Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Mongolia Mining 2023 үзэсгэлэнд 20 гаруй орны 100 гаруй байгууллага оролцож байна

Mongolia Mining 2023 олон улсын уул уурхай, газрын тосны 12 дахь удаагийн үзэсгэлэн Буянт-Ухаа спортын төв ордонд эхэллээ. Энэ сарын 3-5-нд зохион байгуулах уг үзэсгэлэнд 20 гаруй орны 100 гаруй байгууллагууд оролцож байна.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг үзэсгэлэнд уул уурхай, газрын тосны олборлолт, хайгуулын компаниуд, үйлчилгээ тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчид, үнэлгээ консалтингийн компаниуд, хөрөнгө оруулагч, банк санхүү зэрэг эдгээр салбарт оролцоо бүхий гадаад, дотоодын байгууллагууд өргөнөөр оролцож буйгаараа онцлог аж.

Зохион байгуулагч “Майнэкс Монголиа” ХХК-ийн захирал Т.Баттулга: “Mongolia Mining ” үзэсгэлэн бол уул уурхайн салбарынхны хамгийн их хүсэн хүлээдэг арга хэмжээ. Уул уурхайн ханган нийлүүлэгчдийн хувьд зах зээлээ тэлж, бизнесээ өргөжүүлэх хамгийн гол орчин юм.

Уул уурхайн салбарын ханган нийлүүлэгчийг уул уурхайн салбартай, гадаадын бизнесийн байгууллагуудыг дотоодын компаниудтай холбож өгдгөөрөө чухал ач холбогдолтой. Мөн уул уурхайн салбарт гарч байгаа дэвшилтэд технологийг уул уурхайн үйлдвэрлэлттэй холбодог хамгийн чухал орчин гэдгийг нээлтийн үеэр онцоллоо.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд П.М.Сингх:БНЭУ энэ удаагийн үзэсгэлэнд хамтран ажиллагч байгууллагаар оролцож байна. Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжил сүүлийн жилүүдэд эрчимтэй өссөн. Монгол Улс АНУ, БНСУ зэрэг оронтой уул уурхайн чиглэлээр хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан нь энэ салбарын хөгжилд томоохон түлхэц болно гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Засгийн газраас зөвхөн уул уурхайн салбар бус бусад бүх чиглэлээр улсаа хөгжүүлэхийг эрмэлзэж байгаа. Энэ утгаараа  уул уурхайтай холбоотой бусад салбарынхан үзэсгэлэнд оролцож байгаа нь онцлог боллоо. Энэтхэг улсын хувьд  Дорноговь аймагт газрын тосны үйлдвэр барьж эхлээд дөрөвдүгээр үедээ орсныг дуулгахад таатай байна” хэмээн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ дурдлаа.

Үзэсгэлэнгийн үеэр уул уурхайн салбарын дэлхийд тэргүүлэх технологийг 3 өдрийн турш дэлгэн харуулахаас гадна, эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, холбогдох хуулиуд, Монгол улсад хэрэгжих уул уурхай дэд бүтцийн төслүүд сэдвээр семинар болох бөгөөд  тоног төхөөрөмжийн үзүүлэх тоглолтууд зохион байгуулах аж.