Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Монгол Хятадын Тээврийн сайд нар уулзлаа



Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын сүүлчээр БНХАУ-д албан ёсны айлчлал хийх гэж байна. Ерөнхий сайдын айлчлалын бэлтгэл хангах ажлын хүрээнд УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2023.06.16/ БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопэнтэй уулзлаа.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийг шинэчлэн байгуулах бэлтгэл хангах талаар хэлэлцжээ. Мөн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулж, баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замыг барих гүйцэтгэгчтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаад байгааг дурдлаа. Шивээхүрэн-Сэхээ боомтын төмөр замын барилгын ажил эхлээд байгааг онцолж, хоёр улсын төмөр замын хамтын ажиллагааг үр дүнд хүргэх тал дээр санал нэгдсэн байна.
Х
оёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж буй энэ үед, төрийн дээд түвшний айлчлалаар дорвитой үр дүн гаргаж, өсөн нэмэгдэж буй худалдааны эргэлтийг хангах, төмөр зам, авто замын холболтуудыг хөгжүүлэх, хилийн боомт, орц гарцуудыг нэмэгдүүлэх, нэвтрүүлэх чадвар, дэд бүтцийг сайжруулахад онцгой анхаарч, тодорхой томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлэх шаардлагатай гэдэг дээр сайд нар санал нэгдлээ.

Сүүлийн арав гаруй жил Монгол Хятад хоёр орны хооронд төрийн өндөр дээд хэмжээний айлчлалууд цөөнгүй болсон ч айлчлалаар яригдсан, харилцан амласан зарим асуудлууд тодорхой үр дүнд хүрэлгүй хэрэгжилт нь удааширсан гашуун сургамжийг давтахгүй байхад талууд онцгой анхаарахаа мэдэгдсэн байна.

 Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал хоёр талын худалдаа эдийн засаг, зам тээврийн харилцааг шинэ шатанд гаргаж дорвитой ахиц гаргана гэсэн хүлээлт өндөр байгааг ЗТХ-ийн сайд С.Бямбацогт онцлов.

А.Халиун