Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Якоб Стаусхолм: Оюутолгой бол Рио Тинто-гийн дэмжлэгээр монголчуудын бүтээсэн Монгол уурхай юм


А.Халиун

Эдийн засгийн чуулган долоодугаар сарын 9, 10-ны өдөр Улаанбаатар хотод болж байна. Чуулганд Рио Тинто группийн ТУЗ-ийн дарга  Доминик Бартон тэргүүтэй ТУЗ-ийн гишүүд, дэлхийн томоохон банк, санхүүгийн байгууллагын төлөөлөгчид ирж оролцсон юм.

"Рио Тинто"-ийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм, Зэсийн группийн захирал Б.Болд, “Рио Тинто Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
"Рио Тинто"-ийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм, Монгол Улсад ирж, эдийн засгийн чуулган оролцож байгаадаа таатай байна. Монголоос арай өөр нутгаас яриагаа эхлэхийг минь зөвшөөрнө үү. Ринто Тинто группийн 150 жилийн ой энэ онд тохиож байна. 150 жилийн өмнө Лондонгийн хөрөнгө оруулагчид өмнөд Испанид уурхай худалдан авах шийдвэр гаргаж байлаа.
Эртний түүхтэй энэхүү зэсийн уурхайг 5000-аад жилийн өмнөөс олон үндэстэн олборлолт хийхийг оролдож байсан. Сүүлд нь Испанийн эзэн хаан олборлолт хийхээр оролдож байсан ч хаан сэнтийнээсээ буусан. Эцэст нь Лондонгийн хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалт хийсэн түүхтэй юм.
Рио Тинто групп энэ уурхайд эхнээс нь бүх зүйлийг бүтээн байгуулсан. Төмөр зам тавьж, боомтуудыг байгуулснаар 10 жилийн дотор дэлхийд зэсийн тэргүүлэх уурхай болсон. Ингэж Рио Тинтогийн түүх эхэлсэн. Эхний 50 жилдээ Европын компани байсан бол удаах 50 жилд дэлхий даяар үйл ажиллагаагаа тэлж олон улсыг компани болсон. Харин сүүлийн 50 жилд Азийн зах зээлд илүүтэй үйл ажиллагаагаа тэлж байна.
Энэ утгаар нь авч үзвэл Монголтой холбоотой сүүлийн 15 жилийн түүх бидний түүхтэй их төстэй. Оюу Толгой төсөл бол бидний томоохон хөрөнгө оруулалтуудын нэг юм. Үргэлж амар байсан гэж хэлэхгүй. Гэхдээ Оюу Толгойд хийж бүтээсэн зүйлээр их бахархаж байна. Оюу Толгой бол Рио Тинтогийн дэмжлэгтэйгээр монголчуудын өөрсдийн гараар бүтээсэн Монгол уурхай гэж хэлэх байна.

Өнгөрсөн оны нэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайдтай мөр зэрэгцэн тулгарсан асуудлаа шийдвэрлэж, төслийн дараагийн шатанд гарсандаа би асар их баяртай байна.
Энэхүү төсөл Туркойз Хиллийн хувьцааг худалдан авч, цаашид урам зоригтой ажиллах итгэлийг бидэнд өгсөн юм. Тэр үеэс хойш бид төлөвлөгөөний дагуу, төлөвлөгөөгөө давуулан биелүүлж итгэлтэйгээр урагшилсан. Өнгөрсөн гуравдугаар сард гүний уурхайн нээлтийг хийхдээ би бахархал дүүрэн байсан. Тиймээс ТУЗ-ийн гишүүд болон хөрөнгө оруулагч талуудыг бүрэн бүрэлдэхүүнээр нь Монгол Улсад авчирч, Монгол Улсад бид юу бүтээж байгаагаа өөрийн нүдээр харах боломж олгох нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс Монголын эдийн засгийн чуулган үр дүнтэй болж, дараагийн хөрөнгө оруулалтыг татна гэдэгт итгэлтэй байна гэлээ.



Б.Болд: Татварын маргааныг аль болох зөвшилцөх замаар шийдвэрлэхийг эрмэлзэж байна

Гүйцэтгэх захирал хэвлэлийн хурлыг нээж үг хэлсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Рио Тинто группээс өнгөрсөн зургаадугаар сард ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт хаяглаж, татварын акттай холбоотой зөвшилцөх тухай бичиг ирүүлсэн. Энэ асуудлаар хоёр тал ямар нэг зөвшилцөлд хүрсэн үү?
-Б.Болд, Энэ асуудлаар Засгийн газрын ажлын хэсэгтэй хэлэлцээр үргэлжилж байна. Бидний гол зорилго бол шүүхийн шугамаар биш аль болох харилцан ойлголцох замаар асуудлыг шийдвэрлэхийг эрмэлзэж байгаа. Ажлын хэсэг дүгнэлтээ гаргаад Засгийн газар, УИХ-д танилцуулах байх. Х.Нямбаатар сайд зарим асуудлаар тодруулга авсан. Хэлэлцээр явагдаж байгаа учир илүү дэлгэрэнгүй ярих боломжгүй байна.
Нэг зүйлийг тодруулж хэлэхэд гадаадын хөрөнгө оруулалт яагаад хэрэгтэй вэ гэдэгт Засгийн газар, Рио Тинто хоёр нэгдсэн байр суурьтай байгаа. Гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалт ч ажлын байр бий болгодог. Ажлын байр бий болгох үүднээс, зэс хайлуулах үйлдвэр ч юм уу дараагийн хөрөнгө оруулалтуудаа хийхийн тулд маргаанаа нэг тийш нь болгоё. Мөн УИХ-аар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байна. Энэ хуулиар хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх, ялангуяа татварын асуудлаар үүсдэг үл ойлголцлыг яаж зохицуулах вэ? Татварын маргааныг ямар арга замаар шийдвэрлэх вэ? гэдгийг хуульдаа тодорхой тусгах болов уу. Ингэвэл Рио Тинтогоос бусад гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх төсөл хангалттай олон байх шиг байна. Юуны өмнө бид олон жилийн маргаанаа шийдвэрлэх эрмэлзэл их байна.
-Оюутолгойн гүний уурхайн олборлолтын оргил үедээ хүрвэл өнөөдрийнхөөс хоёр дахин их эрчим хүч хэрэглэнэ гэсэн тооцоолол байгаа. Таванолгойн цахилгаан станц барих төсөл ямар шатандаа яваа бол?
-Б.Болд, Оюу Толгойн гүний хүдрийн биет зэсийн агуулгаараа гурав дахин илүү. Гэхдээ эрчим хүчний хэрэглээ гурав дахин өсөхгүй. Бид олборлолтыг гурав дахин нэмэгдүүлсэн ч эрчим хүчний хэрэглээ 250 МВт хэвээрээ байх юм. Бид өнөөдрийн хэрэглэж байгаа 250МВт-аа найдвартай эх үүсвэрээс хангаж зорилготой ажиллаж байна.
Засгийн газрын байгуулах Тавантолгойн цахилгаан станц ашиглалтад орвол Оюу Толгой эрчим хүч худалдан авах гэрээгээр хүлээсэн үүрэгтэй. Цахилгаан станц ямар байдлаар шийдэгдэхийг харж байна. Мэдээж эрчим хүчний эх үүсвэрийн тодорхой хувийг дотоодын сэргээгдэх эх үүсвэрээс хангах сонирхолтой байгаа гэлээ.