Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Холболтгүй, терминалгүй хос цариг эдийн засагт хэзээ үр дүн авчрах вэ?


Ц.Элбэгсайхан

Одоогоос жилийн өмнө БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх, хилийн боомтуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх тал дээр санал солилцохоор Монголд айлчилсан. Энэ үед “Боомтуудын холболтын ажил гацаанаас гарлаа” хэмээн ярьж, бичиж байсан. Жилийн дараа Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-д айлчилж, Хятадын төрийн тэргүүнтэй хийсэн уулзалтын дараа  стратегийн ач холбогдолтой боомтуудын холболтыг хоёр улсын Засгийн газрын түвшинд гэрээ хэлэлцээрийн дагуу эцэслэн шийдвэрлэсэн хэмээн хэвлэлүүдээр мэдээлж эхэлсэн. 

Оны эхэнд Mongolian Mining Journal-д /001.2023/ нийтлэгдсэн “Боомтын сайдыг угтах хүлээлтүүд” нийтлэлдээ  Шинэ сэргэлтийн бодлогууд түүний дотор Боомтын сэргэлтийн бодлого нь яагаад чухал болохыг тайлбарлаж, Боомтын сайдыг авлига, албан тушаалын хэргээс хол байх ёстойг анхааруулахыг хичээсэн билээ. Боомтын асуудал хариуцсан сайдтай болоод хагас жил ч хүрэхгүй хугацааг үдэж байгаа   ч хэдийнэ хоёр дахь сайдынхаа нүүрийг үзээд байгаа нь энэ “шинэ” салбарын урагштай эхлэл мөн  эсэхэд эргэлзэхэд хүрэв.

Шинэхэн сайд Б.Тулгын хэлж буйгаар боомтууд дээр ажил ид өрнөж, ихээхэн эерэг өөрчлөлтүүд гарч байгаа гэлээ. Сайд хэлэхдээ “Одоогоор хоёр хөрштэйгөө холбогдох таван боомтод бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна.  Дөрөв нь энэ жилдээ багтаж дуусах ёстой. Тухайлбал, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошуунд байрладаг Зүүнхатавч боомттой хиллэдэг Бичигт боомтын бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Ирэх оны арванхоёрдугаар сард дуусгахаар төлөвлөөд ажиллаж байна. Замын-Үүд-Эрээн, Алтанбулаг-Хиагт боомтын өргөтгөлийн ажлууд эрчимтэй явж байгаа бөгөөд хэсэгчлэн ашиглалтад орж байна. Бүтээн байгуулалтын ажлыг энэ жилдээ багтааж дуусгана. Түүнчлэн Боршоо боомтын бүтээн байгуулалтын ажил дууссан. Энэ боомтыг ирэх есдүгээр сард багтаан ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна.” гэжээ.  
Энэ оны эхний зургаан сарын байдлаар экспорт өмнөх оны мөн үеэс 42 хувь өссөн байна. Энэхүү өсөлтийг тэрбээр боомтод хийж буй хөрөнгө оруулалтын үр дүнд гарч буй өөрч­лөлт хэмээн тайлбарлаж байв. Тийм ч байх. 

Гол асуудал руу орохоос өмнө өөр нэг тоонд анхаарал хандуулъя. Эрх баригч намыг магтахад зөв, буруу эсвэл зорилготой олон үндэслэл байж болох юм. Тэдний нэг нь  сүүлийн хагас зуун жилийн хугацаанд “өв залгамжлан” засгийн эрх барихдаа хамгийн урт төмөр замыг  хил зүглүүлэн барьсан баримт юм. 

Өнгөрсөн хугацаанд нийт 500 орчим км төмөр зам барьж дуусгасан хэмээн Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн. Мэдэгдэх нэг хэрэг, харин хүлээн зөвшөөрөгдөх нь огт өөр асуудал билээ. 

Эдгээр төмөр замууд өнөөдөр Монголд ямар өгөөж авч ирэв? Статистик мэдээллээс харахад төмөр зам нэмсэн ч, дээгүүр нь тээвэрлэсэн экспортын барааны дүнд өсөлт гарсангүй. Харин ч төмөр замын экспорт Хятадын ковидын хөл хориотой жилээс ч буурсан байгаа нь хоржоонтой. Арга ч үгүй юм. Хэчнээн урт төмөр зам бариад ч худалдаа хийгч талынхаа сүлжээнд холбогдоогүй, царигийн зөрүүг эцэслэн шийдвэрлээгүй байна.  Ерөнхий сайдын айлчлалын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин ямар нэг тоймтой хариу өгсөн эсэхийг  хэн ч мэдээлсэнгүй, таавар хэвээр үлдэв. 

