЙГАЛИЙН ХИЙ МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГТ ЧУХАЛ БАЙР СУУРЬ ЭЗЭЛНЭ

Б.Ариунаа

Австралийн Перт хотод төвтэй TMK Energy компани /“Тэлмэн ресурс” ХХК нэрээр Монголд үйл ажиллагаа явуулдаг/ Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байгалийн хийн олборлолтын төслийн үйл ажиллагаагаа эхлээд удаагүй байна. Тус төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа нүүрсний давхаргын метан хийн өргөтгөсөн үйлдвэрлэлийн туршилт хийж эхэлсэн бөгөөд хэрэв хийн үйлдвэрлэлийн томоохон нөөц тогтоогдвол олборлолтод шилжих аж.

Энэхүү ажлын туршилтын олборлолтын үр дүн, цаашид хэрэгжүүлэх төслийн ач холбогдлын талаар “TМK energy” компанийн Гүйцэтгэх захирал Брэндэн Статстай ярилцлаа.

Метан хийн хайгуулын ажлын эхний үе өндөрлөөд дараагийн шат руу орлоо гэж ойлгож болох уу. Учир нь өнгөрсөн долоодугаар сараас туршилт олборлолтын цооногт өрөмдлөг хийсэн нь ихээхэн үр дүнд хүрсэн талаар мэдээлж байсан?

“TМK energy” компани Монголд нүүрсний давхаргын метан хийн хайгуулын ажлыг анх эхлүүлсэн, одоо ч үргэлжилж байна.

Эхний үе шат дуусч дараагийнх руу орсон гэж хэлэхэд арай л эрт байна. Хайгуулын ажил дуусдаггүй урт хугацааны туршид байнга үргэлжлэн явагддаг үйл явц. Өнгөрсөн жилүүдэд зөвхөн хайгуулын ажлын хүрээнд 7 цооног өрөмдсөн бол энэ жил туршилт[1] олборлолтын нэмж 3 цооногт өрөмдлөг хийсэн. Бид туршилтын олборлолтыг 2 сар гаруйн хугацаанд гүйцэтгэж байна. Үр дүн маш эерэг гарч байна. Өрөмдлөгийн цооногоос гарсан хийг 3 сарын турш шатаасан, ингэснээр олборлолтын нөөцийг тооцоолох боломжтой болох юм.

Нүүрсний давхаргын метан хийн олборлолт газрын гүнээс олборлох бусад ашигт малтмалаас үйл ажиллагааны хувьд эрс ялгаатай. Өрөмдлөг хийж газрын гүн дэх нүүрсэн давхаргад хуримтлагдсан хийг илрүүлж улмаар олборлодог технологи. Нүүрсэн давхаргын метан хийн олборлолтын үйл ажиллагаа технологийн хувьд байгальд хамгийн ээлтэй. 3х3 хэмжээтэй сагсан бөмбөгийн талбайн хэмжээтэй газарт 22,8см-30,5 см диаметртэй цооногийг суурилуулж газрын гүнд хуримтлагдсан метан хийг олборлодог. Хөрсний гадаргад эвдрэл бага үүсч, үр ашгийн хувьд хүртээмжтэй байдгаараа онцлог.

Ер нь олборлох үйл явцын хувьд эхлээд хий маш бага гарч, хоёр жилийн дотор оргил үедээ хүрээд аажмаар багасдаг. Энэ бол олборлолтын энгийн л цикл. Бид Өмнөговь аймгийн Гурвантэс суман дахь Нарийнсухайтын нүүрсний бүлэг орд орчимд үйл ажиллагаагаа явуулж байна. Тэнд нэлээд олон нүүрсний уурхай үйл ажиллагаа явуулдаг ба хямд, найдвартай эрчим хүчний эх үүсвэрийн хэрэгцээ их. Бид олборлосон хийгээрээ цахилгаан үйлдвэрлэж, тухайн орон нутгийг эрчим хүчээр хангах зорилготой.

