Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Хариуцлагатай уул уурхай:  Хүний эрх, байгаль орчин хийгээд нийгмийн асуудлыг ч анхаарна

The Mongolian Mining Journal /May 2023/

Д.Оюунчимэг  


Уул уурхайн салбарын хангайн бүсийнхэн 5 дугаар сарын эхээр чуулж хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх талаар санал бодлоо солилцсон юм. Австрали-Монголын Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр 2 /AMEP/-ын зүгээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон хангайн бүсийн бусад төр, хувийн хэвшлийн оролцогч талуудтай хамтран “Хариуцлагатай уул уурхай” чуулганыг тавдугаар сарын 5-нд анх удаа зохион байгууллаа.

Төрөөс баримталж буй бодлого, хэрэгжилтийн талаарх илтгэгчдийн мэдээллийн хүрээнд  олон улсын болон дотоодын нөхцөл байдал байгаль орчин, салбарын ил тод байдал зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнөсөн юм. Чуулга уулзалтад нийслэл, Орхон, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Баянхонгор аймагт хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж буй компанийн төлөөлөл болон төр, засгийн байгууллагынхан оролцов. Чуулганыг нээж, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал “Эрдэс баялгийн салбарын ашиг тус, үр нөлөөллийн талаар оролцогч талуудад зөв мэдээлэл хүргэх, хариуцлагатай  үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн төслүүдийг олон нийтэд таниулах, сайн туршлага хуваалцах замаар оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулахад энэхүү өдөрлөгийн зорилго оршино. Шинэ зуунд хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлж хөгжүүлэхэд чуулганы үр дүн томоохон түлхэц үзүүлнэ гэдэгт итгэж байна” гэлээ. 

Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт өнгөрсөн онд Монгол Улсын төсөвт 4.6 их наяд төвлөрүүлсэн бөгөөд төсвийн орлогын 24.8 хувьтай тэнцэж буй юм. Бүр тодруулбал, нүүрс 31.8 сая тонн, төмрийн хүдэр 4.7 тэрбум тонныг экспортолсон байна. Түүнчлэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 69 хувь, экспортын 94 хувь нь уул уурхайн салбараас шууд хамаарч байгааг чуулганы үеэр албаныхан онцоллоо.

Уул уурхайн салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлд хөгжүүлэхдээ гурван үе шатаар “өгсүүлэхээр” “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасан. Тодруулбал, хоёрдугаар шат буюу 2031-2040 онд боловсруулах салбар давамгайлсан эдийн засгийн бүтцийг бүрдүүлэх учиртай. Үүнд уул уурхайн салбар тэргүүн эгнээнд “алба хаших” нь ээ. Ийнхүү аж үйлдвэржилтийн сэргэлтийг хэрэгжүүлэхдээ ашигт малтмалын  тусгай зөвшөөрөл олголтыг бүрэн цахимжуулж өртөг зардлыг бууруулахын сацуу хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой. Үүнтэй зэрэгцэн дэвшилтэт техник, технологид суурилсан нэмүү өртөг шингээсэн уул уурхайн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлж, эрдэс баялгийн нөөцийг өсгөх нь бас нэгэн зорилт хэмээн чуулганы индэрээс хангайн бүсийн уурхайчдад албаны төлөөлөгчид хэлж байлаа. 

Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон “Дэлхийн улс орнуудын эдийн засаг хөгжихийн хэрээр байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг багасгах зорилт хүн төрөлхтний өмнө тулгарч байна. Улс орнуудын хөгжил уул уурхайн салбараас маш их хамааралтай болсон энэ цаг үед тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц нь аль ч улсын хувьд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх шаардлага тулгарч байна” гэв. Тэрбээр “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх нь нэн тэргүүнд хүний эрхийг хамгаалсан, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр ашигтай байх тулгуур зарчмуудад үндэслэсэн байх ёстой” гэдгийг онцлон тэмдэглэсэн. Өөрөөр хэлбэл хариуцлагатай уул уурхай нь хүний эрхийг хамгаалахад чиглэх учиртай аж. 
Геологи, уул уурхайн салбарт 60 гаруй мянган хүн ажиллаж, Монгол Улсын эдийн засгийн дөрөвний нэг, нийт экспортын 90 гаруй хувь, төсвийн орлогын 30 орчим хувийг, мөн нийт гадаад хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг энэ салбар дангаараа бүрдүүлж байна. Улс орны эдийн засаг, төсөв санхүүгийн гол хөдөлгөгч хүч болж байна. 

Энэ үед хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, байгаль орчин, хүн төрөлхтний хүрээлэн буй орчны тэнцвэрт байдлыг хадгалах асуудал юу юунаас чухал гэдэгт оролцогч талууд санал нэгдсэн. Мөн хариуцлагатай уул уурхай эрхэлж байгааг ямар шалгуураар хэмжих, ямар шаардлагуудыг хангах, түүнийг хэрхэн үнэлэх вэ гэдгийг ч ярилцсан юм.

Хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлж хөгжүүлэх нь зөвхөн Монгол Улсын төдийгүй хүн төрөлхтний өмнө тулгарч буй асуудал. Хүний эрхийг  хөндсөн Хариуцлагатай уул уурхайн төлөө Хангайн бүсийн уурхайчид чуулганы үеэр ийнхүү нэгдлээ. 


Чуулганы үеэр зарим оролцогчид байр сууриа илэрхийлсэн юм.