Харин экспортын 70 гаруй хувийг автомашинаар гүйцэтгэсэн хэвээр л байна. Шороо манаргасан хүнд даацын машинуудын хил рүү чиглэсэн урсгалыг дэмжих юм бол боомтуудад хөрөнгө оруулж, жолоочгүй тээврийн хэрэгсэл худалдаж авахын хэрэг юунд байв?  Нөгөө талаас эрдсийн зах зээлийн мөчлөг, гадаад хүчин зүйл болон цаг үеийн нөлөө асар өндөр байгаа энэ үед хамаг гавьяаг төр өөртөө наавал цаг хугацааны угаалтад дардайж, бултайж илчлэгдэх нь гарцаагүй. Юу гэх гээд байна вэ гэвэл, энэ жилийн Цагаан сарын дараа  өмнөд хөрш Ковидыг тэглэх бодлогоо зогсоож, хотуудад тогтоосон хатуу хөл хориог бүрэн цуцалж, зах зээлээ чөлөөлж, аж үйлдвэрлэл  нь  дахин сэргэсэн. Үүний нөлөө манайх шиг жижиг нийлүүлэгч улсад өдий зэрэгтэй мэдрэгдэх нь байх л зүйл. Тун удахгүй үйлдвэрүүдийн түүхий эдийн агуулахууд дүүрч, эрэлтүүд хумигдахад  Монголын хилээр гарах гэсэн ачааны автомашинууд дахин хэдэн зуун км зам дээр түгжрэл үүсгэхийг үгүйсгэхгүй. 

Түүнчлэн ахин 400 орчим км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн гэж Эдийн засаг, хөгжлийн сайд хэлсэн. Мөн миний бие өмнөх нийтлэлдээ “төмөр замаас түрүүнд авто зам” гэж бичсэний учир энэ. Төмөр зам чухал боловч холболтгүй, терминалгүй орь ганц хос цариг эдийн засагт үр ашиггүй болохыг ойлгоход заавал хэдэн жил хүлээх хэрэггүй байх.  

Энэ бүхнийг үл ойшоон боомтууд сэргэж,  сайн ажиллаж байгаагийн үр дүнд олон машин хилээр гарч байгаа гэдэгт итгэе. Гэтэл импорт яагаад дорвитой өсөхгүй байгаа хэрэг вэ? Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч, хэрэгжүүлж буй бодлогын дүнд  “өсөөд” байгаа мэт цаасан дээр  тайлбарлаж, ярьж болдог л байх. Даанч “тайзны ард” зах зээл нь бараа материалын хомсдолтой, инфляц эрчээ авсан хэвээр л байна. 

Монголчуудын хувьд Замын-Үүд  хамгийн  эргэлттэй боомт. Энэхүү боомтоор  дамжин дийлэнх худалдаагаа хийдэг, тэгээд ч хамгийн түрүүнд, хамгийн их хөрөнгө оруулалт хийгдсэн. Тийм байхад ч импорт сэргэхгүй  бол бодлогын алдаа  хаанаа байна вэ. Арай ингээд боомтын хөгжилд байгаа мөнгөө зарцуулаад л байдаг эргээд эдийн засагт өгөөж нь ирэхгүй бол хэдий болтол хүлээх вэ?  

 


 

Сэтгэгдэл (1)

  • Ариунболд (124.158.65.131)
    Урагшаа нарийн царигийг ганц жэнко гацаагаагүй шдээ. ЕС Хүүк Зандаак нарын гол оролцоо байж таараа. Үнэхээр гамшиг тарьсан өргөн цариг даа. Даан ч дээ, ийм тэнэг юм хийх гэж гасалдаг мэрэгжилтнүүд их байна. Нээрээ гол зурсан том тэнэглэлийг жонхуу ганцаараа хийж чадахгүй л дээ.
    2023 оны 08 сарын 25 | Хариулах