Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

Эрчим хүчний шилжилт ба Африк дахь чухал ашигт малтмалын төлөөх өрсөлдөөн

З.Цэлмэг  / Кот-д’Ивуар-ын Абиджан хот. 5 сарын 23/

 

Бараг 24 цаг ниссэний дараа Абиджан хотод газардахад  Атлантын далайн чийглэг агаар мэдрэгдэх хэдий ч төсөөлж байснаас ч аагим халуун байв. Хөшигийн хөндийгөөс хөөрөхөд Улаанбаатарт  зуны тэргүүн сар гарч  байсан ч Кот-д’Ивуарт төсөөлшгүй халуун орчин угтлаа.

Өндөр нуруулаг хүмүүс, өнгөлөг саглагар модод. Толгой дээрээ  савтай  жимс овоолсон эмэгтэйчүүд түгжрэл дунд машин сүлжин алхаж түвэггүй зарна. Улаанбаатар шиг  түгжрэлтэй хот аж. Том, жижиг машинууд, автобус, дугуй, мотоцикл гээд бүх л төрлийн тээврийн хэрэгсэл шахцалдаж, нэг зам дээр арай гэж багтаж шингэх аж. Үе үе үнэтэй машинууд, гоёмсог тохижилттой, гялалзсан ресторан, үйлчилгээний газрууд таарахыг эс тооцвол нүд булаах зүйл бараг л үгүй. Ихэнхдээ ундуй сундуй. Харин хотын төвдөө бол өндөр шилэн барилгууд сүндэрлэж харагдана. 

Абиджан бол Бүгд найрамдах Кот-д’Ивуар улсын томоохон хотуудын нэг. Атлантын далайн өмнөд эрэгт байрладаг, далайн ус түрж орсон хот. XVII- XVIII зуунд зааны ясны худалдаа дэлгэрсэн боомт хот байж. Францын колони байгаад  1960-аад онд тусгаар тогтносон. 

Монголоос найм дахин их хүн амтай, 1.5 дахин том эдийн засагтай улс. Экспортын гол бүтээгдэхүүн нь алт, даавуу, газрын тос, какао. Газар тариалангаасаа ихэнх иргэд нь амьжиргаагаа залгуулдаг. Ажлын байранд голдуу эрэгтэйчүүд давамгайлсан, хүн амынх нь дундаж наслалт 45-50 орчим байдаг аж. 

Баян хоосны ялгаа ихтэй, ядуурал газар авсан гээд нээлттэй эх сурвалжаас уншсан мэдээллүүд үнэн байгааг зам дагуу харж мэдэрсээр явлаа. Бас төрийн алба нь ямар их авлигажиж илт  болсныг визээ даруулж, хилээр нэвтрэх  гаднын жуулчдад хандаж байгаа хандлага нь төвөггүй ойлгуулж байв. 

Энд тогтоосон дүрэм журам биш харин хэн нэгний үзэмж давамгайлсан харилцаа үйлчлэх ажээ. Хэлж анхааруулж байгаа үг бүрийнх нь араас “Энэ хууль журмыг чинь харж болох уу”, “санамж анхааруулга чинь хаана байна вэ” гэх зэргээр албан ёсны баталгаа нотолгоо нэхэж явахгүй л бол аманд нь “ороход” амархан юм билээ.
Гэхдээ Кот-д’Ивуар Африктаа харьцангуй тайван улсын нэг учраас олон улсын байгууллагуудын төлөөлөгчийн газрууд, элчин сайдын яамдууд, үндэстэн дамнасан компаниуд байршдаг. 

Биднийг урьсан Олон улсын санхүүгийн корпорацын бүсийн төлөөлөгчийн газар ч мөн энд байдаг аж.

Африк тив дэлхийн төв болчихов уу

Африк тив дэлхийн төв болжээ. Том гүрнүүд Африкт нөлөөгөө тогтоох гэж, хөгжлийн байгууллагууд хар тивийнхэнтэй түншлэх гэж зүтгэж эхлэв. Дэлхийн дулаарлыг сааруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох гэсэн хүн төрөлхтний найдварыг тээгч нь Африк болж хувирчээ. 

Аль Жазира сувгийн тоймч Адриан Финиган “Африк дахь байгалийн хий, чухал ашигт малтмалын төлөөх тэмцэлд хэн ялах бол?” хэмээх нэвтрүүлэгтээ том гүрнүүдийн Африк дахь ашиг сонирхлыг хөнджээ. 

