Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Ойрхи Дорнодын мөргөлдөөн түүхий эдийн үнэ өсгөлөө

ЛОНДОН, 10-р сарын 9 (Ройтерс) - Израиль, Хамас хоёрын хоорондох цэргийн мөргөлдөөн Ойрхи Дорнодын газрын тосны нийлүүлэлтэд нөлөөлж болзошгүй гэсэн болгоомжлолыг төрүүлж түүхий эдийн үнэ зах зээл дээр даваа гаригт (10-р сарын 9) өслөө. Түүхий нефтийн үнэ 4% орчим нэмэгдэж, Лондонгийн металлын бирж дээр спот алт, зэсийн үнэ долоо хоногийн дээд цэгтээ хүрч, байгалийн хий, элсэн чихэр, улаан буудай зэрэг хэд хэдэн түүхий эдийн үнэ өссөн байна. 

Брент маркийн нефтийн үнэ 3.31 доллар буюу 3.9%-иар өсч, нэг баррель нь 87.89 ам.доллар болсон бол АНУ-ын баруун Техасын нефтийн үнэ 3.59 ам.доллар буюу 4.3%-иар өсч 86.38 ам.доллар болжээ. Энэ дайн Саудын Араб, Израиль хоёрыг ойртуулах гэсэн АНУ-ын хүчин чармайлтад аюул учруулж байна. Үүний зорилго нь Вашингтон, Эр-Рияд хоёрын хооронд батлан хамгаалахын гэрээ байгуулсны хариуд Саудын Араб Израильтай харилцаагаа хэвийн болгоход оршиж байсан. 

Спот алтны үнэ бараг 1%-иар өсч 1848.15 ам.доллар/унци болж, 9-р сарын 29-нөөс хойших хамгийн дээд цэгтээ хүрэв. Хэрэв нөхцөл байдал хурцадвал алтны үнэ 1900 ам.долларт хүрч магадгүй гэж RJO Futures-ийн зах зээлийн ахлах шинжээч Боб Хаберкорн хэлэв. Улс төр, эдийн засгийн хямралын үед алт үнэ цэнээ алдахгүй гэж тооцогддог. Зэсийн үнэ долоо хоногийн дээд цэгтээ хүрсэн ч гол хэрэглэгч Хятадын эрэлт ерөнхийдөө сул, ам.долларын ханш чангарч, зэсийн нөөц нэмэгдэж байгаа зэрэг шалтгаанаар зэсийн үнэ цаашид өсөх магадлал бага байна. Чикагогийн худалдааны бирж дээр улаан буудайн үнэ 0.75%-иар өсч, нэг бушель нь 5.72-1/4 доллар болжээ. StoneX санхүүгийн компанийн түүхий эдийн эрсдэлийн менежер Мэтт Аммерманн "Өмнө нь Ойрхи Дорнодын мөргөлдөөн голдуу эрчим хүчний зах зээлд нөлөөлдөг байсан, харин өнөөдөр уг хямрал бусад түүхий эдийн үнэ ханшинд  нөлөөлж байгааг бид харж байна" гэжээ.

Түүхий элсэн чихрийн үнэ фунт тутамд 1%-иар нэмэгдэж 27 цент болсон байна. Чихрийн нишингийг боловсруулж, био түлшинд ашигладаг этилийн спирт болон элсэн чихэр үйлдвэрлэдэг учир эрчим хүчний зах зээлийн хэлбэлзэл элсэн чихрийн үнэ ханшинд ихээхэн нөлөөлдөг. АНУ-ын байгалийн хийн фьючерс сүүлийн найман сарын дээд хэмжээнд хүрсэн. Үнийн өсөлтөд тус мөргөлдөөн болон Австралийн шингэрүүлсэн байгалийн хий (LNG) экспортлох үйлдвэрүүдийн ажилчдын ажил хаялт үүнд нөлөөлсөн. Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр 11-р сард нийлүүлэх хийн фьючерс 0.1%-иар өсч, нэг сая Британийн дулааны нэгж тутамд 3.342 доллар болжээ.