Монголын хувьд ашигтай төсөл байх болно. Метан хийн олборлолт байгальд аливаа сөрөг нөлөөгүй, хамгийн ээлтэйд тооцогддог гэдгийг дахин хэлье.

Тус компани Монголд анх метан хий илрүүлэхдээ хийн урсгалыг өсгөх зорилгоор гурван цооногийн насосны хурдыг нэмж, өргөтгөсөн үйлдвэрлэлийн туршилт явуулсан нь нэлээд үр дүнд хүрсэн. Ер нь метан хийн салбар эдийн засгийн хувьд ямар үр өгөөжтэй вэ?

Хэр ашигтай байх вэ гэхээсээ илүү хэдий хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах вэ гэдэг нь маш чухал асуудал. Манай компанийн хувьд үнэлгээ, судалгааны үе шатандаа явж байна. Одоогоор эдийн засгийн үр өгөөжийг хэлэх эрт байна.

Байгалийн хий Монголын эдийн засагт чухал байр суурь эзлэх боломжтой. Метан хий цэвэр, хямд, найдвартай эрчим хүчний эх үүсвэр. Монголд цэвэр эрчим хүчээр хангадаг хамгийн том нийлүүлэгч болохыг бид зорьж байна. Бидний ажлын анхны суурь амжилттай тавигдаж байна.

Манай гаргаж байгаа хий 96%- ийн чанартай. Энэ нь дахин боловсруулалт хийх шаардлагагүй тул шууд түгээх боломжтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хоолойгоор урсдаг хийн стандартад нийцсэн шаардлагыг хангаж байна гэж ойлгож болно.

Хайгуулын болон туршилт[1]олборлолтын талбайд нэлээд хэдэн цооног өрөмдлөө. Монголд үйл ажиллагаа явуулж буй гадны компанийн хувьд хайгуулаас олборлолт хүртэлх урт удаан ажлын гүйцэтгэлийн явцад ямар хүндрэл бэрхшээл тулгарч байна вэ? Хууль эрх зүйн таатай орчин хамгийн чухал нөлөө үзүүлэх байх.

Манай компани Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зохих зөвшөөрлөө авсан. Үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Хөрөнгө оруулалын орчин, хууль тогтоомж харьцангуй ойлгомжтой болсон. Бүтээгдэхүүн хуваах гэрээг Засгийн газартай байгуулсан, компанийн хувьд “Монголын алт” МАК компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан зэрэг Монгол Улсын хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулж байна. Австралид ч мөн адил ийм төсөл хэрэгжүүлэхэд багагүй саад учирдаг. Монголд бол бидний ажил харьцангуй хурдтай урагшилж байна. Харин тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллагаас маш олон зөвшөөрөл шаарддаг нь Австралиас ихээхэн ялгаатай юм.

Нүүрсний давхаргаас метан хий олборлох нь Монголын хувьд шинэ салбар учраас энэ талын танилцуулга мэдээлэл хүргэх нэн чухал. Метан хий нүүрс болон дизелиэс хэд дахин илүү үр ашигтай эрчим хүчний эх үүсвэр. Дотоодын эрчим хүчний зах зээлийг хөгжүүлэхэд нэн чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт бид итгэлтэй байна.

Метан хийн салбар харьцангуй шинэ салбар. Танай компани мэргэжлийн боловсон хүчнээр хэр хангагдсан бэ? Монгол ажилчдыг мэргэшүүлэх тал дээр ямар ажил хийж байна вэ?

Хүний нөөцийг чадавхжуулах, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхэд урт хугацаа зарцуулж байна. Олон жилийн тогтвортой үйл ажиллагааны хамгийн чухал загвар бол монгол залуусыг сургах, дотоодын ажилтнуудыг бэлтгэх явдал. Боловсон хүчний хувьд маш том хөрөнгө оруулалт гэж харж байна. Одоогийн байдлаар 25 хүнтэй. Үүний 4 нь австрали мэргэжилтэн, 21 монгол залуус бий. Нефть, хийн олборлолтын техникийн инженер, мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэх, яваандаа энэ талын боловсон хүчнийг олноор сургах, Монголд үйл ажиллагаа явуулж буй компаниудад боловсон хүчин нийлүүлэх зорилготой.