Орос, Украины дайн эхэлснээс хойш Европын холбоо тус тивээс байгалийн хийн хэрэгцээгээ хангахаар найрсаг хандах болсон бол Хятад улс сүүлийн 20 орчим жил хамгийн том хөрөнгө оруулагч нь болж, эдийн засгийн амбицаа гүйцэлдүүлж буй. Орос ч мөн сүүлийн жилүүдэд байгалийн баялаг, зэвсгийн  үйлдвэрлэлийн салбарт нөлөөгөө нэмэгдүүлж байгаа аж. Харин Дональд Трампын үед ихээхэн суларсан харилцаагаа эргэн сэргээхээр АНУ-ын Ерөнхийлөгч Жой Байден Африкийг онцгойлох болсон нь тус тивийн бараг улс бүрд газрын ховор элемент, чухал ашигт малтмалын арвин нөөц байгаатай холбоотой гэжээ.

Дэлхийн банкны тооцоогоор 2050 он гэхэд бал чулуу, кобальт, литийн үйлдвэрлэл 3.1 тэрбум тонн болж, 2019 оны түвшнээс 4.5 дахин өсөх аж. Улс орнууд дэлхийн дулаарлыг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг зөөлрүүлэхээр 2015 онд Парис хотноо хуралдаж, энэ зууны дунд үе гэхэд агаарын температурыг цельсийн 2 градусаар бууруулахаар амлалт өгсөн. Тиймээс цэвэр эрчим хүчинд шилжих шилжилт дэлхий даяар салбар бүрд өрнөж буй. Цэвэр эрчим хүчний технологид ашиглагдах ашигт малтмалын нөөцөөр Африк тив дэлхийд тавдугаарт орж буйг Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс гаргасан “Triple Win” тайланд онцолжээ. 

Тухайлбал, Морокко гэхэд дэлхийн фосфатын нөөцийн 70 хувь, Бүгд Найрамдах Конго улсад кобальтийн нөөцийн 50%, Габон улсад манганийн нөөцийн 15%, Өмнөд Африкт цагаан алтны 91%,  манганийн 22%, хромын 35%, ванадийн 16% байдаг аж. Африк тивийг “Дэлхийн эрчим хүчний шилжилтийн тулах цэг” хэмээн Дэлхийн эрчим хүчний агентлаг үзжээ. Гэвч тус тивд компаниуд хөрөнгө оруулж, төр, засгийн удирдлагуудтай харилцаж, орон нутгийн иргэдээс нийгмийн лицензээ авна гэдэг тийм ч амар биш байгаа аж.

Тиймээс ч хөгжлийн түнш байгууллагууд Африкийн орнуудад засаглалыг сайжруулах санаачилгуудаа эрчимжүүлж эхэлсэн байна. Хамгийн сүүлд буюу зургаадугаар сарын 13-14-нд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ес дэх удаагийн дээд хэмжээний чуулга уулзалт Сенегалын Дакар хотноо боллоо. 

Харин тавдугаар сарын 23-24-нд Олон улсын санхүүгийн корпорацын “Хөгжлийн төлөө ил тод байдал” олон улсын хөтөлбөрийн тусгай арга хэмжээ Абиджан хотноо болж, бид зорьж очсон минь энэ. Аль аль арга хэмжээ нь байгалийн баялагтай орнуудын засаглалыг сайжруулж, ил тод байдлыг бэхжүүлж, оролцогч талуудын хамтын ажиллагааг дэмжих зорилготой билээ. 

Уул уурхайн компаниудын оролцоо

Уул  уурхайн төсөл хэрэгжүүлэг­чид эрчим хүчний шилжилтэд гурван том оролцоотой байна. Хувийн хэвшилд хөрөнгө оруулж, талуудын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмждэг Олон улсын санхүүгийн корпорацын Дэлхийн тогтвортой дэд бүтцийн зөвлөхийн менежер Вероника Жонс болон “Rocky Mountain” хүрээлэнгийн уур амьсгалын оюуны төвийн менежер Лаклан Уирайт нарын бичсэнээр “эрчим хүчний цэвэр технологид шаардагдах ашигт малтмалын бүтээгдэхүүнийг уул уурхайн салбар хүртээмжтэй, ногоон арга замаар үйлдвэрлэж чадаж байна уу” гэдэг асуултад “хараахан чадахгүй байна” хэмээжээ. 

Уул уурхайн боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааны улмаас дэлхийн хүлэмжийн хийн 10 орчим хувь нь  бий болдог аж.  Үүнийг бууруулахын тулд эрчим хүч, тоног төхөөрөмж, газар ашиглалт, тээвэр, боловсруулалт, нийлүүлэлтийн гинжин удирдлага гээд уул уурхайн экосистемд бүхэлд нь цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг дэмжиж, нэвтрүүлэх шаардлагатай байгаа аж.

Хоёрт,   эрчим хүчний шилжилтэд шаардагдах ашигт малтмалыг уул уурхайн компаниуд олборлоно. Парисын хэлэлцээрээр тохирсон хүлэмжийн хийн ялгарлыг тэг болгоход гурван тэрбум гаруй тонн ашигт малтмал, металл хэрэгтэй. 2050 он гэхэд зэсийн эрэлт 56%, никелийн эрэлт 102%-иар нэмэгдэх төлөвтэй байгааг Олон улсын санхүүгийн корпорацын “тэг шилжилт”-ийн замын зураглалд дурджээ. 

