Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Алдаа, оноотой ч  Уул уурхайн бүтээгдэхүүний бирж ажиллаж эхэллээ

Ц.Элбэгсайхан

2022 оны нэгдүгээр сарын 27-нд  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Г.Ёндон Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай  хуулийн төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны  хуралдаанд танилцуулж байв.

Хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг УИХ-ын нийт гишүүдийн олонхийн саналаар эцэслэн /2022.12.23/ баталсан. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдаад хэдийнэ хагас жилийн нүүр үзжээ.  

Энэ хугацаанд харин 40 их наядын нүүрсний хулгайн дуулиан шуугиан намжиж амжив.  Дараагийн 40 их наядын хэрэг үүсэхээс сэргийлэх арга зам нь Уул уурхайн бүтээгдэхүүний бирж гэсэн   итгэл  төрүүлэн экспортын нүүрсний арилжааг биржээр дамжуулан туршилтаар зохион байгуулж эхэлсэн юм. 

Одоохондоо хүлээлтэд хүрсэн ихээхэн  хэмжээний үнийн дүнтэй арилжаа хийж чадаагүй байгаа ч Уул уурхайн бүтээгдэхүүний биржийг уул уурхайн олборлогч компаниуд  хоёр гараа өргөн дэмжих ёстой том шалтгаан бий. Ялангуяа нүүрс олборлогчид. 

Өнгөрсөн намраас хойш нүүрс олборлогчид АМНАТ шударга бус байна, хувь хэмжээг бууруулъя, бүр зогсооё хэмээн  дуугарч эхэлсэн. Бид олборлосон бүтээгдэхүүнээ   хилийн үнээр ч зарж чадахгүй байхад олон улсын дундаж ханшаар АМНАТ-ыг тооцож байгаа нь олборлогчдыг алдагдал хүлээхэд хүргэж байгаа талаар учирлахын зэрэгцээ бараг тулган шаардах  болсон. Тэдний энэхүү хатуу шаард­лага  үнэн хэрэгтээ аюултай “тоглоом” гэсэн үг. 
Алдаа, оноотой ч АМНАТ бол олон нийт хийгээд аж үйлдвэрийн салбарын хооронд үүрэг гүйцэтгэдэг  “Эвийн гэрээ”. Энэ  гэрээгээ таслахад хүрвэл хамгийн их хохирох тал нь уул уурхайн бизнес эрхлэгчид.

Харин өнгөрсөн хугацаанд  уул уурхайн биржээр багахан нүүрс зарахад л асуудалд ямар шийдэл дутагдаж, гарц хаана  байгаа нь тодорхой боллоо. Өмнө нь аж ахуйн нэгжүүдийн экспортолсон нүүрсний үнэ бодитой  эсэхийг  магадлахад бэрхшээлтэй  байсан бол Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр  одоогийн байдлаар борлуулсан эрдэс бүтээгдэхүүний үнэ, хэмжээний бүртгэл хөтлөж, нийтэд ил тод зарлаж байгаа нь сайн хэрэг. 

Ингэснээр Уул уурхайн бүтээгдэхүүний бирж уул уурхайн салбар дахь эрх зүйн зохицуулалтуудыг ихээхэн өөрчлөх, дэвшилттэй эерэг хандлагуудыг  дагуулах хөшүүрэг болох сайхан боломж харагдаж байна. Ялангуяа АМНАТ-ыг тооцох, ногдуулах журмыг Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаатай уялдуулах нь төрд ч, аж ахуйн нэгжүүддээ ч өгөөжтэй хувилбар байж болох юм.