Австрал, Монголын Засгийн газрын эрдэс баялгийн хамтын ажиллагааны хөтөлбөр /АМЕР/-ийн тайланд Монгол Улсын метан хийн нөөцийг 7,4 их наяд м.куб гэсэн ерөнхий таамаглал гарсан. Танай төслийн хувьд хэр их нөөц тогтоогдсон бэ?

Энэ бол маш их тоо байна. Дээрх тоо бол урьдчилсан таамаглал төдий зураглалын дүнд гарсан тоо л доо. Манай төслийн хүрээнд 6,5 их наяд фүт (184 тэрбум м.куб) нөөцтэй гэсэн урьдчилсан таамаглал бий. Үүнээс цэвэр ашиглаж болох хийн хэмжээ 1,2 их наяд фүт (33,9 тэрбум м.куб), ирээдүйд олборлож болох боломжит тооцооллоор 5,3 их наяд фүт (154 м.куб) гэсэн урьдчилсан тооцоолол гарсан. Гэхдээ энд нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд манайх хайгуулын төсөл. Магадгүй олборлолт руу шилжихэд үйл ажиллагааны шинэ процессууд гарч ирэх байх.

Бид туулах замынхаа эхэнд зогсож байна, хийх ажил ч их байна. Ямар ч тохиолдолд амжилттай даван туулах ёстой. Хараат бус эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох, метан хийн олборлолтоор салбартаа тэргүүлэх, хамгийн туршлагатай компани болохын төлөө ажиллана.

Бид туулах замынхаа эхэнд зогсож байна, хийх ажил ч их байна. Ямар ч тохиолдолд амжилттай даван туулах ёстой. Хараат бус эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох, метан хийн олборлолтоор салбартаа тэргүүлэх, хамгийн туршлагатай компани болохын төлөө ажиллана.

Хийн олборлолтын үйл ажиллагаатай зэрэгцэн төслийн талбайн бүтээн байгуулалтын дэд бүтцийн ажлууд хэзээ эхлэх вэ?

Бидний эхлүүлсэн төсөл хэр удаан үргэлжлэх, хэр хэмжээтэй олборлолт хийгдэх, ямар бүтээгдэхүүн нийлүүлэх зэрэг тодорхой бус зүйл олон байгаа тул төслийн хүрээнд үйлдвэрлэлийн талбай, барилга байгууламж, тоног төхөөрөмж суурилуулах зэрэг нэгдсэн ТЭЗҮ боловсруулаагүй байна. Австралийн Квингсланд мужид хэрэгжүүлж байсан манай төслийн туршлагаас харахад газар доогуур суурилуулсан хоолойнуудаа хооронд нь холбож метан хийг тус хоолойгоор дамжуулан нэг дор цуглуулж зориулалтын том хэмжээний агуулах саванд хуримтлуулан тэндээсээ эцсийн хэрэглэгч рүү дамжуулдаг. Энэ туршлагыг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Эхний ээлжинд метан хийнээс эрчим хүч үйлдвэрлэх үү, эсвэл компаниудад шууд нийлүүлэх үү гээд олборлосон хийг ямар зорилгоор ашиглахаасаа шалтгаалаад байгууламжуудаа төлөвлөж барих юм. Энгийн ашигт малтмалын олборлолтыг бодвол метан хийн байгууламж харьцангуй цомхон байдаг ч оруулж байгаа хувь нэмэр нь маш том. Одоогоор 3 цооногтой. Дунд нь нэг оффисын байр, 2 км-ын зайтай ажилчдын кэмп байрлах ерөнхий зураглал гарсан байна.