Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Г.Отгонтуяа: “Энержи ресурс” ХХК Уурхайн  усны хэрэгцээг бүрэн шийдэж, Цогтцэций сумыг  ундны цэвэршүүлсэн усаар хангаж байна

“Энержи ресурс” ХХК уул уурхайн үйлдвэрлэлд ус ашиглалтын менежментийг хэрхэн явуулж буй талаар  Нийгмийн хариуцлага, Олон нийтийн харилцааны менежер Г.Отгонтуяагаас тодрууллаа. 

“Энержи ресурс” компани нүүрс угаах үйлдвэрлэлд хэдий хэмжээний ус ашиглаж байна вэ? 
Олборлолт болон баяжуулалтын хэмжээнээс шалтгаалан усны ашиглалт ба дахин ашиглалтын хэмжээ харилцан адилгүй байдаг. 2019 оноос хойш л гэхэд бид баяжуулалтын нэг тонн тутамд ашиглах усны хэмжээг жилд ойролцоогоор 3-8%-иар бууруулж ирсэн. 

Усны  хэдэн хувийг дахин боловсруулж байна вэ? 
Ус ашиглалтын менежмент, технологийг тасралтгүй сайжруулснаар үйлдвэрлэлд ашиглах усны дахин ашиглалтыг сүүлийн жилүүдэд 30 орчим хувиар нэмэгдүүлсэн. Нүүрс баяжуулах үйлдвэрийн хаягдлыг шахаж усыг нь дахин ашигладаг бөгөөд сайжруулалтыг тогтмол хийсээр байна. 

Ус дахин ашиглалтын хувийг нэмэгдүүлэх чиглэлээр технологийн ямар шийдэл, санаачилгууд нэвтрүүлж  байна вэ? 
Бид Нүүрс баяжуулах үйлдвэр болон уурхай, ахуйн усны хэрэглээнд автомат хяналттай, ус  дахин ашиглалтын системийг амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна. 

Уурхайн цогцолборын үйлдвэрлэ­лийн болон ахуйн хэрэглээний ус хангамжийг ухаалаг, дэвшилтэт системээр шийдсэн бөгөөд энэ нь цэвэр усны нөөцөөр хомс говь нутгийн онцлогийг дээд зэргээр харгалзсан, усыг 100% хүртэл дахин ашиглах, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, дэвшилтэт технологид суурилсан.  Уурхайн нийт төслүүдийн усны хэрэгцээг хангаад зогсохгүй Өмнөговь аймгийн Цогтцэций сумыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, ундны цэвэршүүлсэн усаар хангаж байна. Тодруулбал: 
     Цогтцэций сумын төвийн хэрэгцээнд жил бүр дунджаар 150 мянган шоо метр ундны усны стандартад нийцсэн цэнгэгжүүлсэн ус нийлүүлдэг.
     Нүүрс баяжуулах үйлдвэрийн дэргэдэх Хаягдлыг усгүйжүүлэх үйлдвэр нь хаягдал лагийг  шахаж, усыг нь шавхсанаар усныхаа 95 хүртэлх хувийг дахин ашигладаг. 
    Ухаахудагийн цахилгаан станц нь хуурай хөргөлтийн системтэй буюу Монголд байгаа ердийн цахилгаан станцуудаас 4-5 дахин бага ус ашиглах технологитой.

Бид уурхайн талбайд гүний болон дахин боловсруулсан усыг хослуулан ашигладаг.  2021 онд  нүүрс баяжуулах үйлдвэрийн дэргэд Хаягдлыг усгүйжүүлэх үйлдвэр ажиллаж эхэлснээр 663,236 м3, цахилгаан станцын концентрацитай усыг гадаргын ус цуглуулах цөөрөмд цуглуулан 33,183 м3 усыг дахин ашигласан байна. Мөн 134 мянган шоо метр ахуйн бохир усыг цэвэршүүлж, мод услах, уурхайн тоос дарах зэрэгт ашигласан. 

Ухаахудагийн уурхайд усны хэмнэлттэй болон дахин ашиглалтын хувийг нэмэгдүүлэхэд чиглэсэн технологийн ямар шийдлүүдийг нэвтрүүлсэн бэ? 
Усны хэмнэлттэй холбоотой байгаль орчинд ээлтэй технологийн шийдлүүдийг байнга эрэлхийлж, үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажилладаг. Тухайлбайл, 
Нүүрс баяжуулах үйлдвэр, цахилгаан станц болон уурхайн бусад байгууламжуудын хэрэгцээт усыг нөөцлөх зорилгоор “Майга уул”-ын усан санг 2010 онд байгуулсан. Энэ нь Хойд Канадын хүйтэн уур амьсгалтай нөхцөлд ашигладаг дэвшилтэт технологид тулгуурлан ус үл шүүрүүлэх, хөлдөлт, ууршилт, гадны бохирдолтоос хамгаалах  HDPE дэвсгэр дулаалга бүхий HDPE хөвөгч хучааcтай усан сан юм.

Нүүрс баяжуулах үйлдвэрийн дэргэд Хаягдлыг усгүйжүүлэх үйлдвэрийг 2012 онд байгуулсан. Нүүрс баяжуулах үйлдвэрийн хаягдлыг усгүйжүүлж дахин ашиглах зориулалттай уг үйлдвэр нь  үйлдвэрийн хаягдлыг ашиглан шахаж усгүйжүүлэхэд гарсан хуурай хаягдлыг цахилгаан станцын түлшинд ашиглах, дахин боловсруулалт хийж коксжих нүүрсийг ялгах, шахмал түлш хийх туршилт, судалгааны ажлуудыг хийж байна.

Уурхайн байгууламжууд, Нүүрс баяжуулах үйлдвэр, Цогтцэций сумыг эрчим хүчээр хангах зорилгоор 18 мегаваттын цахилгаан станцыг 2009 оноос эхлүүлж, 2011 онд ашиглалтад оруулсан. Монголдоо анх үндэсний инженерүүдийн ур ухаанаар бүтээн байгуулсан  энэхүү станц нь говь нутгийн байгалийн онцлогт тохирсон агаарын хөргөлтийн систем, усны бага хэрэглээ бүхий технологийг нутагшуулсан давуу талтай. Хөргөлтийн систем нь турбинаас гарч байгаа уурыг агаарын  хөргөлттэй конденсатор (ACC)-оор хөргөдөг.