 Энэ нь эдгээр ашигт малтмалын олборлолт нэмэгдэж, тэр хэрээр бүс нутгийн байгаль экологи, хүн ардад үзүүлэх нөлөө ихсэнэ гэсэн үг. Ялангуяа, уур амьсгалын өөрчлөлтөд маш өртөмтгий бүс нутагт эдгээр ашигт малтмал байдаг гэжээ. Тухайлбал, дэлхийн зэсийн нөөцийн 33% нь усны хомсдолтой, хүрэлцээ муутай улс оронд байгаа бол никелийн нөөцийн 75%  бүртгэгдсэн орнууд биологийн олон янз байдлын хувьд маш баялаг орчинтой аж. Байгаль орчинд ээлтэй, нутгийн оршин суугчдад сөрөг нөлөө багатайгаар эрчим хүчний шилжилтийг хийх ёстой гэсэн хүнлэг зарчим үйлчилж байна. Тиймээс ч сүүлийн жилүүдэд компаниудыг ESG буюу “байгаль орчин, нийгэм, засаглал”-ыг хэмжих үзүүлэлт, тайланг тогтмол гаргадаг байхыг хөгжлийн байгууллагууд ятгаж байгаа. 

Харин удаах оролцоо нь, уул уурхайн компаниуд тухайн нутаг орны хөгжилд цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох замаар байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулах боломжтой. Өнөөдрийг хүртэл нийтдээ 5 гВт-ын сэргээгдэх эрчим хүчний төслүүд уул уурхай бүхий орон нутгуудад бий болоод байгаа аж. Тухайлбал, “Рио Тинто” болон эрчим хүчний үйлчилгээний “Voltalia” компанийн түншлэлийн хүрээнд Өмнөд Африкийн Квазулу-Натал мужийг нарны эрчим хүчээр хангахаар ажиллаж байна. Мөн зэсийн нөөцийн 23 хувь төвлөрсөн, басхүү усны хомсдол нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн Чили улсад Англо-Американ компани хүлэмжийн хийг бууруулж, усны ууршилтыг багасгах зорилгоор фотоволтайк нарны хавтан бүхий станцыг байгуулжээ. 

Байгаль орчин, нийгэм, засаглал (ESG)-ын үзүүлэлтээ сайжруулж, дата мэдээлэл цуглуулж, түгээж, дата мэдээллээр нэгдсэн ойлголтод хүрэх санаачилгуудыг ч   хөгжлийн байгууллагууд дэмжих болжээ. Ялангуяа, компаниуд нийгмийн лицензээ авахад байгаль орчин, нийгмийн нөлөөлөлтэй холбоотой дата мэдээллийг ил тод тайлагнаж, орон нутгийн иргэдтэй ойлголцох хэрэгцээ их байгааг Абиджаны арга хэмжээний оролцогчид онцолж байв. 

Цаашдаа ч Африк дахь уул уурхайн нөлөөллийг бодитоор хэмжиж, орон нутгийн иргэдтэй ойлголцоход технологийн тусламжтай дата цуглуулах, түүний үр дүнд хамтын ажиллагаагаа сайжруулах замаар хүн төрөлхтний айсуй их эрэлтийг хангаж, эрчим хүчний шилжилт хийх цаг ойрхон байна. 


 

Сэтгэгдэл (1)

  • Jimenez Troya (197.210.79.89)
    Зээлдэхэд тусалсан зээлдүүлэгчээс зээл авсандаа би маш их баяртай байна. Яаж зээл авсан нь үнэхээр гайхалтай байсан... Өөр үйлчилгээ хэрэглэж үзсэн ч тэр үйлчилгээнээс зээл авч чадаагүй. Зарим нэг нь баахан цаас бөглөөд өгөөч гээд эцэст нь сайнаар дуусахгүй. Гэхдээ би Desvic Investment Company-тай уулзсаны дараа би 100,000.00 долларын зээлээ авч чадсандаа баяртай байна, одоо миний бизнес хэвийн явагдаж байгаа бөгөөд өнөөдөр хүн бүр үүнийг хурдан бөгөөд 100% найдвартай мэдээсэй гэж хүсч байна. Би одоо тус компаниас авсан зээлээ төлж байна (Desvic Investment Company. Тэдэнтэй холбогдож, тэдгээр зээлдүүлэгчидтэй цаг бүү үрээрэй - дэлгэрэнгүй мэдээллийг info:desvicfunding@gmail.com эсвэл whatsapp:+393463798155 хаягаар авна уу.
    2023 оны 07 сарын 31 | Хариулах