Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

2024 ОНД ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР ЗЭС ЗАРАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

Монгол Улс урт болоод дунд хугацааныхаа бодлогыг баталсан дэлхийн цөөхөн улсын нэг

-Уул уурхайн 7 хоног хоёр дахь өдрөө үргэлжилж байна –

Уул уурхайн 7 хоногийн өнөөдрийн үйл ажиллагаа Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарын “Эрдэс баялгийн салбар дахь төрийн бодлого”  сэдвээр үргэлжиллээ. Тэрбээр эрдэс баялгийн салбарт тулгамдаж буй асуудал, геологи, хайгууль, олборлолт, эдийн засгийн үр өгөөжийн талаар илтгэлдээ дурдаж, Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, шийдвэрийн талаар танилцууллаа.

Нийт газар нутгийн 45 хувьд 50,0 мянгын зураглалыг хийлээ

Монгол Улс урт болоод дунд хугацааныхаа бодлогыг баталсан цөөхөн улсын нэг. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх гэсэн хоёр үндсэн чиглэлээр гол анхаарлаа хандуулж ажиллана.

Уул уурхайн салбарын тухай ярихдаа геологийн судалгааны талаар хамгийн түрүүнд авч үзэх ёстой. Геологийн суурь судалгаагүйгээр хайгуул, уурхай, олборлолтын талаар ярих боломжгүй. Геологийн суурь судалгаанд чухал ач холбогдол өгч байгаа. 1950-2006 оны хооронд нийт газар нутгийн хэмжээнд 200,0 мянгын зураглалыг манай улсын геологичид хийж дуусгасан.  1970 оноос өнөөдрийг хүртэл нийт газар нутгийн 45 хувьд 50,0 мянгын зураглалыг хийлээ. Ингэсий үр дүнд Эрдэнэт, Оюу толгой, Эрдэнэс Тавантолгой зэрэг томоохон ордууд нээгдсэн.

Тэрбээр “Өчигдөр зочин илтгэгч Р.Фрийдланд  хэлэхдээ орчин үед өрөм тавихгүйгээр геологийн суурь судалгааг агаарын геофизикийн тусламжтайгаар томоохон ордуудыг илрүүлэх бүрэн боломжтой. Техник технологи ч энэ чиглэлээр хөгжсөн гэж хэлснийг та бүхэн сонссон. Монгол Улсын төрийн бодлого ч ийшээ чиглэж байгаа гэв.

Цааш нь ярихдаа, геологи хайгуулын суурь судалгааны асуудлыг ярихдаа зэсийн асуудлыг заавал дурдах ёстой. Зэс бол металлуудын хаан гэж нэрлэгддэг. Монгол Улсын зэсийн нөөцийг 61,4 хувь гэсэн судалгаа бий. Яг ийм нөөцтэй ордыг одоохондоо урд болон хойд хөршид олоогүй байна. Тэгэхээр бид энэ давуу талаа ашиглах ёстой талаар дурдлаа. Түүнчлэн газрын тосны нөөц 33,4 сая тонн гэсэн судалгаа бий. Бид газрын тосны чиглэлээр хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахад үүд хаалга нээлттэй байна хэмээн онцолсон юм.

Биржээр зэс зарахаар төлөвлөж байна

Ж.Ганбаатар сайдын илтгэлийн бас нэгэн чухал хэсэг бол биржийн тухай байлаа. Нүүрсээ биржээр зарж эхэлснээс хойш нүүрсний экспорт нэмэгдсэн. Гадаад валютын нөөц нэмэгдсэн. Нүүрсний ангилал шинэчлэн батлагдсан. Авлига хээл хахуулийн асуудал тодорхой хэмжээнд цэгцэрсэн. Экспортод гаргаж байгаа нүүрсний биет хэмжээ нэмэгдсэн. Цаашдаа бид 2024 онд биржээр зэсээ зарж эхэлнэ. Биржээр нүүрс зарахаас өмнө эрчим хүчний нүүрс 2% зарагддаг байсан бол биржээр зарж эхэлснээс хойш энэ төрлийн нүүрсний арилжаа өсч 11 хувьд хүрлээ. 2024 онд 60 сая тн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй. Монгол Улсын уул уурхайн голлох боомтуудын тоо нэмэгдсэн. Өмнө нь ганцхан Замын-Үүд боомтоор уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортолдог байсан бол өнөөдөр 10 боомт болж өргөжлөө гэв.

Уул уурхайн 7 хоногийн Хууль ба тусгай зөвшөөрлийн олголт сэдвийн хүрээнд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл сэдвээр УУХҮЯ-ны УУБГ-ын дарга М.Мэндбаяр илтгэл тавьснаар үргэлжилж байна.

Харин Шангри-Ла зочид буудлын их танхимд Xcalibur Multiphysics компанийн бизнесийн хөгжлийн албаны ахлах менежер Мартин Фрере Геологийн судалгаанд нэвтэрч буй шинэлэг аргачлал сэдвээр илтгэл тавих бөгөөд тус компани Монгол Улсын Засгийн газраас зарласан Монгол Улсад геологийн суурь судалгаа хийх  нээлттэй тендерт шалгарчээ.

Өнөөдрийн онцлох сэдэв геологийн суурь судалгаа, ашигт малтмал байх бөгөөд Геологи хайгуулын судалгаан дахь цаашдын чиг хандлага, Хариуцлагатай уул уурхайг Монголд нутагшуулах нь хэлэлцүүлгээр өндөрлөх юм байна.