Түүнээс биш нүүрсний хулгайг нухчин дарах арга зам, аль эсвэл ам.долларын эдийн засагт орох урсгалыг тэлэх итгэл найдвар гэж хэлэхэд эрт байна. 
Гэхдээ Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн  суурийг зөв тавьж,  зах зээлийн зарчмаар хөгжүүлэхийн тулд урьтаад хэд хэдэн зүйлийг тодорхой болгох шаардлагатай. Тухайлбал, уул уурхайн бирж  хаана үйл ажиллагаа явуулах, худалдан авагчдыг арилжаанд хэрхэн татан оролцуулах, хилийн үнэ, уурхайн амны үнийн зөрүүг хэн  тогтоох, боомтын хүчин чадал, төмөр зам, тээвэрлэлт  гээд тулгамдаж  буй  асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх, алийг нь түрүүлж хийх вэ  гэх мэт олон асуулт хөвөрсөөр байгаа юм.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд зааснаар эл оноосон нэрийг зөвхөн шинээр байгуулагдсан төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд   ашиглах эрхтэй  гэдгийг   тодорхой заасан. Одоогоор уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг зохион байгуулж, Уул уурхайн биржийн тухай хуулийн дагалдах журмын төслийг боловсруулж буй Монголын Хөрөнгийн бирж  цаашид уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг зохион байгуулах эрх зүйн чадамжтай эсэх нь тодорхой биш байна. 

Хоёрдугаарт, хилийн чанадад арилжиж байгаа бүтээгдэхүүний худалдааг бүх дэд бүтэц, кластер, өртгийн сүлжээнээс тусгаарлагдсан нийслэл хотод зохион байгуулж байгаа нь оновчтой шийдэл мөн эсэхэд  хариулт өгч чадах албан тушаалтан одоогоор алга. Нэг талд нийлүүлэгчгүй, нөгөө талд худалдан авагчгүй, тэдний дунд зуучлах брокергүй бирж байж болох уу? 

Энд яригдаж буй худалдан авагчийн тухайд үндсэндээ БНХАУ. Бүр нарийн яривал Бугат  хот гэх ганц л тал бий. Өнөөгийн гадаад худалдааны нөхцөл байдал нь таваарын бирж ажиллуулах хэмжээний зах зээл  байна уу гэх асуултын хариуг эхлээд олох ёстой мэт. Гэтэл хэдийнэ хуулиа батлаад бирж нь ажиллаад эхэлсэн байдаг. 

Он гарснаас хойш эхний дөрвөн сарын байдлаар нийт 19  сая тонн нүүрс экспортод гаргаснаас Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалсан нүүрсний экспортод гарсан хэмжээ 1 сая тонн хүрэхгүй байгааг эдийн засагч, Стратеги судалгааны хүрээлэнгийн Эдийн засгийн аюулгүй байдлын судалгааны төвийн дарга Н.Энхбаяр онцолсон юм. Мөн таваарын биржийн цахим платформ дээрх мэдээллээс үзэхэд үндсэндээ манай коксжих нүүрсийг сонирхож үнэ хэлэх худалдан авагч алга.  

Тээвэр ложистикийн асуудал, боомтын хүчин чадал, хоёр улсын хооронд байгуулсан төр засгийн хэмжээний зөвшилцөл гээд бүр нарийн асуудлууд руу оролгүй орхиход л бирж ажиллуулах хэмжээний зах зээл байгаа гэж хэлж чадахгүй нь. 

Тэглээ гээд Уул уурхайн  бүтээгдэ­хүүний биржээ хааж, дампууруулж болохгүй. Учир нь энэ бирж уул уурхайн салбар олон нийтийн бүлгүүдийн дунд итгэлцэл, зөвшилцөл авчирч болох ганц найдвар болоод байна. Тэгэхээр одоо Хятадтай биш юм аа гэхэд Бугат хотын гангын үйлдвэртэй дүйцэхээр үнэ хаялцах хэмжээний худалдан авагчийг өөр хаанаас олж болох вэ, олсныхоо дараа  ямар уран аргаар арилжаанд татан оролцуулах вэ гэж толгойгоо гашилгах цаг ирснийг энэ дашрамд сануулъя. Харин үүнийг Монголын Хөрөнгийн бирж хийж чадах болов уу.