Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Газрын тос, хүнд үйлдвэрийн салбарынхан нүүрстөрөгчийн ялгарлыг хязгаарлах талаар чуулав


Ч.Сансар


Газрын тос, байгалийн хийн томоохон компаниуд хүнд үйлдвэрийн удирдлагуудтай  зөвшилцөн нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулахад хамтран ажиллах асуудлаар 10 дугаар сарын 1-нд Арабын Нэгдсэн Эмират улсад чуулж байна. Уг уулзалт нь ирэх сарын НҮБ-ын COP28 Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн хурлын өмнө зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой.

COP28 дээд хэмжээний уулзалт 11 дүгээр сарын 30-наас 12  дугаар сарын 12-ны хооронд Дубайд болно.

COP28 уулзалт нь дэлхийн дулаарлыг хязгаарлахыг эрчимжүүлэх   боломжийг Засгийн газруудад олгоно хэмээн үзэж байна. Одоогоор улс орнууд дэлхийн температурын өсөлтийг 1.50С хүртэл хязгаарлах амлалтаа биелүүлж чадахгүй байна гэх мэдээлэл гараад байна.

“Өнөөдөр бид COP-ийн түүхэнд урьд өмнө байгаагүй зүйлийг хийлээ. Бид утаа ялгаруулалтын хувьд эрэлт, нийлүүлэлтийн талуудыг  нэгтгэж чадсан” гэж COP28-ын Гүйцэтгэх захирал Аднан Амин Ройтерс агентлагт ярьжээ.

Энэхүү уулзалтад газрын тос, байгалийн хийн салбар (нийлүүлэлтийн тал), болон хөнгөн цагаан, ган, цемент үйлдвэрлэлийн (эрчим хүчний эрэлт хэрэгцээний тал) салбарыг төлөөлсөн 50 гаруй компанийн Гүйцэтгэх захирлууд оролцов.

COP28-ын ерөнхийлөгч Султан аль-Жабер уг уулзалтыг зохион байгуулж, АНУ-ын цаг уурын асуудал хариуцсан элч Жон Керри оролцлоо. Оролцогчид устөрөгчийг арилжааны хэлбэрт оруулах, нүүрстөрөгчийг барих технологийг өргөжүүлэх, метан хийг арилгах, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцсэн.

Чуулганы ерөнхийлөгч Султан аль-Жабер газрын тос, байгалийн хийн салбарынхан уур амьсгалын өөрчлөлтийн талаарх яриа хэлэлцээрт оролцох ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр эрчим хүчний салбарын нүүрстөрөгчийн ялгаруулалтыг 2050 он гэхэд бүрэн тэглэж, метаны ялгаруулалтын ихэнхийг 2030 он гэхэд арилгахыг уриалав.

COP28-ын өмнө улс орнууд чулуужсан түлшнээс татгалзах  болон нүүрс, газрын тос, байгалийн хийг үргэлжлүүлэн ашиглахыг хүсэж буй гэж хоёр талд хуваагдсан хэвээр байна.

"Хэрэв газрын тос, байгалийн хийн салбар нүүрстөрөгчөөс ангижрах, метаны хийг бууруулах гэрээ байгуулвал энэ нь бидний асуудлыг шийдэхэд асар их хувь нэмэр оруулна" гэж Амин хэлжээ.

Эх сурвалж: mining.com