 
Хариуцлагатай уул уурхайн кодексийг 2018 онд гаргасан

Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа:

Уул уурхай маш олон салбарын цогц үйл ажиллагааг хамардаг. Үүнийг дагаад   оролцогч талуудад  бодит мэдээлэл өгч, нэгдсэн ойлголттой болохыг зорьж байна. Хариуцлагатай уул уурхай гэж чухам юу вэ. Энэ салбарыг тогтвортой хөгжүүлэхийн тулд үйл ажиллагаа нь яагаад хариуцлагатай байх ёстой вэ гэдгийг ярилцаж, туршлага судалж, ойлголцох нь чухал. Монголын Уул уурхайн үндэсний ассоциациас хариуцлагатай уул уурхайн кодексийг 2018 онд гаргасан. Эхлээд салбарын яам хүлээн зөвшөөрсөн. 

Үүний дараа үндэсний томоохон найман аж ахуйн нэгж үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр амлалт авч, санамж бичиг үзэглэсний нэг нь Эрдэнэт үйлдвэр. Өнөөдөр уул уурхайн салбарын үр өгөөж, эдийн засагт хэрхэн шууд хүрдгийг Эрдэнэт үйлдвэр монгол хүн бүрт мэдрүүлсэн. Бүтээн байгуулалтын үлгэр жишээ загвар болсон. Тийм ч учраас анхдагч, жишиг үйлдвэр байрлаж байгаа бүс нутгаас  чуулган эхэллээ.

2024 он гэхэд эвдэрсэн газруудыг нөхөн сэргээх учиртай

БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх:

Нөхөн сэргээлт их хэмжээний зардал шаардсан ажил. Бид 2022 онд 2189 га-д техникийн нөхөн сэргээлт, 773 га-д биологийн нөхөн сэргээлт хийсэн. Нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэхэд Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд манлайлж ажилладаг. Эвдэрч сүйдсэн газрыг нөхөн сэргээх хөтөлбөрийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт олон жил эвдэрч орхигдсон хоёр мянган га талбайд нөхөн сэргээлт хийж хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.  Нөгөөтэйгүүр уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч орхигдсон 1001 га талбайг 2024 он гэхэд нөхөн сэргээх учиртай. 2020 онд эвдэрсэн газрын тооллого хийсэн бөгөөд 28.940 га талбай уул уурхайгаас үүдэн эвдэрсэн гэсэн дүгнэлт гарсан. Аймаг, нийслэлд Ажлын дэд хэсгүүд байгуулан нөхөн сэргээлт хийхээр ажиллаж байна. 


Оролцогч талууд санал нэгдэх нь чухал

“Хургатай хайрхан” компанийн тогтвортой хөгжил хариуцсан захирал Б.Мөнхболд:

Улсын хэмжээнд тулгамдаж буй асууд­лыг нээлттэй хэлэлцэж байгаа нь сайн хэрэг. Төр нь нэг талаасаа ашиглалтын тусгай зөвшөөрөл олгодог. Нөгөө талаас орон нутгийн эсэргүү­цэлтэй тулгардаг. Зөрүүтэй ийм бай­дал үүсэж байгаа гол шалтгаан нь хариуцлагагүй уул уурхай. Тэгэ­хээр тулгамдаж байгаа асуудлаа шийдээд, орон нутагтаа өгөөжтэй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай, улсынхаа эдийн засагт бодитой нөлөө үзүүлэх үйл ажиллагааг хариуцлагатай явуулахын тулд оролцогч талууд санал нэгдэх нь чухал. Нөгөөтэйгүүр, аливаа асуудлыг хувийн эрх ашгийн төлөө улстөржүүлж ашиглах нь олон зүйлийн гацаа болж байна. Ялангуяа уул уурхайн салбарт илүү анзаарагдаж байгаа бэрхшээл гэж болно. 
Хариуцлагатай уул уурхайн зарчмуудыг  биелүүлэх учиртай

“Платинум ланд” компанийн эдийн засгийн зөвлөх Б.ЭНХБААТАР:

Хариуцлагатай уул уурхайн чуулган өндөр ач холбогдолтой. Учир нь уул уурхайн салбарын талаарх ташаа ойлголт нийгэмд хэтэрхий байгааг залруулах нэг боломж гэж харж байна. Нөгөөтэйгүүр хариуцлагатай уул уур­хайг хөгжүүлэхийн тулд компаниуд түүнд шаардлагатай зарчмуу­дыг ягштал биелүүлдэг байх ёстой. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд манай компани 2016 оноос хойш үе шаттайгаар ажлаа эрэмбэлээд явж байна. 2017 онд Төв аймгийн мэргэжлийн хяналтын газартай хамтран зохистой хөдөлмөр аяныг хэрэгжүүлсэн. 2018 онд Төвийн бүсийн уул уурхайн компаниудын дунд “Гамшгийн эрсдэлийн үед иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулсан. 

Энэ мэтчилэн салбарынхаа үйл ажилла­гааг олон нийтэд таниулан сурталчлахын  зэрэгцээ хариуцлагатай байх нь ямар өгөөжтэй болохыг компанийнхаа хэмжээнд бусдад харуулсаар байна. Компаниудын хувьд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд тулгарах хүндрэл харьцангуй бага. Гол нь үйл ажиллагаа явуулж байгаа нутаг дэвсгэрийн оршин суугч ард иргэдийн уул уурхайн талаарх сөрөг ойлголтыг залруулах шаардлага бий. Учир нь нутгийн иргэд байгаль орчныг сүйтгэдэг гэдэг талаас нь харж байгаа учраас хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд зарим талаараа саад болж байгааг хэлмээр байна.